"Масс агентлаг"-ийн хамт олон "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хэрэгжүүлээд гурван сар болж байна. Тус хамт олон нийслэл төдийгүй орон нутаг, цаашлаад хилийн чанадад баялаг бүтээж буй монголчуудаа олон нийтэд сурталчилж буй юм. Цаг үеэ мэдэрсэн, эзнээ олсон ажил өрнүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг санаачлагч Ч.Даваабаяртай ярилцлаа.
-Монгол Улсын 21 аймаг, сумдад хүрч ажиллаж буй танай хамт олонд баяр хүргэе. Монголчууд ямар хөдөлмөрч, ур ухаантай, чадварлаг юм бэ гэдгийг танайхны бэлтгэсэн сурвалжлага, ярилцлагаас ойлгож, мэдэрч байна?
-Монголчуудын ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг олон нийт үзэж, таньж мэдэрч байгаад бид баяртай байна. Бид зөвхөн нэг удаа сурвалжлаад зогсохгүй телевизийн нэвтрүүлэг бэлтгэн ETV, “MASS” телевиз, сайт, радиогоор дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байгаа. Монголчууд ямар хөдөлмөрч болохыг, хийж бүтээхийн төлөө хэрхэн хичээж байгааг бид сурталчилж, анхдагч нь болж байгаадаа сэтгэл өөдрөг байна. Ажиглаад байхад тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа болон зээл олгож буй банкийг эс тооцвол баялаг бүтээгчидтэй хамтран ажилладаг байгууллага огт байдаггүй юм байна. Харин тэдний хийж буй бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулахад тус дэм болж байгаадаа бид баяртай байна.
Ч.Даваабаяр:Үндэсний үйлдвэрлэгчид Монголын баялаг
-Танай төслийн нэг баг 5-10 хүний бүрэлдэхүүнтэй юм билээ. Эдийн засгийн хүндрэлтэй ийм цаг үед үндэсний үйлдвэрлэлээ үнэ төлбөргүй сурталчилж буй нь сайшаалтай ч зардал мөнгө их орж байгаа байх. Та бүхний энэ ажлыг төрийн аль нэг байгууллага дэмжиж, хамтарч ажиллах санал ирүүлж байв уу?
-Хэн биднийг дэмжих бол, хэнээс тусламж авах вэ гэж бид хүлээж суух нь байж боломгүй хэрэг. Жинхэнэ бор зүрхээрээ л төслөө хэрэгжүүлж байна. Хэдийгээр 21 аймаг руу явах зардал, хүмүүсийн цалин, байр, хоолны мөнгө гээд өртөг өндөр ч хийх ёстой, эхэлсэн ажлаа заавал дуусгах ёстой гэсэн чин хүсэл, тэмүүлэл биднийг нэгтгэсэн. Зарим тохиолдолд сэтгүүлчид маань нэг өдрийн цалингаа хандивлаж, зарим нэг нь урамшууллаа төсөлдөө зориулсан.
Монгол Улс гурван сая иргэнтэй боллоо, мал сүрэг нь өсөж 50 сая хол давлаа. Ийм сайхан мэдээг бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, монгол хүн орлоготой, мөнгөтэй байх боломж бүрдлээ гэх гэгээн мэдээгээр түүчээлж чадвал хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлага, үүрэг нь тэр болно.
Судлаач, эдийн засагчид санхүүгийн хямралаас хэрхэн гарах талаар санал бодлоо хуваалцаж байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном нарын олон хүн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, эх орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон төслийг ажил хэрэг болгох нь хамгийн зөв гарц гэж хэлдэг. Үүнтэй би санал нэг байна. Монголын эдийн засаг хүнд байгааг бид бүхэн харж байна. Ийм цаг үед монгол хүн бүр чадах, мэдэх зүйлээрээ бие биенээ дэмжих ёстой. Сэтгүүл зүйн салбарт медиа групп болон ажиллаж буй бидний хийж чадах зүйл энэ.
-Та бүхэн хийсэн ажлаа олны хүртээл болгоход онцгой анхаардаг нь сайшаалтай. Сошиал ертөнцөд баялаг бүтээгчдийн мэдээлэл хангалттай байна. Монголчууд ч их дэмжиж байна?
-Олон сая төгрөгөөр үйл ажиллагаагаа сурталчлах боломж баялаг бүтээгчдэд тааруу байгаа нь үнэн. Тиймээс бид эдийн засгийн тулгуур болсон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж буйг олон хүн ойлгож, талархаж байгаа. Сошиал медиа, фэйсбүүк, твиттерээр маш олон хүн дэмжиж, идэвхжүүлж, тарааж байгаа нь бидэнд том дэмжлэг болдог учир талархал илэрхийлэх нь зүйтэй.
