“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан шинэ технологиор үндэснийхээ баялгийг бүтээж, зах зээлд өөрсдийн гэсэн орон зайгаа бүрдүүлж чадсан нэгэн “их айл”-ыг сонгон сурвалжлагаа бэлтгэсэн юм.
Дархан-Уул аймагт байрлах “Өег гурил” ХХК нь 2012 онд байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай Европын тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтад оруулснаар 2013 оны 1 дүгээр улирлаас үйл ажиллагаагаа эхлэн одоог хүртэл тасралтгүй өсөлттэй ажилласаар ирсэн аж. Өнөөдрийн байдлаар тус гурилын үйлдвэр нь Монгол Улсын гурилын зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн томоохон үйлдвэрлэгч болж, 110 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь мэргэжилтэй боловсон хүчин, 10 хувь нь туслах ажилчид юм байна.
20 мянган тонн улаан буудай хадгалах багтаамж бүхий зориулалтын элеваторын байгууламж
Гурил үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь улаан буудай байдаг. Тус үйлдвэрийн хувьд 2014 оны намрын шинэ ургацаас нийт 35 мянган тонн улаан буудай татан авчээ.
“Өег гурил” ХХК нь үндсэн түүхий эд болох улаан буудайгаа газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн тариаланчдаасаа өөрийн тээврээр татан авч, буудайн лабораторидоо нийт найман төрлийн шинжилгээ хийж, чанараар нь ангилан хадгалдаг байна. Хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй тус үйлдвэрийн үндсэн дамжлагатай танилцахаар бид дотогш орсон юм. “Өег гурил” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Амгаланбаяртай ярилцаж дараах зүйлийг тодрууллаа.
Үйлдвэрлэлийнхээ талаар ярихгүй юү. Бүтээгдэхүүн хэдэн шат дамжлага дамжиж хэрэглэгчдийн гарт хүрдэг вэ?
Дэлхийн жишигт хүрсэн, сүүлийн үеийн дэвшилтэт, бүрэн автомат технологийг Монгол Улсдаа нэвтрүүлсэн анхдагч үйлдвэрүүдийн нэг болж чадсандаа бид баяртай байдаг. Бид дэвшилтэт технологи ашиглан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг учраас олон давуу талыг дурдаж болно. Мөн манай хамт олон дэлхийн шилдэг гурил үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц хэмжээний, ISO, HACCP-ийн шаардлага хангасан экологийн цэвэр, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Дэвшилтэт технологийн үйлдвэр нь 1. Тариа бэлтгэл 2. Тээрэмдэлт 3.Савлагаа гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг.
Бүтээгдэхүүний чанар, түүнд тавих хяналтын хувьд ямар байдаг вэ?
Бүтээгдэхүүний чанарт хяналт тавихдаа үйлдвэрлэлтийн явцад цаг тутам дээж авч 12 төрлийн шинжилгээг тусгай багаж төхөөрөмжийн тусламжтайгаар хийж мэдээлж байдаг. Иймд чанарын хувьд 100% баталгаатай бүтээгдэхүүн гаргадаг гэж хэлж болно. Манай лаборатори европ стандартын шинжилгээний багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Гурилын өнгө, чийг, хүчиллэг, үнслэг, цавуулаг зэрэгт хяналт тавьж ажилладаг.
“Өег гурил” ХХК бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Үйлдвэрээс савлагдан гарсан бүтээгдэхүүнийг 3000 тоннын багтаамж бүхий гурилын хоёра агуулах, 1000 тоннын багтаамж бүхий тэжээлийн агуулахад тус тусад нь хадгалдаг. 7-14 хоног хэвтүүлж хадгалахад гурилын чанар сайжирдаг ба үүний дараа гадагш ачигдахад бэлэн болно. Улаанбаатар хот болон Дарханд “Өег” гурилын үйлдвэрийн бие даасан борлуулалтын албууд ажилладаг. “Өег” гурилын борлуулалтын алба нь 21 аймаг, томоохон суурин газруудад байрлалтай, 100 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан хэрэглэгч олондоо өөрийн бүтээгдэхүүнээ түгээн үйлчилж байна.
Орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжихээр Дархан уул аймгийг зорьсон төслийн багийнхан маань “Өег гурил” ХХК-ийн үйл ажиллагаатай ийнхүү танилцсан юм. Дэвшилтэт технологиор үйлдвэрлэлээ явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа “Өег гурил” ХХК-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье.
М. Цацрал