Жижиг дунд үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийг дэмжих, чадавхжуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөл хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон хөдөөд ямар боломж байгаа талаар тус төслийн зохицуулагч, "Шинэ Хөдөө Булган Бизнес Инкубатор төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Юмжирмаатай ярилцлаа.
-Энэхүү төсөл анх хэзээнээс хэрэгжиж эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү?
-"Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар 2017 оноос Булган аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Тодорхой хувь нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн гэдгийг мөн дурдах хэрэгтэй.
Төслөөр мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдэж байна. Төслийн хувьд тэргүүлэх зорилго нь ажлын байр бий болгох юм. Гэхдээ энэ бол зөвхөн ажлын байр бий болгох тухай асуудал биш. Ард нь иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, эдийн засаг санхүү, хүний амьдрах чадавх зэргээс гадна хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг бууруулах гээд олон зүйл яригдана.
Орон нутагт ажлын байр маш ховор гэж хэлж болно. Сумаар жишээлбэл ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилтнууд, эмч, сувилагч, багш нар гээд төрийн бүтцийн ажлын байр, нэмээд худалдааны байгууллага (дэлгүүр, хоршоо)-ын ажилтнууд гээд ажлын байр зогсчхоод байгаа гэж болно. Тариалалт, ногоо хураах үе гээд хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбоотойгоор түр ажлын байр бий болж байна. Эдгээр ажлын хүрээнд хөдөөд суурьшил бий болгох боломжгүй нь хэн хүнд ойлгомжтой.
Сумын төвд 500 мянган төгрөгийн цалинтай байх, цалингүй байх хоёр асар их ялгаатай. Орон нутагт орлогогүй амьдарч буй хүмүүсийн хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх ч дам нөлөөллийг бий болгож байна гэж хардаг. Өрхийн орлого ингэж олон асуудлын учир шалтгаан болоод байгаа юм. Тэгэхээр ажлын байр гэдэг бол бүхэлдээ нийгмийн асуудлыг өөртөө багтааж байгаа хэрэг.
"Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төслийн Монголд мөс хагалж эхэлсний хувьд алдаа, оноо аль аль нь байгаа. Хувь хүн, улс ч гэсэн алдаан дээрээ суралцаж, туршлагаждаг. Бидний хувьд алдаагаа ололт гэж хардаг. Яагаад гэвэл дахиад олон аймаг алдахгүй байх боломжийг олгож байгаа. Ер нь бид сайжруулах чармайлттай байгаад алдаа байгаа бол илүү том эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж байна гэж боддог.
Хургыг тэжээгээд, 7-8 сарын дотор шүдлэн хонины үнээр экспортлох боломжтой
-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Мал аж ахуйн экспортын тухайд саяхан та бүхэн шинэ дэвшил нэвтрүүлсэн. Хоёр сарын хугацаанд тэжээж, бусад үед бэлчээрт малласан хурганы амьдын жин 7-8 сарын дараа 38-45 кг хүрсэн талаар мэдээлэл байсан. Махаа экспортолж байгаа юу?
-Манай төсөл үндэсний үйлдвэрлэгч "Баялаг Фийд" тэжээлийн үйлдвэртэй хамтран санамж бичгийн хүрээнд "Хурганы тэжээл" туршилтын төслийг 2022 онд хэрэгжүүлсэн. Булганы урд талын таван сумын хонины аж ахуйгаар ажиллаж амьдрах сонирхолтой, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой нэг нэг малчидтай хамтарч ажилласан юм. Илүү залуу малчдыг сонгох гэж хичээсэн. Хонины аж ахуйг уламжлалт маллагааны аргатай хослуулан шинжлэх ухаанчаар хандаж, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн амьжиргаагаа сайжруулах, өсөлт үзүүлэх вэ гэдгийг нь туршиж үзсэн гэсэн үг.
Айл бүрээс 100, 100 хурга тэжээх гэж үзсэн. Гэтэл зарим айлаас 70 хурга л гарсан. Зөвхөн эр хурга тэжээсэн болохоор тоо нь ийм байсан гэсэн үг. Хонио гурван настай буюу шүдлэн болгоод шөлний сайхан хонь гээд иддэг зан төрхтэй монголчуудын хувьд. Гэтэл тэр нэг хонийг малчид маань гурван жилийн зуд, зурхан ган гачиг, хулгай, халдварт өвчний эрсдэлийг давж байж борлуулдаг.
