Шинэ болон хуучин барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилготой олон шинэ материал, технологи нэвтэрч байгаагийн нэг нь "foam polyurethane" буюу полиуретан хөөсөн материал юм.
Энэ материалыг анх 1930-аад онд Германд гаргаж авсан бөгөөд дулаан сайн тусгаарладаг, хөнгөн, гал дэмждэггүй чанараар нь нисэх онгоц, танк зэрэг цэргийн техникт өргөн хэрэглэж, халуун хүйтэн уур амьсгалтай бүх л орнуудад барилгын дулаан тусгаарлагчаар ашиглаж байна.
Полиуретан хөөсийг барилгын дулаалгын хавтан, сэндвич хавтан хийх, шугам хоолой дулаалах, хөргөгч, хөлдөөгч, нарны эрчим хүчээр ажилладаг ус халаагчийн дулаан тусгаарлагч, хамгаалалтын хаалга, усан онгоц, гэрийн модон тавилга зэргийг хийхээс гадна төрөл бүрийн бүтээгдэхүүнд хавчуурга, чигжээс, савалгааны материалын зориулалтаар ашигладаг байна.
Энэхүү шинэ технологийг өөрийн оронд нэвтрүүлж байгаа хамт олон бол "ЭБМАТ" ХХК юм. Бид "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөртөө тус компанийг онцоллоо.
-Үйлдвэр байгуулах санааг хэрхэн, хаанаас олж байсан бэ?
-Манай орны уур амьсгал их хүйтэн. Тийм учраас барилгыг дулаалах нь их чухал асуудал байдаг болохоор би энэ талаар нэлээд судалгаа хийсний үндсэн дээр өнөөгийн байдлаар хамгийн сайн дулаалгын материал бол шар хөөс юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд энэхүү "foam polyurethane" буюу полиуретан хөөсөн материалыг сонгож үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр шийдсэн. Энэ нь сүүлийн үед ОХУ-д ихээхэн дэлгэрч байгаа нэн ашигтай технологи юм.
Гадуураа тоосгон өнгөлгөөг голчлон хийдэг ч хэрвээ хүсвэл мод, пилта гээд материал, өнгөний сонголт сайтайгаас гадна тоосгоо том жижиг болон зузаан нимгэн гэх мэт маш олон гадаргуутайгаар хэрэглэж болно. Мөн хөөсийг нь ч 6, 8, 10 см-ийн зузаантайгаар хийдэг. Бид тоосгон өнгөлгөөг нь гаднаас авчраад шар хөөсөөр дулаалгын хавтангаа шууд үйлдвэрлэж байгаа нь гадна фасад, дулаалга хоёрыг нэг зэрэг шийдсэн бүтээгдэхүүн болж өгч байгаа юм.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ. Үйлдвэрийн хүчин чадал, технологи ажиллагааг нь тайлбарлаж өгөхгүй юу?
-Түүхий эдээ одоогоор Солонгос, Хятад улсаас авдаг. Цаашдаа Оросоос авахаар хөөцөлдөж байгаа. Учир нь чанарын хувьд Европынх нь арай илүү байдаг юм.
Үйлдвэр өдөртөө 100 м.кв хавтан, жилд 42000 м.кв хавтан үйлдвэрлэх боломжтой. Тоног төхөөрөмж маань хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Полиуретан хөөс нь А, В найрлагатай, цутгаж барьцалдуулдаг хөөсөрдөг полимер материал юм. А бүтээгдэхүүний найрлагад полиол, катализатор, бэхжүүлэгч, гал эсэргүүцэх болон хөөсрүүлэгч бодис ордог. В найрлагад изиоцианат орно. Эдгээрийг нийлүүлж манайхны хэрэглэдэг шар хөөсийг гаргаж авдаг бөгөөд өнгөлгөөний тоосгон дээр жигд шахаж бүтээгдэхүүн бэлэн болдог гэж ойлгож болно.
