Мод, цэцэг тарьж ургуулна гэдэг нэг насны буян гэдэг. Ийм л буянтай ажлыг гэр бүлийн хамтаар 20 гаруй жил хийж яваа хамт олныг “Баялаг бүтээгч”-ээр онцолж байна.“Ариун шимт байгаль” ТББ-ын захирал А.Ёндондүгжиртэй ярилцлаа.
“Ариун шимт байгаль” төрийн бус байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?
Манай ТББ 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хот хөрсний бохирдол ихтэй болсон учраас Сэлэнгэ аймгийн Баянгол суманд газар авч цэцэг тарьж эхэлсэн. Анх хүүхдүүд, ах дүү нартайгаа нийлж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоогоор 20 гаруй ажилтантай болоод байна.
Хэчнээн төрлийн цэцэг, мод тарьдаг вэ?
Манайх одоогоор алиусан буюу зүлэгний хивс, хун цэцэг, алаг нүдэн, хилэнжин, Астра буюу цээнийн ягаан, хурган сүүл, арслангийн жавж, тахиан залаа гэх мэт 10 гаруй төрлийн цэцэг тарьдаг. Голдуу нэг наст цэцэг тарьдаг болохоор асар их арчилгаа ихтэй. Мөн цаг уурын нөхцөлөөс хамаарч 1-р сараас эхэлж цэцгээ тарихгүй бол цэцэгний ургалт урт, богино байдаг. Тэгэхээр бид дулаан халаалттай хүлэмжинд 1-р сарын 20-ноос эхлэн галлаад цэцгээ үржүүлж эхэлдэг. Ноднин жилээс хойш мод тарьж эхэлж байна.
Үрээ хаанаас авдаг вэ?
Цэцэгний үрийг голдуу Орос, Хятадаас авдаг. Манай нөхцөлд цэцэгний үр үржүүлэг гэж байхгүй болохоор гаднаас авахаас өөр аргагүй. Өөр орноос авна гэхээр өртөг өндөртэй л дөө.
Ямар цэцэг илүү ургалт сайтай, Монголын цаг уурын нөхцөлд тохирдог вэ?
Манай нөхцөлд хилэнжин их тохирдог. Гэхдээ хүйтэнд тэсвэр муутай. Тиймээс битүүнээ, астра гэх мэт цэцэг тарьж байна. Бидний тариагүй цэцэг хотын цэцэрлэгт их харагддаг. Очоод үзэхээр хөрс нь шал өөр байдаг. Тэгэхээр тэр нь гаднаас авсан л цэцэг гэж ойлгож болно. Гаднаас орж ирсэн нь андашгүй. Ялаа шумуул их шавсан, сайн үзвэл ялзмаг ихтэй байдаг. Харин монгол хөрсөнд ургуулсан цэцэг амьдрах чадвар сайтай байдаг.
Цэцэг мэдээж харагдах сайхан үзэмжээс гадна хүчил төрөгч ялгаруулдаг. Харин өөр давуу тал нь юу бол?
Мэдээж хотын агаарын бохирдол, машины хорт агаарыг цэцэг л бүгдийг нь шингээж авна шүү дээ. Цэцэгтэй орчинд өссөн хүүхэд нэг өөр, угаар ихтэй газар амьдарсан хүүхэд нэг өөр байдаг гэхчлэн давуу тал их бий.
Харилцах утас: 88065883