Бидний ажил хэд дахин нэмэгдэж, анх төсөөлж байснаас 5-6 дахин ихэссэн. Энэ бүгдээс харахад баялаг бүтээгчдэд сурталчилгаа ямар их хэрэгтэй байдгийг харж болох байна.
Төрийн болон ТББ, иргэдээс талархал, захидал, хамтран ажиллах хүсэлт маш их ирүүлж байна. Манай бэлтгэсэн мэдээ мэдээллийг үзсэн, уншсан иргэд, үйлдвэрлэгчид бие биенийхээ талаар мэдээлэлтэй болж, хамтран ажиллах нөхцөл бүрдэж буйг төсөлд хамрагдсан хүмүүс хэлж, орлого нь нэмэгдэж буй талаар талархан ярьж байна. Ийм бага хугацаанд нийслэлийн 80 гаруй, орон нутгийн мөн тооны баялаг бүтээгчдийг сурталчилж, тэдэндээ дэм болж буйг мэдрэх сайхан. Орон нутгийн хэвлэлд манай төслийн талаар гаргаж, хамтран ажиллах боломжтой болж буйг нутгийнхаа иргэдэд мэдээлж эхэлсэн. Бидний ажил хэд дахин нэмэгдэж, анх төсөөлж байснаас 5-6 дахин ихэссэн. Энэ бүгдээс харахад баялаг бүтээгчдэд сурталчилгаа ямар их хэрэгтэй байдгийг харж болох байна.
Арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш 1392 төгрөг байсан үе саяхан. Харин өдрөөс өдөрт өссөөр өнөөдөр 1984 болсон. Энэ нь нэг талдаа хүндрэл дагуулж буй ч нөгөө талдаа импортын барааг хязгаарлаж өглөө. Ийм цаг үед бид үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, хөл дээрээ тогтоход нь тусалбал иргэндээ төдийгүй улсдаа хэрэгтэй ажил болно.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “80 байсан нэг ам.доллартай харьцах иенийг 120 болгоно" гээд амласнаа биелүүлсэн. Японы ард түмэн энэ шийдвэрийг эсэргүүцэхгүй байгаа биз дээ. Учир нь япончууд гадаадаас бага зүйл авч, ихийг экспортолдог учраас ханшаа өсгөхийг дэмжээд байна.
Долларын төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бизнес дампуурч байгаа гэдэг өрөөсгөл ойлголт. Аливаа бизнес чанартай, эрэлттэй байхаас гадна тооцоо судалгаа, сайн менежмент хамгийн чухал. Эдийн засгийн хүндрэлийг даван туулж буй олон мянган компани байна. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа ашигладаг учраас л даван туулж чадаж байгаа юм.
Монгол Улс уул уурхайгаа ашиглаж жилдээ улсын төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байгаа нь эерэг үзүүлэлт ч энэ бол шавхагдашгүй, дуусашгүй баялаг биш. Харин үндэсний үйлдвэрлэгчид бол Монголын баялаг юм шүү. Ганцхан удаа нэг том загас залгиад хоосрох уу эсвэл тасралтгүй, тогтмол жижиг загастай байх нь дээр үү гэдэг бодох ёстой зүйл.
Монголчууд нэг зүйлийг анзаарсан байх. Манай төсөл сар шинийн өмнөөс эхэлсэн. Үндэснийхээ баялаг бүтээгчдээ дэмжээд эхлэхээр монголчууд мэдээлэлтэй болж, сар шинээр баялаг бүтээгчдийнхээ бүтээгдэхүүнийг бэлэг болгон нэгэндээ өгсөн. Баялаг бүтээгчид маань ч бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмжийг сайжруулж, дутагдаад байсан баглаа боодолдоо анхаарсан нь үр дүнгээ өглөө.
Ганцхан удаа нэг том загас залгиад хоосрох уу эсвэл тасралтгүй, тогтмол жижиг загастай байх нь дээр үү гэдэг бодох ёстой зүйл.
-Дэлхийн бусад орон үндэснийхээ үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж ажиллаж буй талаар та бүхэн сонирхсон байх. Авууштай, хэрэгжүүлж болох бодлого цөөнгүй л байдаг байх?
-Үнэхээр хэрэгжүүлж болох олон арга, шийдвэр байдаг юм байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд эдийн засгаа сэргээж, хөл дээрээ тогтсон олон жишээ хэлж болно. Тухайлбал, сүүлийн 15 жилийн турш Вьетнамын Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж байгаа нь эдийн засгийн хөгжилд нь хувь нэмрээ өгчээ. Энэ нь электрон бараа, мотоциклийн үйлдвэрлэлд илүү амжилт олсон бөгөөд дотоодын мотоциклийнхээ зах зээлийн 95 хувийг хангаж байгаа төдийгүй Японы үйлдвэрлэгчдэд жижиг эд анги нийлүүлдэг болжээ.
