БНСУ-ыг 24 настайдаа зорьж, нэг өрөө ч болтугай байртай болохын тулд хоолтой хоолгүй, нойртой, нойргүй хонон ажиллаж явсан залуу ирээдүйд өөрийгөө Монголдоо үнэлэгдсэн барилгын компанитай болж, хэдэн мянган айлд аз жаргал, амар амгаланг бэлэглэх тохилог, тухтай, аюулгүй бүрэн цутгамал орон сууцыг хорооллоор нь барьж, бүтээнэ чинээ төсөөлөөгүй гэдэг. Таньж, мэдэх нэг ч хүнгүй, хийж чадах ажил гэхээр юмгүй харийн орныг зорьсон тэрбээр найман жил гаруй хугацаанд хүний нутагт ажилласан бөгөөд сүүлийн долоон жилд нь Солонгост бүрэн цутгамал орон сууцны хорооллуудыг дагнан барьжээ. Тэрбээр өдгөө “Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын бүтээн байгуулалт, барилга хөгжлийн корпорацийг байгуулалцаад байгаа юм. Түүнтэй уулзаж, өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж ирсэн талаар нь яриа өрнүүллээ.
-Танай компанийг нийслэлд сүндэрлэж буй томоохон хотхонууд хийгээд тансаг зэрэглэлийн гэх амины орон сууц барьснаар нь хүрээнийхэн чинь андахгүй. Харин уг компанийг үүсгэн байгуулсан Батдэлгэр гэдэг хүн хэн бэ, өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөв гэдгийг мэдэх хүн цөөн байх. Тиймээс өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?
-Би Л.Бадгар, Н.Лхам-Юндэн гэх хоёр хүний ес дэх хүү, эхээс арвуулаа. Миний аав, ээж насаараа цэргийн албанд зүтгэсэн хүмүүс. Бага сургуулиа 33, дундыг 58, ахлахаа 35 дугаар сургуулийг 1990 онд төгссөн. Тухайн үед МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэхээр шалгалт өгсөн ч ороогүй. Шалтгаан нь миний нэг эгч Москвад, нөгөө эгч Холбооны техникумд сурч байсан. Тэдний сургалтын төлбөр дээр би нэмэгдэхээр аав, ээжид хэцүү байх гэж бодоод сургуульд оролгүй ажил хийж, мөнгө ольё гэж шийдсэн хэрэг. Тэгээд ажил хайж эхэлсэн. Анхны ажил маань зам арчилгааны ажил байлаа. УБТЗ-ын автобаазын урдуурх засмал, хуучин 22 дугаар бааз гэж байсан түүний авто зогсоол гэх мэт зам, зогсоолыг барьсан. Үүний дараа цөөнгүй ажил хийж байгаад миний том ах Батсүх “Номин 5624” хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, түүнийхээ гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Тухайн үед би дөнгөж 18 настай байсан. Манай компани Азийн биржид суудалтай болж, 1993 оныг хүртэл брокерийн худалдаа хийсэн. 1993-1994 онд би Хилийн цэргийн 101 дүгээр ангид алба хаасан. Халагдаж ирээд 1994-1998 онд “Ундрам-5” хими цэвэрлэгээний газарт машинчаар ажилласан. Тэгээд 1998-1999 онд ТЭЦ-III ойролцоо нэг вагончиг түрээслээд, хуушуурын гуанз ажиллуулсан. Ингэж байхдаа нэг өдөр найз Ядмаатайгаа Солонгос гарч ажиллавал гайгүй мөнгө хийж, орон сууцтай болох боломжтой тухай ярилцсан. Тэгээд хоёулаа виз мэдүүлсэн. Удалгүй миний виз гарчихсан. Тэгээд 1999 оны гуравдугаар сарын 9-нд БНСУ руу ниссэн. Тухайн үед хэл мэдэхгүй, таних хүнгүй хүн харь орон руу орон сууцтай болох зорилготой явж байлаа. Онгоцонд ортол Алтанхуяг гээд таньдаг ах Солонгос явж таарсан. Алтанхуяг ах Солонгост нэлээд хэдэн жил ажиллачихсан байсан болохоор би “Та л намайг ажилд оруулж өг” гэсэн. Ингээд түших хүнтэй болж байгаа юм.