Бизнесээр бодох юм бол нэг хонийг гурван жил маллаад 120,000 төгрөг олдог гэж үзвэл малчид дампуурчихсан.120,000 төгрөг олохын тулд эхнэр, нөхөр хоёулаа гурван жил, өдөр бүр ажиллаж байна. Амралтын өдөр гэж байдаггүй. Энэ бүх хөдөлмөрийг нь тооцоод үзэхээр малчид ямар ч ашиггүй ажиллаж байгаа бөгөөд бизнес нь хасах заагаад байгаа юм. Нэмэх рүү орохын тулд "Хурганы тэжээл" туршилтын төслийг хэрэгжүүлсэн гэж хэлж болно.
Үүний ард гурван жилийн бэлчээрийн талхлалт яригдана. 1,500 бог малтай айлаар аваад үзэхэд 500-600 хонь, ямаа нь төллөдөг гэж үзвэл 900 нь зүгээр л бэлчээрийн өвсийг идэж байдаг гэсэн үг. Монголын Улсын нүүрс хүчлийн хийг багасгах хамгийн гол хүчин зүйл нь малынхаа тоо толгойг багасгах шүү дээ. Энэ асуудалд бид бас хувь нэмрээ оруулж байгаа. Дээрээс нь гурван жилийн дараа нэг хониноос 120 мянган төгрөг олох, долоогоос найман сарын дараа олох хоёр асар их ялгаатай.
500 хонио банканд барьцаанд тавиад 10 гаруй сая төгрөгийн зээл авна. Зээлээ төлж чадахгүй бол 10 хэдэн сая төгрөгийн төлөө бүх малаа өгнө гэдэг нь үнэхээр харамсалтай.
Харин үүний оронд эдийн засгийн үр өгөөжөө бодож, эр төлийг 7-8 сарын дотор жинд нь хүргээд, эдийн засгийн эргэлтэд оруулах нь малчид болоод байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Нэг малчин өрх 500 эм хонь, сайн үүлдрийн эцэг малтай байлаа гэхэд үзвэл эдгээр хониноос 300 эр, 200 эм хурга гаръя гэж бодъё. Гэхдээ энэ нь мэргэжлийн судалгаа биш. Аман асуулгаар малчдаа асуухаар хүйсийн харьцаа 40:60-тай байдаг гэж ярьдаг.
300 эр төлийг төрөөд 14 хоногтойгоос нь эхлээд хоёр сарын хугацаанд уураг, эрдэс, амин дэмээр баялаг тэжээлээр тэжээхэд амьдын жин нь 38-45 кг-д хүрч болж, тухайн жилдээ борлуулалт хийж болж байгааг туршилтын төслөөрөө баталсан. Ингээд бид буюу хамтран ажиллаж буй "Баялаг Фийд" тэжээлийн үйлдвэр маань Иран улс руу экспортлоод байна. Олон улсын стандартаар 20 кг-ын гулуузыг шүүслэг, эрүүл, махны бүтцийн хувьд тохирсон гэж үздэг.
500 хонь төллүүлж 300 хургыг нь зарахад 36 сая төгрөгтэй болно
-Өөрөөр хэлбэл, малчдын хувьд жилд ямар хэмжээний орлого олох боломжтой гэсэн үг вэ?
-500 хонь төллүүлж 300 хургыг нь зарахад 36 сая төгрөгтэй болно гэсэн үг. Нэг жилийнхээ төлөөр л ийм мөнгө олж болох юм. Гэхдээ энэ мөнгөн дүн тухайн жилийнхээ ханшнаас шалтгаалж хэлбэлзэнэ. Тэгвэл банкнаас 10 сая төгрөг зээлээр авахын тулд 500 хонио барьцаанд тавьдаг. Олон төллөсөн хонио дотоодын зах зээлд нийлүүлээд үлдсэн эм хонио сэлгэж, сайжруулж, сэлбэж байх хэрэгтэй. Эм мал, эцэг мал сайжрах тусам сайн үр төл гарна.
Монгол Улсын стратегийн чухал салбар бол ХАА, тэр дундаа мал аж ахуйн салбар тиймээс Булган аймгийн хувьд түүчээлж, судалсан, ойлгож, мэдсэн, нэвтрүүлсэн "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөлтэй холбоотой аймгуудаас асуусан бүх зүйлийг утсаар эсвэл биечилж очоод хэлж өгдөг.
Эх сурвалж: IKON.MN