“Номин сүү” компанийн сүү сүүн бүтээгдэхүүнд нутгийн иргэд их л ам сайтай байх аж. Бид ч зорьсон газраа очиход нээрээ л олны хэлснээр харахад өнгө үзэмжтэй, амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь илт байлаа. Хэдийгээр өөрсдийн гэсэн бага хэмжээний хэрэглэгчдийн хүрээллийг бүрдүүлж чадсан ч байгуулагдаад удаагүй компанид тулгамдсан асуудал их. Тиймээс бид “Баялаг бүтээгчдийг л дэмжинэ” төсөл хөтөлбөртөө “Номин сүү” компанийг онцолж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Сонороотой ярилцлаа.
-Анх ааруул үйлдвэрлэж ажлын гараагаа эхлүүлж байсан гэсэн. Одоо хэчнээн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
-Тийм ээ. 2009 онд анх Батширээт суманд сүү компаниа байгуулж байсан. Бид хамгийн гол нь чанартай ааруулыг хэрэглэгч нарт хүргэх зорилготойгоор үйлдвэрлэлээ эхэлж байсан түүхтэй. Харин одоо сүүн ааруулыг 10-аад нэр төрлөөр хийж байна. Мөн хүүхдийн хөлдөөсөн тараг, аарцыг 2-3 нэр төрлөөр гаргаж байна. Цаашлаад чацарганы тараг, аарц гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн цагаан хоолтнуудад зориулан тусгай бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий. Олон олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ олшруулахын төлөө зорьж ажиллаж байна.
-Борлуулалтаа хаагуур хийж байна?
-Борлуулалтаа хотын жижиг хүнсний дэлгүүр болон зарим захуудаар хийдэг.
-Стандартын тоног төхөөрөмж ашиглаж чадаж байна уу?
-Сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж чадахгүй л байна. Хүнсний үйлдвэрлэл маш үнэтэй тоног төхөөрөмж шаарддаг. Бид тараг савладаг машиныг Тайванаас зуучлуулж зээлээр авсан. Багануурт ирээд үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаран болж байна. Тулгамдсан асуудал бол бий. Хамгийн наад зах нь үйлдвэрлэлийн стандартад нийцсэн барилга, бохирт холбогдсон газар тэр тал дээр хүндрэлтэй байгаа. Харин Багануур дүүргийн удирдлагууд биднийг дэмжиж газрын асуудлыг шийдэж өгнө гэсэн.
-Хэрвээ газрын асуудлыг шийдчихвэл үйлдвэрлэлээ эхлэх бүрэн боломжтой гэсэн үг үү?
-Үйлдвэрлэлээ барих газартай болчихвол бидэнд маш том дэм болно гэсэн үг л дээ. Цаашдаа шинэ бүтээгдэхүүн нэмээд борлуулалт нэмэгдэх бүрт боловсруулах хүчин чадлаа нэмнэ.
-Шинэ үйлдвэр ашиглалтад орвол хэчнээн ажлын байр гарах бол?
-Одоо бид 25 хүн ажлын байраар хангаж байна. Цаашлаад 30-40 ажилтантай болох нөөц бололцоо бүрэн бий болно.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас олгодог зээл тусламжид хамрагдаж байсан уу?
-Төрөөс 90 сая төгрөгийн зээл тусламж авсан. Мөн Бат-Ширээт сумандаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 30 сая гаруй төгрөгийн зээл тусламжид хамрагдаж байж үйлдвэрлэлээ анх босгож байлаа.
-Танай ааруулыг амт чанар сайтай гэж иргэд ярих юм. Танай бүтээгдэхүүний амт чанартай байгаа онцлог нь юу бол оо?
-Манайх багануурын иргэн тойронд байгаа малчидын үнээний бэлчээрийн сүүг авч маш хурдан хугацаанд боловсруулж бүтээгдэхүүнээ хийдэг . Тиймээс амт чанартай байдаг. Хамгийн гол нь бэлчээрийн үнээний сүү гэдэг маш их шимтэй шүү дээ.
-Бэлчээрийн сүү фермерийн сүү ялгаатай гэж үү?
-Ялгаатай байлгүй яах вэ. Асар их чанарын ялгаатай. Тийм учраас бид бүтээгдэхүүнээ бэлчээрийн үнээний сүүгээр хийхийг зорьдог.
-Хэчнээн айлтай гэрээтэй ажиллах уу?
-Манайх эргэлтийн мөнгө багатай жижиг үйлдвэр шүү дээ. Тийм болохоор малчид маань сүүгээ зээлээр өгдөг. Багануур дүүргийн 100 гаруй айлаас сүүгээ авдаг.
-Сүүн бүтээгдэхүүний хамгийн гол зүйл нь хадгалалтын горим байдаг шүү дээ?
-Тийм ээ. Бид энэ тал дээр их анхаардаг. Хийж байгаа бүтээгдэхүүнээс ааруулаа хатаагаад хөлдөөгчинд хадгалдаг. Жижиг тараг, аарц маань бас хөлдөөж хадгалдаг учраас хадгалалтын горим хэвийн гэж болно.
-Үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй зүйлс хэр тулгарч байна?
-Хамгийн гол нь борлуулалт том асуудал байдаг. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөлөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Та бүхний энэ нэвтрүүлэг манай борлуулалтад ахиц болно гэдэгт итгэлтэй байна.
-Улаанбаатарын хэрэглэгч нар танай бүтээгдэхүүнийг хэр мэддэг болсон бол?
-Ааруулаараа ер нь танигдсан шүү. Одоо жижиг тараг аарцныхаа сав боодолд илүү анхаарч ажиллахыг хичээж байна. Цаашдаа цагаан хоолтнуудад зориулсан шинэ бүтээгдэхүүн маань худалдан авагч нарт таалагдана гэж итгэж байгаа. Цагаан хоолтнуудад зоиулсан бүтээгдэхүүнээ монголдоо төдийгүй Азидаа гаргах хүсэл тэмүүлэлтэй л ажиллаж байна.
-Үйл ажиллагаагаа танилцуулсанд баярлалаа. Танай хамт олонд улам их амжилт хүсье.