Гар ажиллагаа ихтэй ч бүтээмж өндөртэй. Өдөрт 100м.кв бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 1-2 долоо хоногт 5-9 давхар байшинд хангалттай хүрнэ гэсэн үг. Ер нь хүчин чадал гологдохгүй. Харин цутгалтын машин бол хүчин чадал маш өндөр.
-Борлуулалт ер нь хэр байгаа вэ. Шинэ бүтээгдэхүүн гэдэг талаасаа нэлээд сурталчилгаа шаардах байх?
-Монголд анх удаа хийгдэж байгаа барилгын шинэ төрлийн материал учраас хүмүүс их сонирхож, судлаж эхнээсээ ашиглаж байгаа. Бид ч бас шинэ технологи сурталчилсан, барилгын салбарын үзэсгэлэнгүүдэд оролцдог. Мөн интернет орчимд сурталчилгаа нэлээд хийдэг.
-Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал нь юу вэ?
-Одоо барилгын гадна талыг 10 см-ийн зузаантай хөөсөөр дулаалаад фасадны шавардлага хийгээд л өнгөлж байгаа. Үүнийг арваад жилийн настай гэж үздэг. Харин энэ полиуретан бол галд тэсвэртэй. Дулаан хадгалах чадвар нь хөөсөнцрөөс 80 хувь илүү байдаг. Үзэмжийн хувьд ч гэсэн гаднаас нь харахад өнгөлгөөний тоосгоор өрчихсөн юм шиг харагддаг хэрнээ давхар дулаалгын асуудлыг нь шийдсэн байдаг учраас эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай юм. Полиуретан гэдэг материал маань өөрөө маш их цавуулаг шинж чанартай болохоор тоосго дулаалгын материалтайгаа шууд барьцалдаж наалддаг тул хуулрана гэсэн асуудал байдаггүй.
Мөн бүтээгдэхүүн маань стандарт хэмжээтэй учраас барилга барьж буй ямар ч хүн хана цоолох өрөм, тэлэгчтэй боолт байхад л өөрөө угсрах боломжтой.
-Үйлдвэрээ цаашид хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Монголд полиуретаны үйлдвэр эхний шатандаа явж байна. Одоогоор шүршдэг полиуретаны үйлдвэр л байдаг. Полиуретан гэдэг нь өөрөө маш том салбар юм. Ганцхан дулаалгын материал үйлдвэрлээд зогсохгүй резин, резинэн будагнаас гадна хатуулаг шинж чанартай бүх материалыг хийж болдог. Бид энэ үйлдвэрлэлээ эхэлснээс хойш маш олон судалгааг хийж байна. Зөвхөн барилгын салбарт гэхэд өргөн хүрээнд ашиглаж болно. Үүнийхээ үндсэн дээр барилгын дотор заслын төрөл бүрийн хүрээ болон гоёл чимэглэлийн зүйлс хийнэ. Цаашдаа хөшөө дурсгал, мөн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг ч хийж болно.
-Сүүлийн үед барилгын материалд "эко" үнэлгээг шаарддаг болсон. Танай бүтээгдэхүүний хувьд энэхүү үнэлгээг хэрхэн хангах бол?
-Полиуретан бол 100 хувь эко материал. Үйлдвэрлэлийн явцад химийн хог хаягдал гарах тохиолдол байдаггүй. Мөн барилгын дулааныг хадгалж байгаа гэдэг маань өөрөө экологит үзүүлж байгаа маш том ач холбогдол юм.
-Тэгвэл эдийн засгийн ач холбогдлыг нь бодит тооцоогоор хэлж өгч болох уу?