-Таныг ямар ажилд оруулж өгсөн бэ?
-Солонгост очсоноос долоо хоногийн дараа цэцэг чимэглэдэг уут, чимэглэлийн утасны үйлдвэрт ажилд орсон. Тэр ажил маань ажилчдын байртай ч хоолгүй байсан. Сарын 600 мянган вон буюу тухайн үед 500 ам.долларын цалинтайгаар ажилд орсон л доо. Монголоос очихдоо би 95 кг жинтэй байсан бол Солонгост сар ажиллаад 18 кг турсан. Тэгээд энэ үйлдвэрээс гарч, ядаж өдрийн хоолтой газар ажилд орьё гэж шийдсэн. Түүнээс хойш жилийн дотор 4-5 ажил сольсон. Тухайн үед Солонгост эдийн засгийн хямрал болчихсон байсан учраас ажлын байрны хомсдол гаднынханд битгий хэл солонгосчууддаа ч хомс байсан. Ингэж яваад машины прессийн үйлдвэрт ажилд орсон. Үндсэн цалин багатай ч илүү цагаар ажиллавал 1000 гаруй долларын цалин авч болохоор байсан. Энэ нь Солонгост очсоноос хойших хамгийн өндөр цалинтай газар байв.
-Хэл мэдэхгүйгээс гадна тэнд ажиллахын хүнд хэцүү нь юу байв?
-Манай үйлдвэр хоёр ээлжтэй, тэр нь бүгд монголчууд байсан юм. Хэдийгээр бид сард 1100 гаруй ам.долларын цалинтай ч өдрийн 16-17 цаг ажилладаг байсан болохоор түүнээсээ илүү цалин авахыг л бодож байгаа юм. Тэгээд хоорондоо үгсэж, цалингаа нэмүүлэхээр ажил хаясан. Тэгтэл монгол захирал биднийг ажил хаялаа гэхтэй зэрэгцэн “Бүгдийг чинь ажлаас халлаа” гээд гаднаас хөлсний солонгос ажилчид авчран ажлаа хийлгэж эхэлсэн. Биднийг ажилчдын байрнаас хөөхгүй хэрнээ ажлаа үргэлжлүүлээд байсан. Хөлсний ажилчид нь гологдол их гаргаж, ажил нь бараг урагшлахгүй байсан ч захирал биднийг ажлаа хий гэж огт хэлээгүй. Өдөр өнгөрөхийн хэрээр монголчууд нэг нэгээрээ монгол захиралтай очиж уулзаад, ажилдаа эргэж орцгоосон. Тэгээд гарын таван хуруунд хүрэхгүй тооны хүн ажлаа хийхгүй үлдсэний нэг нь би. Нэгэнт шаардлага тавиад, түүнийг нь хүлээж аваагүй учраас би ажлаасаа гарсан л даа. Гэхдээ тэр хүнээс би өөрөө зориглоод, ямар нэг юм бүтээе гэвэл хэний ч дарамтад орохгүйгээр, хэнээс ч хараат бусаар ажлаа үргэлжүүлж, хүнээр юм хэрхэн хийлгэдгийг харсан. Удирдагч хүн тэр бүр буулт хийгээд байж болохгүйн зэрэгцээ ямар үед буулт хийх вэ, алинд нь хийж болохгүй вэ гэдгийг суралцсан гэж болно. Ер нь Солонгост тухайн үед ажилаж байсан хүмүүст хэлний бэрхшээлээс гадна ажил олдохгүйн зовлон их байсан.
-Дараагийн ажлаа хэрхэн олов?
