Манай улсын хамгийн томд тооцогдох мод боловсруулах үйлдвэр “Эм си лог хаус” ХХК-ийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан зорьсон юм. 2015 оны 5-р сард мод боловсруулах шинэ үйлдвэр байгуулсан тус компани шинэлэг загвар, чанартай бүтээгдэхүүнээр зах зээлд өөрсдийн байр суурийг бүрдүүлж чаджээ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилготой тус компанийн захирал С.Батсүхийн ярианаас хүргэе.
Танайхыг мод боловсруулах чиглэлээр улсдаа төдийгүй зүүн Азид томд тооцогдох үйлдвэр гэж сонссон?
Тэр үнэн. Бид 2013 оны 8-р сард 23.7 мянган метр кв талбайтай үйлдвэрийнхээ шавыг тавьж байсан. Монгол Улсын Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд хэд хэдэн оновчтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин манай компани “888” төслийн импортыг орлох чанартай бүтээгдэхүүн төрөлд барилгын материалын үйлдвэрүүдээс ганцаараа шалгарч, жилдээ 20.000 м/куб мод боловсруулах хүчин чадалтай үйлдвэрээ байгуулсан. Одоогоор Сибирийн ойн сайн чанарын модыг эх орондоо авчирч, өөрсдөө боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна. Зүүн Азид ч ийм цогц, том үйлдвэр ховор юм билээ.
Танай компанийн зах зээлд нийлүүлж байгаа голлох бүтээгдэхүүн нь юу вэ?
Манай компаниас зах зээлд дүнзэн байшин, цулгуй наамал модон хавтан, барилгын модон хаалга, цонх, бүх төрлийн модон тавилга, эдлэлийг үйлдвэрлэдэг. Одоогоор манай улсын модны үйлдвэрүүд дан ганц мод хатаах, эсвэл тавилга үйлдвэрлэх, хавтан хийх зэрэг төрөлжиж л ажиллаж байгаа. Бид түүхий эдээ ОХУ болон Сэлэнгэ аймгийн Бугантаас авдаг. Тэндээс авчирсан мод эцсийн бүтээгдэхүүн болтлоо хэчнээн шат дамжлага дамжиж болох, тэр бүхнийг үйлдвэртээ хийж байна.
Тоног төхөөрөмж хангалттай юу. Сард хэчнээн хэмжээний захиалга авах боломжтой вэ?
Тайванийн сүүлийн үеийн бүрэн автомат 37 нэр төрлийн 90 гаруй тоног төхөөрөмж манай үйлдвэрт бий. Зөвхөн хатаах камер маань сард 600 м/куб банз хатаах хүчин чадалтай. Жилдээ 20 мянган шоо метр мод боловсруулах хүчин чадалтай бөгөөд дунджаар 220 гаруй вагон модтой тэнцэнэ. Цэвэр модон байшингийн хувьд сардаа тав, жилдээ 60 орчмыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ ийм хэмжээний байшинг бид бүрэн хүчин чадлынхаа 30 хувиар л босгож чадна. Өөрөөр хэлбэл, бид жилд зөвхөн модон байшин 200-г үйлдвэрлэх чадалтай. Үүнээс гадна барилгын болон ахуйн хэрэглээний модон эдлэлүүд, цулгуй хавтан, хатаасан банз гээд олон бүтээгдэхүүн гаргах боломжтой болохоор импортын ихэнх хувийг орлож чадна.
Тэгэхээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадна гэсэн үг үү?
Модон мебель бүтээгдэхүүний үнэт түүхий эд нь цулгуй наамал хавтан байдаг. Манай улсын жилийн хэрэгцээ нь 5000-6000 шоо метр хавтан гээд бодохоор 100 хувь үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангаснаар жил бүр Хятад улсаас импортолж буй 5000 гаруй шоо метр цулгуй наамал хавтанг худалдан авахад зарцуулж буй 20 сая гаруй юанийг эх орондоо үлдээж байна гэсэн үг шүү дээ.
Таны ярианд наамал дүнзний талаар дурьдагдаж байна. Энгийн дүнзнээс юугаараа ялгаатай юм бэ?
Барилгын ердийн материалд байдаг дутагдалтай талууд наамал дүнзэнд байдаггүй. Үүний тод жишээ нь гажилт, цууралт огт үүсдэггүйн дээр хорхой иддэггүй. Мөн энгийн дүнзийг бодвол суулт өгөх нь дөрөв дахин бага. Наамал дүнзээр хийсэн яс мод, палкны ачаалал даах чадвар өндөр байдаг. Цулгуй наамал хавтан ч ялгаагүй. Хагарч, цуурч хэвээ алдахгүйн дээр хоёр талдаа дээд зэрэглэлийн өнгөлгөөтэй болохоор шууд будаж, өнгөлөх боломжтой байдаг. Ийм л ашиг тустай материалыг бид эх орондоо үйлдвэрлэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Харилцах утас: 94023132, 94053132