"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Анхдугаар их хурал амжилттай болж өнгөрсөн. Нийт 400 орчим үндэсний үйлдвэрлэгчид хуран цугласан тус их хурлын төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
"Чамин угалз" ХХК-ийн захирал Г.Амирдаабазар
-Юуны өмнө их хуралд төлөөлөгчөөр оролцож байгаад баяр хүргэе. Анхдугаар их хурлын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа "Чамин угалз" компанийн захирал Г.Амирдаабазар байна. Манай компани монгол үндэстний уламжлалт уянгын хийцтэй эрээн гэр, үндэсний хээ хуар бүхий тавилга үйлдвэрлэдэг. Нийт 20 жил шахам үйл ажиллагаа явуулж байна. Мөн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ энэхүү брэнд хийцээ үе дамжуулан сургаж байна.
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж нийлэн өөрсдийн дуу хоолойгоо төр засагтаа албан ёсоор хүргэх цаг нь хэдийн болсон. Тэгэхээр энэ холбоо маань яг тэр хүсэл бодлыг минь тусгаж өгсөн ийм байгууллага болж, биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаа. Тийм ч учраас анхдугаар их хуралд оролцож байгаадаа маш их баяртай байна.
-Таны хувьд "Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл" хэр үр өгөөжөө өгсөн бэ?
-Хөдөө орон нутагт үйлдвэрлэл явуулж буй биднийг хаа байсан нийслэлээс зорьж ирэн бүхэл бүтэн телевизийн бичлэг хийнэ гэдэг амар ажил биш. Тэгж зорьж ирдэг нь ч байхгүй. Харин энэ төсөлд хамрагдаад хөдөөний биднийг орон даяар сурталчлан таниулж өгсөнд манай хамт олон, орон нутгийн зүгээс маш их баяртай байна. Төсөлд хамрагдсанаар бидэнд хандаж ирэх хүмүүсийн хандлага эрс нэмэгдсэн. Манайх борлуулат тал дээр санаа зовдоггүй ч бидний бүтээгдэхүүн, хийж буй ажил үйлсийг минь илүү олон хүмүүс мэддэг болж, захиалга өссөн шүү.
Ингээд энэ том төслийг хэрэгжүүлж байгаа "Масс агентлаг"-ийн хамт олон, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд, удирдлага болон биднийг дэмжин хүрч ирсэн УИХ-ын дарга З.Энхболд болон албаны бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлж амжилт хүсье.