АНУ-д жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрүүдэд чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг байх жишээтэй. Харин Сингапурт орлогын албан татвар гэж авдаггүй. Японы Засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл олоход нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг байх юм. Түүнээс гадна тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлийн үнийг барьж чадсанаар Засгийн газар үнийг өсөлтийг хянаж, инфляцын эсрэг зогсож чаддаг.
-Эдийн засагч, судлаачид солонгорсон эдийн засагтай болох талаар ярьдаг болоод удаж байна. Харамсалтай нь ажил хэрэг болох нь удаан юм. Танай төсөл эдийн засгийг солонгороход нөлөө үзүүлэх боломжтой гэж бичсэн хүн цөөнгүй байна лээ?
-Бодит нөхцөл байдлаа харахад эдийн засгийн солонгорсон хувилбар бидэнд хэрэгтэй байна. Аливаа улс орны эдийн засаг зөвхөн ашигт малтмалаас хамаардаг байж болохгүй гэдгийг бид мэдэрлээ. Хөрөнгө оруулалтын график 2011 оноос 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар байснаа өсөж 4.5 тэрбум ам.доллар болсон. Гэнэт ийм их өссөн нь бидэнд эерэг бус сөрөг үр дагавар авчирсан. Халамжийн бодлого хавтгайрч, ажилгүйдэл өсөж, төсвийн зарцуулалт хэд дахин нэмэгдэн, эдийн засаг эмх замбараагүй байдалд шилжсэн. Хэрвээ Монгол Улс солонгорсон эдийн засагтай байсан бол уул уурхайгаас орж ирсэн их мөнгөнд хөл алдаж, тэр салбараа шүтэн биширч, хэзээ ч дэлхийн зах зээлд нь үнэ нь унахгүй мэт бодлого барихгүй л байсан. Гэнэт нүүрс, алт, зэсний үнэ унаад ирэхээр эдийн засаг хэрхэн доголдож буйг монгол хүн бүр мэдэрч байна.
Баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжиж чадвал улс орныхоо эдийн засагт мэдээж нөлөөлөх хэмжээний брэнд бүтээгдэхүүнийхээ тоог нэмэх боломжтой юм. Ерөнхий сайд Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгууллаа. Манай хоёр улсын эдийн засаг нэг нэгнээ нөхөх боломжтой. Японд байгалийн баялаг байхгүй бол тэр нь Монголд бий. Энэ мэтчилэн олон салбарт Эдийн засгийн түншлэлийн гэрээний дагуу ажиллаж, амжилт олох өдөр ойрхон байна.
-Аливаа төсөл тодорхой шийдэл гарц олж чадвал амжилт болно. Танай хамт олны хийж буй ажлын үр дүнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн асуудлыг шийдэх хэд хэдэн гарц олно гэдэгт итгэж байна. Зээл эздэдээ хүрдэггүй, шаардлага өндөр байгааг үйлдвэрдэгчид хамгийн их хэлж байсан?
-Тийм ээ, энэ асуудал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг том бэрхшээл юм. УИХ-аас 2007 онд баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлсны дагуу Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Ололттой тал бий ч бас анхаарах, бодлогоо өөрчлөх шаардлага буйг баялаг бүтээгчид хэлж байна. Тухайлбал, зээлийн нөхцөл, тавигддаг шаардлагыг судалж үзлээ.
Зээлийн хугацаа дөрвөн жил байгаа нь болж байна. Ажилчдын тоо 199-өөс доошгүй байх, жилдээ 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байх шаардлага тавьж байх жишээтэй. Ийм нөхцөл хатуутай байж болох уу. Баялаг бүтээгчид ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэдэг амаргүй.
Судалгаанаас харахад үйлдвэрлэгчдийн 34 хувь нь жилдээ 10 сая төгрөгийн борлуулалт хийсэн байх юм. Харин 27 хувь нь 10-50 сая төгрөгийн борлуулалт хийж. Энэ нь ашиг бус зөвхөн борлуулалтын орлого. Ийм байхад яаж дээрх шалгуурыг давах юм бэ. Банкны тавьж буй шаардлага бодит амьдрал дээр огт нийцэхгүй байна. Түүнээс гадна татвар болон, импортын асуудлыг тэд ярьж байна. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн гараа гарган, ухаанаа уралдуулан хийсэн бүтээгдэхүүнийг Эрээнээс хэд дахин хямд оруулаад ирэхээр тэр хүмүүс яаж хөгжиж, дэвжих юм бэ. Адил төстэй бараа бүтээгдэхүүний импортын асуудлыг төрөөс зохицуулж өгөх шаардлагатай байна.
