Олон саад бэрхшээлийг даван өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж чадсан “Шүтэн уул” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар бид зорьж очсон юм. Өдгөө үүсгэн байгуулагдаад 18 жилийг ардаа үдэж буй тус компани эх орны нэрийн бүтээгдэхүүн гаргаж, нийт үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын болон дүрэмт хувцсаар хангахаар хичээж ажилласаар байна. “Шүтэн уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Одхүүтэй ярилцлаа.
-Анх компаниа яаж байгуулж байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Манай компани 1997 онд байгуулагдсан. Хоёр жилийн дараа 20 жилийн ой маань болох гэж байна. Анх байгуулагдсан цагаасаа хойш хөдөлмөр хамгааллын хувцас, бүх төрлийн ажлын хувцас үйлдвэрлэж эхэлсэн. Урд, хойд хөрш орнуудад ажлын хувцасны үйлдвэрлэл өндөр хөгжсөн учраас анх энэ чиглэлийн үйлдвэрлэлийг Монголд эхлүүлэхэд тийм ч амар байгаагүй ээ.
-Одоо бол тэр үеийнхтэй харьцуулахад саад бэрхшээл харьцангуй багассан байх?
-Тухайн үед энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан компаниуд хаалгаа барих, дампуурах тохиолдол бишгүй гарч байсан. Харин одоо олон шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, ажиллах нөхцөл бололцооны хувьд ч боломжийн болсон.
-Тухайн ажлын хувцасны онцлогийг гаргаж урладаг байх. Цэрэг цагдаагийн хувцас хийхэд хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Бид энгийн ажилчид болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын дүрэмт хувцас, цагдаа, онцгой байдлынхны хувцсыг оёдог. Ер нь энгийн ажилчдын хувцсыг бодвол цэрэг цагдаагийн хувцас өөр байлгүй яах вэ. Жишээ нь цагдаа гэхэд ямар нөхцөл байдалд ажилладаг билээ. Тэр болгоныг бодолцож бүтээгдэхүүнээ урладаг.
-“Шүтэн уул” ХХК хэчнээн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
- Яг одоогоор манайх 34 ажилчинтай. Үүнээс дээд тал нь 18 жил ажилласан туршлагатай хүмүүс байгаа. Ажилчдынхаа нийгмийн байдлыг харгалзан аль болох удаан хугацаанд хамтарч ажиллах зорилго тавьдаг даа.
-Төр засгаас жижиг дунд бизнес эрхлэгчдээ хэр дэмждэг вэ?
-Дархан-Уул бусад аймгийг бодвол илүү хотожсон, дэд бүтэц хөгжсөн. Тиймээс үйлдвэрлэл эрхлэхэд дөхөм байдаг гэх үү дээ. Аймгийн Засаг дарга ч гэсэн биднийг маш сайн дэмждэг. Мөн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж эхэлснээс хойш эцэг эхчүүд, ерөнхий боловролын сургуулиуд биднийг ихээхэн дэмжин ажиллаж байгаа.
-Бүтээгдэхүүний борлуулалт ямархуу байдаг вэ?
-Бид борлуулалтын сувагтай гэж хэлж болно. Үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт шууд хүрэхээр харилцагч компаниудтайгаа гэрээ хийсэн байдаг. Мөн бид нэрийн барааны дэлгүүрүүд ажиллуулдаг. Улаанбаатарт бас хэд хэдэн павилион нээсэн. Гэхмэтчилэн янз янзын сувгаар бараа бүтээгдэхүүнээ түгээсээр байна.
-Анх үйлдвэрлэл явуулах санааг хэрхэн гаргаж байв?
-Манай ерөнхий захирал Н.Оюунцэцэг гэж хүн бий. Өөрөө оёдлын технологич мэргэжилтэй. Тухайн үед байгууллагуудын ажлын хувцсыг оёх санаа гаргаж ажлаа эхлүүлж байсан.
Олон улсад бүхий л үйлдвэр цех ажлын нэгдсэн хувцастай байдаг. Харин манай улсад энэ асуудал эрчимтэй хөгжих болж. Дарханчуудын хувьд ажлын хувцсыг хэр хэрэглэж хэвшсэн бэ?
Ер нь манай үйлдвэрүүд ажиллагсдаа ажлын хувцастай болгох талаар маш сайн анхаардаг. Анх ажилчдынхаа хувцсыг 1, 2 жил болоод сольдог байсан бол одоо зургаан сар болоод л сольдог болсон.
-Энгийн хувцас оёх, хөдөлмөр хамгааллын хувцас оёх хоёрын гол ялгаа нь юу вэ?
-Тухайн хүнийхээ ажлын нөхцөлийг харгалзаж, гадны ямар нэгэн нөлөөллөөс хамгаалж байхаар хийх ёстой учраас хөдөлмөр хамгааллын хувцас оёхын тулд ихээхэн анхаарч ажилладаг. Манай хамт олон нано технологиор боловсруулсан даавуу ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Саяхан “Эрдэнэт хивс” компанийн ажилчдын хувцсыг оёж нийлүүлсэн.
-Үйлдвэрийн хүчин чадал болоод тоног төхөөрөмжийн хувьд?
-Жилд ажлын болон дүрэмт хувцас 30-50 мянгыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид Украин улсаас оруулж ирсэн тусгай программ ашиглан бүтээгдэхүүнийхээ загварыг гаргадаг. Шулуун оёоны машин, хэрээсийн машин, товч хадах машин гэхчлэн тусгай зориулалтын бүх машиныг үйлдвэрлэлдээ хэрэглэдэг.
-Танай бүтээгдэхүүн зах зээлийн үнээс доогуур байж чаддаг уу?
-Ер нь болж өгвөл зах зээлийн үнээс доогуур үнэ тогтоохыг хичээдэг. Манайх бүх матераиалаа импортоор оруулж ирдэг. Зардал их гарна. Гэхдээ төр засгаас бидэнд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа оёдлын салбарыг өөд нь татах нэг илрэл бол “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслийг хэрэгжүүлсэн явдал байсан. Улс даяар бүх оёдлын үйлдвэрүүд энэхүү төсөлд оролцсон. Оёдлын үйлдвэрүүд хөгжих боломж бололцоо байгаа гэдгийг энэхүү төсөл харуулж өгсөн.
М.Цацрал