“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэгт үйлдвэрлэл явуулж буй “Долоон болдог” ХХК-ийн “Kitchen all” брэнд тавилгын үйлдвэртэй танилцлаа. Тус компани нь 2002 онд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 200 гаруй ажилтантай, дөрвөн сүлжээ дэлгүүртэй, Монголын хамгийн том тавилгын үйлдвэр болтлоо өргөжжээ. “Кitchen all” брэнд тавилгын дэлгүүр нь Монголдоо анх гал тогооны тавилга үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн компани юм. “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үйлдвэрлэх” гэсэн уриатай тус хамт олон өнгөрсөн онд бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. “Долоон болдог” ХХК-ийн дэд захирал Г.Батболдтой ярилцлаа.
“Кitchen all” брэнд тавилгын дэлгүүр нь Монголдоо анх гал тогооны тавилга үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн компани юм
- Гал тогооны тавилга хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
- "Долоон болдог" компани нь 2004 онд гал тогооны тавилга, шүүгээ үйлдвэрлэж Монголын анхдагч тавилга үйлдвэрлэлийн компани болж үүсгэн байгуулагдсан. Тухайн үед гал тогооны тавилгыг дотооддоо хийнэ гэсэн зорилгоор үйлдвэрлэлээ эхэлж байсан. Тэр цагаас хойш арав гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, гал тогооны тавилга, хувцасны өрөө, хувцасны шүүгээ зэргийг үйлдвэрлэж өнөөдөр үндэсний тэргүүлэгч компани болж өргөжлөө. Манай компани одоогоор 200 гаруй ажилтантай. Гал тогооны тавилга болон цахилгаан барааг Монголын зах зээлд санал болгох зорилгоор 2006 онд “Евро электроникс” компанийг байгуулсан. Энэхүү компани нь Германы “Ханза”, Словенийн ”Горенье”, Испанийн “Тека” гэсэн Европын нэр хүндтэй брэндүүдийг монголын зах зээлд худалдаалдаг.
Гал тогооны тавилгыг дотооддоо хийнэ гэсэн зорилгоор үйлдвэрлэлээ эхэлж байсан
- Компанийн онцлог давуу тал юу вэ?
- Манай компани гэр ахуйн цахилгаан барааны худалдаа, гал тогооны тавилга үйлдвэрлэлээрээ туршлагатай. Өнгө, загварын өргөн сонголттой гал тогооны болон гэр ахуйн барааг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Түүнчлэн бид 2014 оноос эхлэн үйл ажиллагаандаа мэргэжлийн зургийн программыг ашиглаж эхэлсэн. Энэхүү зургийн программ нь хэрэглэгчид захиалж буй тавилгаа бодит зургаар харж, алдаагүй захиалга өгөх боломжийг олгодог.
- Танай хамт олны цаашдын зорилго юу вэ?
- Манай хамт олон Монголдоо гэр ахуйн болон бүх төрлийн тавилга үйлдвэрлэхийн зэрэгцээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд бид зах зээлээ судлан, бизнес төлөвлөгөө боловсруулж 2010 оноос хойш эрчимтэй ажилласны үр дүнд 2014 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Монголдоо гэр ахуйн болон бүх төрлийн тавилга үйлдвэрлэхийн зэрэгцээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна
- Бүрэн автомат үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
- Манай үйлдвэр арван мянган метр квадрат талбайтай. Австри, Герман, Итали зэрэг улсын нэр хүндтэй бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Жилдээ арван мянга орчим гал тогооны болон гэр ахуйн тавилга бусад оффисын тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орсноор манай компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөхөөсөө 3-4 дахин нэмэгдсэн.
Үйлдвэр ашиглалтад орсноор манай компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөхөөсөө 3-4 дахин нэмэгдсэн
- Бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилго бий юу?
- Тэгэлгүй яахав. Импортоор орж ирж буй бүх төрлийн тавилгыг эх орондоо үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын бусад улсууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой. Тухайлбал, ОХУ, Казахстан зэрэг улсуудад тавилга нийлүүлэх арга замыг хайж байна. Мөн бид гаднын мэргэжилтнүүдийн ур чадварыг түлхүү ашигладаг. Шинэ үйлдвэрт ерөнхий зөвлөхөөр тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан Грек улсын иргэн Жорж Гламарас, үйлдвэрийн даргаар мөн тус улсын мэргэжилтэн ажиллаж байна.
Импортоор орж ирж буй бүх төрлийн тавилгыг эх орондоо үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын бусад улсууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой
- Тавилга үйлдвэрлэлийн салбар үргэлж шинийг эрэлхийлэхийг шаарддаг. Дараагийн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ямар онцлогийг мэдрүүлэх бол?
- Аливаа үйлдвэрлэл явуулж байгаа компани үргэлж шинийг эрэлхийлж бусдаас ялгарахыг эрмэлздэг. Тиймдээ ч манай хамт олон 2015 онд зах зээлд шинэ бүтээгдэхүүн санал болгохоор ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүний ерөнхий шийдлийг Италийн дизаины оффистой хамтран гаргасан. Цаашид бид Монголын тавилгын стандартыг шинэ түвшинд гаргаж, олон улсын жишигт нийцсэн стандартаар ажиллана. Энэ дашрамд дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэгчиддээ санал болгох бүрэн боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Манай хамт олон 2015 онд зах зээлд шинэ бүтээгдэхүүн санал болгохоор ажиллаж байна
- Үйлдвэртээ тоос соролтын системийг нэвтрүүлсэн нь анхаарал татлаа. Энэ талаар танилцуулахгүй юу?
- Тэгэлгүй яахав. Дэлхийн стандартын бүх л үйлдвэрүүд тоос соролтын системийг ашигладаг. Энэхүү систем нь тоног төхөөрөмжнөөс гарч байгаа модны үртсийг автоматаар сорж авдаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг давхар хангадаг. Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш нарийн ширхэгтэй үртэс гардаг. Бид удахгүй модны үртсийг соруулж шахмал түлш бэлтгэхээр ажиллаж байна.
Дэлхийн стандартын бүх л үйлдвэрүүд тоос соролтын системийг ашигладаг
-Баярлалаа. Зорилгоо биелүүлсэн өрнүүн их амжилтаар биднийг дахин угтаарай.
- Баярлалаа.Танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.