-Ингээд явж байтал Цоожоо гээд танилтайгаа таарч, барилгын ажилд баг болж хамт орсон. Энэ нь өнөөдрийн миний ажил, амьдралын эх болсон. 2000 оны зургадугаар сарын 3-нд барилга угсралтын компанид ажилд орж, Юү Тэ Гүн буюу бидний нэрлэдгээр Янагийн удирдлага дор ажиллаж эхэлсэн. Энэ хүнтэй би долоон жил хамт ажилласан. Энэ үйлдвэрт намайг ажилд орохоор очиход надаас гадна нэг монгол буюу Хишигдэлгэр маань байсан. Харин биднийг ажиллаж эхэлснээс хойш монголчууд эрс нэмэгдэж, бараг 80 гаруй монгол ажилласан байдаг.
Янаг гэж нэрлэдгийн учир нь тэр хүн монгол, солонгос ажилчдаа ялгаж харилцана. Үүрийн 04:00 цагт монголчуудыг хашгичиж, загнаж сэрээнэ. Энэ дуугаар нь нөгөө өрөөнд унтаж байсан солнгосчууд сэрдэг. Солонгосчууддаа юм хэлж чадахгүй. Харин монголчуудыг тэг, ингэ гээд огт зүгээр суулгадаггүй, харааж, зүхдэг хүн байсан юм. Тийм болохоор нь монголчууд түүнийг Янаг гэж нэрлэдэг байсан. Гэхдээ түүний хүчинд би цаг наргүй ажиллаж, хүссэн цалингаа ч авч, ачаалал даах чадвартай болсон. Өнөөдрийн амжилт, ололт маань тэр үеийн хичээл зүтгэлтэй минь салшгүй холбоотой гэж боддог.
-Та яг ямар ажил хийдэг байв. Өнөөдрийн бүрэн цутгамал орон сууц барих ажлын гараагаа эндээс суралцав уу?
-Эхэндээ надаар бэлтгэл ажил хийлгэдэг байсан. Би хэв хашмал, өрлөг, мужааны арга техник сурах гээд ажлаа гялалзуулчихаад дээд давхар руу гараад ирэхээр Янаг надад өөр ажил ногдуулаад буулгачихдаг байсан. Би өөрийнхөө ажлын хажуугаар солонгос ажилчдаас нь гуйж байгаад хэв хашмал, мужааны зэрэг ажлыг бага багаар хийж, сурч эхэлсэн. Хэл сайн мэдэхгүй учраас дохио зангаагаар л гуйж байгаа юм. Ажлаас нь хөнгөлөлцөж байгаа болохоор солонгосчууд ч хийх юмыг маань дуртай зааж байсан. Сар гаруйн дараа миний хийсэн ажил аяндаа танигдаж, чанартай, сайн хийгээд ирсэн болохоор намайг жижиг сажиг ажлаас чөлөөлж, хүлээн зөвшөөрсөн. Удалгүй бид нэг айл ч юмуу, нэг давхрыг өөрсдөө хариуцаж хийдэг болсон. Тэндээс би нөхөрлөл, хүнтэй эвтэй байх, эвийг нь олж ажиллах, олонтой байх гээд амьдралын чухал, хэрэгтэй бүгдийг таньсан, ойлгосон.
-Монголд ирээд барилга барина л гэж төлөвлөж байсан уу?