-Нэг м.кв талбайд 58 ширхэг өнгөлгөөний тоосго ордог. Тэр өнгөлгөөний тоосго ширхэг нь 1000 төгрөгний үнэтэй гэж бодохоор 58000 төгрөг болж байгаа юм. Дээрээс нь дулаалгын хөөсөнцөр, шилэн хөвөн хэрэгтэй болохоос гадна адаглаад л тоосгоо өрөх цементээ тооцвол үнэ нь улам бүр нэмэгдэнэ. Гэтэл өнгөлгөө дулаалгынхаа асуудлыг нэг дор шийдчихсэн энэхүү бүтээгдэхүүн нэг м.кв нь 58000 төгрөгний үнэтэй. Ажиллах хүч, хийх ажиллагаа, цаг хугацаа хэмнэх тал дээрээ ч ашигтай. Нэг хавтан 14 кг байдаг учраас хоёр хүн хамтраад өрөөд угсарчихна. Түүнчлэн олон сөрөг талтай байдаг учраас барилга өөрөө нойтон технологиос татгалзаж хуурай технологит шилжиж байгаа гэхчлэн ашигтай давуу талууд үнэхээр их байгаа юм.
-Борлуулалтаа яаж хийдэг вэ. Одоо барилгын улирал эхэлж байгаа шүү дээ. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байгаа юу?
-Одоохондоо ямар нэг худалдааны цэг ажиллуулаагүй. Борлуулалтаа ерөнхийдөө интернет орчинд хийж байгаа. Бид захиалагчдаа хүлээлт үүсгэхгүй байх талаас нь бодолцож үзээд өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж бүтээгдэхүүнээ хийгээд бэлдчихсэн. Одоогоор хоёр компанитай гэрээ байгуулаад ажиллаж байна. Шинэ технологи гэдэг утгаараа хүмүүст дөнгөж танигдаж эхэлж байгаа учраас борлуулалт төдийлөн сайн биш байгаа.
-Өмнө нь манайд ийм үйлдвэр байгаагүй. Тэгэхээр ажилчдаа хэрхэн сургасан бэ?
-Манайх одоогоор дөрвөн ажилчинтай. Юуны өмнө бид үйлдвэрээ байгуулахдаа хоёр жил судалгаа хийсэн. Мөн үйлдвэрийн технологи, зааварчилгааны талаар тоног төхөөрөмж нийлүүлсэн газраас хүмүүс ирж сургалт явуулсан. Тийм болохоор одоо ажиллагаа, засвар үйлчилгээ тал дээр өөрсдөө бүгдийг хийчихдэг болсон.
-Үйлдвэрээ анх байгуулахдаа ямар нэг төсөл, зээл тусламжид хамрагдаж байсан уу?
-Бид эхлээд 888 төсөлд хамрагдаж, төсөл маань шалгарсан ч яг банкинд очиход шинэ бизнес гээд дэмжээгүй. Тийм болохоор бид газраа авахаас эхлээд үйлдвэрээ байгуулах хүртэл бүх зүйлээ өөрсдийнхөө хөрөнгөөр бий болгосон.
-Үйлдвэрлэл явуулаад 4-5 сар болчихсон байна. Ирээдүй нь хэр харагдаж байна?
-Бид эхэлж авчирсан түүхий эдээрээ 50-аад сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлээд цаана нь хориод сая төгрөгний бараа үлдсэн байна. Үүнийгээ зарчихвал болох гээд байна. Ер нь хэрэглэгчиддээ сайн ойлгуулж чадвал манай бүтээгдэхүүн их ирээдүйтэй шүү. Одоо нийслэлд гэхэд 1072 хуучин барилга байгаа. Түүний 25 хувийг манайх гурван сарын хугацаанд бүрэн дулаалах хүчин чадалтай. Гэтэл иргэд маань өөр өөрсдийнхөө тэрүүхэн хэсгийг алаг цоог дулаалсан нь хотын өнгө үзэмж, чанарын хувьд төдийлөн сайн зүйл биш юм. Хэрвээ нийтээрээ энэ хавтангаар дулаалбал адаглаад тухайн байрны үнэ ханш ч өсөх магадлалтай юм.
-Монголд шинээр нэвтэрч байгаа технологи учраас шантрах үе гарч байв уу?
-Шантрах үе гарч байсан. Гэхдээ энэ полиуретан гэдэг бүтээгдэхүүнээр зөвхөн барилгын материал гэхгүй өөр олон төрлийн зүйл хийж болдог учраас ирээдүйгээ их гэрэлтэйгээр хардаг л даа.