Баялаг бүтээгчид жилдээ 20-30 удаа төрийн ямар нэгэн шалгалтад ордог байх юм. Төрөөс сургалтад хамруулах, дадлагажуулах ажлыг хариуцдаг байвал тэдэнд их дэмжлэг болох юм билээ. Европын холбооны орон болгонд баялаг бүтээгчдээ хөгжүүлэх бодлогыг Худалдаа, Аж үйлдвэр, Эдийн засгийн яам нь тодорхойлдог. Харин бусад төрийн байгууллагууд нь тэднийг ажлаар хангах, сургах, олон улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ гаргахад нь тусалдаг. Харин Монголд ажлаар хангах, сургах, бүтээгдэхүүнийг нь борлуулах асуудлыг орхигдуулж байгааг өөрчилмөөр байна. Түүнээс гадна орон нутгийн баялаг бүтээгчид маань түүхий эдээ ганцхан Улаанбаатараас татаж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлдөг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх, яаж үйлдвэрлэгчдэд түүхий эдийг нь ойртуулах вэ гэдгийг орон нутгийн удирдлага болон иргэд ярилцаад гарц олжээ. Үүнийг төрөөс дэмжиж ажил болгох хэрэгтэй байна.
-Танай хамт олон зөвхөн нэг удаа нэвтрүүлэг, сурвалжлага хийгээд зогсохгүй хийсэн ажлаараа сэтгүүл гаргаж, бас баялаг бүтээгчдийн чуулган зохион байгуулна гэсэн байх аа?
-Монгол хүн элэг нэгт монголчуудынхаа хийж бүтээж буй зүйлийг мэдэж, бусдад таниулахдаа дуртай байгааг би анзаарсан. Манай сэтгүүлчид үнэхээр өөдрөг сэтгэлээр энэ ажлаа хийж байна. Зарим үед баялаг бүтээгчдийн хийсэн зүйлийг нь хараад уулга алдах үе олон гарсан гэсэн шүү. Өнөөдөр томилолтоос ирээд маргааш нь явах тохиолдол гарч л байна. Гэсэн ч дуртай зүйлээ хийж буй хүмүүс шантардаггүй юм байна.
MASS.MN сайтад баялаг бүтээгчдийн талаарх мэдээллийг ярилцлага, видео, фото, аудио гээд бүх хэлбэрээр байршуулсан. Мөн 99.7, 105.5 FM радиогоор тогтмол нэвтрүүлэг цацаж байгаа. Бүх нэвтрүүлгээ DVD болгох төлөвлөгөөтэй. Бид Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулаад Удирдах зөвлөл нь анхны хурлаа хийсэн. Удахгүй тавдугаар сарын эхээр нийслэлд анхдугаар чуулган хийх бэлтгэл ажилдаа орсон.
MASS.MN сайтад баялаг бүтээгчдийн талаарх мэдээллийг ярилцлага, видео, фото, аудио гээд бүх хэлбэрээр байршуулсан. Мөн 99.7, 105.5 FM радиогоор тогтмол нэвтрүүлэг цацаж байгаа.
Манай төсөлд оролцож буй баялаг бүтээгчид энэ чуулганд оролцож, санал бодол, тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэх талаар хэлэлцэх юм. Одоогийн байдлаар 500 орчим төлөөлөгч оролцох тооцоо байна. Зарим аймаг руу явсан баг маань ирэх долоо хоног, энэ сарын сүүлчээр ирнэ. Тэдний сурвалжилсан баялаг бүтээгчид болон нийслэлийнхэн нэмэгдээд 1000 дөхөх бололтой.
-Төгсгөлд нь нэг зүйл асууя. Таны ярианаас энэ төсөл зөвхөн энэ жилдээ хэрэгжээд дуусчихгүй юм байна гэж ойлголоо?
-Тэгэлгүй яах вэ. Бид энэ төслөө цаашид үргэлжлүүлнэ. Нийслэл, хөдөө орон нутаг, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй баялаг бүтээгчдээ дэмжиж, тулгарч буй бэрхшээлийг нь шийдэж, хамтран ажиллах болно. Монголын баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэн, хүн бүхэн ажилтай, орлоготой байж, өөдрөг амьдрах болтугай гэж хүсье.
-Та бүхний ажил төрийн бодлогод нөлөөлж, Монголын баялаг бүтээгчдэд тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.