Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянга орчим тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК Монгол улсын баялаг бүтээгч үйлдвэрүүдийн нэгээр зүйл ёсоор тооцогдох билээ. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан хоёр удаагийн таван жилийн хугацаанд /1976-1986 онд/ Монгол Улсын үйлдвэрлэлийн үндсэн фонд 2.4 дахин, үндсэний орлого 1.8 дахин, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 2.5 дахин, уул уурхайн бүтээгдэхүүн 18.7 дахин нэмэгдсэн байдаг. Тиймээс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн завод, шинэ өргөтгөл, Ган бөөрөнцөг зуух цех зэрэг гурван үйлдвэрийг онцоллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын Үйлдвэр техникийн товчооны дарга Д.Мөнхсайхан
-Засвар механикийн завод нь хэдэн онд байгуулагдаж байв. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Засвар механикийн завод нь 1978 онд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн урсгал болоод их засваруудыг хийх, элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах, тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг шинээр үйлдвэрлэх зорилготойгоор байгуулагдсан юм. Өнөөдрийн байдлаар манай заводод 651 хүн ажиллаж байна. Үүний 98 нь инженер техникийн ажилчид.
-Жилдээ хэчнээн төрлийн эд анги үйлдвэрлэж, сэргээн засварладаг вэ?
-Манайх жилдээ 55 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд 5000-5500 тонн цутгамал бүтээгдэхүүн, 2000 тонн металь боловсруулалтын эд анги, 800-1000 тонн металь хийц, стандартын бус тоног төхөөрөмж, 80-100 тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн сүүлийн жилүүдэд буюу эдийн засаг хүндэрсэн үеэс гадаадаас авдаг бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг багасгаж, боломжтой бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх гэсэн Ерөнхий захирлын тушаал 2003 онд гарсан байдаг. Энэ тушаалын дагуу гадаадаас худалдаж авдаг байсан бүтээгдэхүүнээ боломжоороо дотооддоо үйлдвэрлэх үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Ингэснээр өнгөрөгч онд манай үйлдвэр дээрх тушаалын хүрээнд 3.7 тэрбум төгрөгний ашиг олсон байдаг.
-Засвар механикийн завод гэхээр дан ганц Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг угсарч, шинээр хийдэг үү?
-Үгүй ээ. Эрдэнэт үйлдвэрээс гадна Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, компаниудын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд, жилд дунджаар 50-60 компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ингэснээр сүүлийн үед дотоод дахь зах зээлээ өргөжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Оюу-толгой” компанитай үйл ажиллагааны шугамаар хамтарч ажиллах гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Мөн тэдний захиалгаар анхны бүтээгдэхүүн хийгдсэн байгаа. Энэ нь цаашдаа өргөжиж “Оюу-толгой”-н дийлэнх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн өргөтгөл хариуцсан мэргэжилтэн, Баяжуулах фабрикийн даргын зөвлөх Р.Дэлгэр: Энэхүү өргөтгөл баридсанаар Эрдэнэ хотоос гадна улсад ч маш том үр ашгаа өгнө.
-Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл баригдсанаар жилд улсад өгдөг татвараас гадна шинэ ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талууд бий болох учиртай. Өргөтгөлийн ажил хэзээнээс эхлэв ээ?
-Өргөтгөл барих болсон гол шалтгаан нь хүдэр боловсруулах хэмжээгээ нэмэгдүүлэх юм. Ингэснээр 2010 онд судалгаа хийж Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн өргөтгөл хийе гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд өргөтгөлийнхөө техник эдийн засгийн үндэслэлийг хийх, төслийг боловсруулах ажлыг 2011, 2012 онд явуулж, 2014 оны дөрөвдүгээр сараас шийдвэр гарч долдугаар сараас бүтээн байгуулалтын ажилдаа орсон. Жилийн дотор өргөтгөлийн ажлаа дуусгаад 2015 оны зургадугаар сарын 20-нд нээлтээ хийх гэж байна.
-Хүдэр боловсруулалт жилд зургаан сая тонноор нэмэгдэх уг өргөтгөлийг жилийн хугацаанд дуусгана гэдэг амаргүй ажил. Хаанаас ямар ямар тоног төхөөрөмж суурьлуулсан бэ?
-Тийм ээ. Эхлээд эдийн засгийн тооцоогоо хийхдээ өргөтгөл гэдэг утгаараа орчин үеийн дэвшилтэд техник технологийн төхөөрөмжийг сонгосон. Судалгааны үндсэн дээр БНХАУ-ын “CITIC” компанид үйлдвэрлэдэг хагас өөрөө нунтаглах 9.75 метрийн диаметртэй тээрэм, мөн 6.75 диаметртэй бөмбөлөгт тээрэм, Австрали улсад үйлдвэрлэсэн “METSO” фирмийн конусан бутлуур, Австри улсын “IFE” фирмийн шигшүүр, ОХУ-ын хацарт бутлуур гэх мэт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж, суурьлуулсан.
-Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хэр нэмдэгдэх вэ?
-Бид өмнө нь жилдээ 26 тонн хүдэр боловсруулдаг байсан бол өргөтгөл баригдсанаар энэ тоо зургаан саяар нэмэгдэж байгаа юм. Зэсийн баяжмал 113000 тонноор нэмэгдэж, 26000 тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Ингэснээр жилдээ 12 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломж бүрдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнөөдрийн байдлаар улсын болоод орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын санд 460 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Энэ үйлдвэр ашиглалтад орсны дараа ирэх оноос бидний тооцоолж буйгаар бол 70 гаруй тэрбум төгрөг нэмэж төлөгдөх юм. Энэ мэтчилэнгээр шинэ өргөтгөл маань үр ашгаа өгч эхэлнэ дээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ган бөөрөнцөг зуух цехийн цахилгаан механикч С.Сумьяабазар: Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хамтарч ажиллаж байна.
-Ган бөөрөнцөгийн цех хэзээ байгуулагдсан бэ. Ган бөмбөлөг нь ямар зориулалтаар ашиглагддаг вэ?
-Ган бөөрөнцөг зуух цех Итали улсын Даниель Центро нэгдлийн хөрөнгө оруулалттайгаар 1996 онд байгуулагдаж байсан. Тухайн үедээ 51 хувь нь Эрдэнэтийнх, 49 хувь нь хувийн статустай байсан. Ган бөөрөнцөг нь хүдрийг нунтаглахад ашигладаг байгаа. 42 ажилтантай. Манай цехийн гол онцлог бол Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн тээрмийн гол түүхий эд болох ган бөөрөнцөгийг үйлдвэрлэдэг.
-Жилдээ хэчнээн тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Мөн хэчнээн төрлийн хэмжээгээр үйлдвэрлэдэг вэ?
-Жилдээ 50 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. 50 мянга гэдэг тоо маань ямар диаметртэй бөөрөнцөг үйлдвэрлэж байгаагаасаа шалтгаалаад янз бүр гарна. 100 мм-ийн диаметртэй ган бөөрөнцөг бол жилд 60 мянган тонн, 60 мм-ийнх жилдээ 45 мянган тонн, 40 мм-ийн ган бөөрөнцөг үйлдвэрлэвэл 20 мянган тонн байдаг. Одоогийн байдлаар ихэвчлэн 80 мм-ийн ган бөөрөнцгийг үйлдвэрлэдэг. Үүнийг үйлдвэртээ 100 хувь хангаж байна. 2013 онд 22074 тонн ган бөөрөнцөг, 2014 онд 25074 тонн ган бөөрөнцгийг үйлдвэрлэсэн байдаг. Ерөнхийдөө баяжуулах фабрикийн 80 мм, 40 мм -ийн ган бөөрөнцгийг 100 хувь хангаж байна. Мөн үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн дулааны станцын 40 мм-ийн ган бөөрөнцгийг 100 хувь хангадаг. Харин энэ ондоо нийтдээ 13 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэчихсэн байна. Мөн 100 мм-ийн ган бөөрөнцгийг шинээр үйлдвэрлэж, одоогоор дөрвөн сарынхаа нөөцийг буюу 1000 тонныг хийчихсэн байна. Үнийн хувьд нэг тонн нь диаметрээсээ шалтгаалаад 1.800.000-2.000.000 хооронд гардаг.
-Ган бөөрөнцгийн гол түүхий эд бол мэдээж ган металь. Түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ?
-2013 оноос өмнө манай үйлдвэрийн ихэнх ган бөөрөнцөгийн хэрэглээгээ гаднаас авдаг байсан. 2012 онд 60 тэрбум төгрөгийг гадны улсад зарцуулсан байдаг. Харин энэ гадаадруу урсаж байсан валютыг бид 2013, 2014 онд дотооддоо барьж чадсан. Үүний хажуугаар үндсэн түүхий эдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авдаг. Одоогийн байдлаар 40 мм, 80 мм-ийн ган бэлдэц авч байна. 2012 онд Дарханы төмөрлөгөөс 45 тэрбум төгрөгний бэлдэц, 2013 онд 38 тэрбум төгрөгийн бэлдэц авсан. Энэ маань нэг ёсондоо дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байна гэсэн үг. Мөн ган бөөрөнцгийн гол түүний эд болох бэлдэцээс гадна, уг бэлдэцээ халааж, хайлуулах зуухаа дизель түлшээр ажиллуулдаг. Харин үүний оронд нүүрс шатааж, түүнийхээ хийг ашиглаж зуухаа халаах гэж байгаа. Ингэснээр бид урьдчилсан тооцоогоор жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцоолж байна. Мөн үүнтэй зэрэгцээд шинэ ажлын байр бий болж байгаа. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хэмнэлтийн горим барьж янз бүрийн судалгаа шинжилгээ их хийгдэж байна.