“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” булангийн энэ удаагийн дугаарт “Рокмон” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж байна.
“Рокмон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Золжаргал
Сайн байна уу. Юуны өмнө компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?
Манай компани нь 1997 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөг хүртэлх хугацаанд барилга угсралт, оффисын түрээс, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, аялал жуулчлалын салбарт бизнесийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байна. Барилга угсралтын чиглэлээр 1997-2013 онуудад өөрсдийн хөрөнгө оруулалтаар 500 орчим айлын 10-13 давхар орон сууцны барилга болон оффис төв, ресторан үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрийн обьектуудыг барьж ашиглалтад оруулсан. Мөн 1998, 2000 онуудад “Нийслэлийн шилдэг барилгын компани”, 2002-2005 онуудад барьсан барилга байгууламжууд нь “Шилдэг топ барилга”-уудаар удаа дараа шалгарч байсан төдийгүй мөн хугацаанд нийт 60 гаруй барилга байгууламж, объектуудад үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцож байсан бүтээлч баялаг түүхтэй хамт олон юм.
Бетон зуурмагийн үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн бэ?
2007 оноос хойш барилгын материал үйлдвэрлэлийн салбарт нийслэлийн баруун болон зүүн жигүүрт бетон зуурмагийн үйлдвэрлэлийг шинээр эхлүүлсэн. Тус компани маань цагт 150 болон 180 м.куб хоногт 1500-1800м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн хүнд даацын 50 гаруй машин техниктэй авто бааз, 1500м.кв талбайтай 60 автомашины дулаан граж, ажилчдын амралтын байр, зоогийн газар, хоёр давхар үйлдвэрийн оффис болон 2000 тоннын багтаамжтай цементийн агуулах, шатахуун түгээх дэд станц, 100 тоннын даацтай хоёр автомат пүү зэрэг иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор бүхий эдгээр үйлдвэрүүдэд нийт 120 гаруй ажилтан, ажиллагсад 24 цагийн туршид гурван ээлжээр ажиллаж байна.
Танай үйлдвэрүүд техниз технологийн хөгжилтэй хэр хөл нийлүүлж чадаж байна?
Мэдээж хэрэг хоцрохгүйг хичээж ажилладаг. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх хуваарийн дагуу 24 цагийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай бетон зуурмагийн үйлдвэрүүд нь бүрэн автомат ажиллагаатай тул оператор хяналтын хэсэг нь үйлдвэрлэгдэж буй бетон зуурмагийн орц, найрлагын нормыг стандартын дагуу байгаа эсэхэд хяналт тавьж, бүтээгдэхүүний чанарыг дээд түвшинд байлгахыг зорин ажилладаг. Одоогоор манай компани
-Шинэчлэгдсэн иж бүрэн авто парктай.
-25 тоннын багтаамжтай түлшний дэд станцтай.
-Том оврын машины дулаан гражтай.
-Ажиллагсадаа тав тухтай орчинд амраах амралтын байр болон цайны газар, халуун усны асуудлыг бүрэн шийдсэн.
-800 тоннын цементний агуулахтай.
-50 квт хүчин чадал бүхий генератор нэмэлт цахилгаан үүсгэвэртэй
-Нийт 100 гаруй ИТА болон мэргэшсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Компанийнхаа давуу талаас дурдаач?
Нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын аль ч цэгт түргэн шуурхай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх бүрэн боломжтой. Мөн Бетон блокийн үйлдвэр маань иж бүрэн тоноглогдсон лабораторитой. Тус лабраторидоо түүхий эд болох элс, хайрга, дайрга, цемент, нэмэлт бодисуудаа шинжлэн MNS:118598 стандартын дагуу бетон зуурмагаа үйлдвэрлэн гаргадаг. Барилга угсралт болон барилгын захиалагч компаниудын хувьд бетон зуурмагийн үйлдвэрүүдээс Бетоны чанар стандарт, Ажлын гүйцэтгэл гэсэн үндсэн хоёр хүчин зүйлийг шаарддаг. Харин бид энэ хоёр хүчин зүйлийг бүрэн дүүрэн хангаж ажилладаг.
Бетоны чанар стандарт ямар байх ёстой вэ?
Бетон зуурмагийн чанарт нөлөөлөх үндсэн хүчин зүйл нь ус, элс, хайрга, дайрга цемент болон нэмэлт бэхжүүлэгч бодис зэрэг түүхий эд байдаг тул бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм стандартын дагуу өөрсдийн лаборатори болон хөндлөнгийн Барилга Архитектур Корпорацийн магадлан итгэмжлэгдсэн лабораторид түүхий эдийн материал болон үйлдвэрлэн гаргаж буй бетон зуурмагийн дээжээ өдөр тутам шинжлүүлэн баталгаажуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Иймд бидний үйлдвэрлэж буй бетон зуурмаг нь чанарын шижилгээний давхар хяналттай, норм стандартын шаардлагыг бүрэн дүүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрдэг.
Харилцагч байгууллагууддаа өндөр чанарыг яаж амлаж чадах вэ?
Манай компани нь харилцагч байгууллагадаа захиалгат бетон зуурмагийг нийлүүлэхэд ус, элс, хайрга, дайрга болон цемент зэрэг түүхий эдийн цогц шинжилгээг сар бүр иж бүрнээр хийдэг. Ингэснээр М100-М400 маркын бетон зуурмагыг туршилтын журмаар үйлдвэрлэн урьдчилсан байдлаар сорилт туршилт явуулан дээж авч, тусгай вакумжсан орчин бүхий технологийн хадгалалттай төхөөрөмжинд 10-12 цаг ууранд байлгаж богино хугацаанд түргэвчилсэн аргаар бетоны бат бэхийг авахуулдаг. Үүний дараа авсан бетоны сорьцоо бат бэх шалгагч пресс машинд шахаж, лабораторийн хэмжих багаж хэрэгслээр бетоны маркийг тодорхойлсоны дараа маркандаа хүрсэн MNS:118598 стандарын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг харилцагчиддаа хүргэдэг. Бид өөрийн лабораторидоо 7, 14, 28 хоногийн хугацаанд бетоны бат бэхийг тодорхойлон шалгаж өгдөг гэсэн үг. Мөн 28 хоногийн бетоны бат бэхийн сорьцыг Барилга Архитектур Корпорацийн итгэмжлэгдсэн лабораторид давхар шалгуулан баталгаажуулсаны үндсэн дээр харилцагч байгууллагууддаа шинжилгээний дүнг тухай бүрт нь танилцуулан өгч ажилладаг.