-Ирэхээсээ өмнө Монголд очоод юу хийх вэ, яах вэ гэдгээ судалсан л даа. Тэгээд ирснийхээ дараа өөрийн хураасан мөнгөн дээр Ирланд, Японд ажиллаж амьдарч байсан хоёр эгчээсээ санхүүгийн туслалцаа аваад хоёр чингэлэг дүүрэн бүрэн цутгамал барилгад хэрэглэх бүх хэрэгсэл, материал оруулж ирсэн. Өмнө нь Солонгост хамт ажиллаж байсан Энхээ ахтай Солонгост байхдаа холбогдож, барилгын ажил судалж байгаач гэж гуйсан байсан юм. Энхээ ахын маань найз “Дельта” констракшны захирал Эрдэнэбат ах бүрэн цутгамал барилга барих ажил авч таарсан. Үүнийг сонсоод би ч яаравчилсан хэрэг. Тэр үед Эрдэнбат ах MSC-ийн ундааны үйлдвэрийн урд байрлах “Тивийн парк” буюу 16 давхар бүрэн цутгамал хоёр барилгын ажлыг эхлүүлсэн байсан. Тэгээд бид “Хамтарч ажилламаар байна, бүрэн цутгамалын чиглэлээр цөөнгүй жил ажиллаж байгаад ирлээ” гэхэд Эрдэнэбат ах “Та нар багаа бүрдүүл. Долоо хоног харъя” гэсэн. Тэгээд би өөрийн болон эхнэрийнхээ ах дүү, хамаатан садан, найзууд, Солонгост хамт ажиллаж байсан найзууд, Өвөрхангай аймгийн Баруун баян Улаан суман залуус гээд таван газраас 60 орчим хүн цуглуулсан. Хамгийн гоё нь би Солонгост ажиллаж байсан найз Батсайханыгаа хүрээд ир, энд ажиллаад наанаа авдаг цалингаа авах боломж байна гэхэд маргааш нь шууд нисээд ирсэн. Бас Нямсүрэн гээд найз маань араас нь ирж байсан. Ингээд бид ажиллаж эхэлсэн. “Тивийн парк” хотхоны хувьд нэг барилга нь таван давхар хүртлээ явчихсан, нөгөөх нь суурийн цутгалаа хийчихсэн байсан. Гэхдээ бүрэн цутгамал технологийг эзэмшээгүй, мэддэггүй хүмүүс уг барилгыг барих гэж нэлээд удаан ноцолдоод чадаагүй байсан үе юм билээ. Яг тэр үед нь би таарч, ажилласандаа одоо ч баярладаг. Биднийг хүмүүс гайхдаг байсан. Монголчууд тэр барилгыг барьж байна гэж бодоогүй гэж хүмүүс ярьж байсан. Хятад ажилчид ирээд энэ барилгыг ёстой гялалзуулаад дуусгалаа даа гэж байсан гэсэн. Тухайн үед Монголын барилгын салбарыг хятадууд гардан гүйцэтгэж байв. Тэгээд би нэг зорилго тавьсан. Би монгол удирдлага, инженертэй, монгол мэргэжлийн ажилтан, ажилчидтай барилгын компани байгуулж, монголчуудын өөрсдийнх нь барьж, бүтээсэн барилгад монголчууд амьдрах ёстой гэж бодсон.
-“Бүрэн цутгамал” компани байгуулагдсанаас хойш хэчнээн бүтээн байгуулалт, барилга бариад байна вэ?
-“Тивийн парк”-аас эхэлсэн “Бүрэн цутгамал” компанийн ажилчдын бүтээн байгуулалт нэлээд тоотой болоод байна. Тухайлбал, “Кристал таун” буюу 535 айлын намайн блок, 15 давхар орон сууцыг 2008-2012 онд, 2012-2014 онд “Эмералд” хотхоны 16 давхар 12 блок орон сууцны барилгаас гадна “Embusy tower”, “Корео таун”, амины орон сууц, орон нутаг дахь орон сууц зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт хийгээд байна. Бид өмнө нь “Дельта” констракшн компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан бол 2012 оноос “Эмералд” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгаас эхлэн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манай компаниас өнгөрсөн хугацаанд “Са Ва Маручи”, “Агар-Арвижих”, “Өсөх-Мөнх гранд” зэрэг 20 гаруй компани, бригад салж, Монгол Улсын бүрэн цутгамал барилгын салбарт ажиллаж байна. Харин “Бүрэн цутгамал” компанийн харьяанд одоогоор Бүрэн цутгамал, хэв хашмалын “Азчин трейд”, дотоод засал, хаалга, цонх, мужааны “Од Амар Баясгалан”, хоёр салбартай супермаркет ажиллаж байна.
-Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ. Энэ тал дээр танай компанийг нэлээд үлгэр жишээ гэж сонссон?
-Ажилчдынхаа нийгмийн асуудалд чамгүй анхаарахыг хичээдэг гэж болно. Компаниа анх байгуулаад байж байтал ажилчид “Хоол, хүнсээ цуглуулах гэсэн юм чөлөө өгөөч, цалингийнхаа тэдэн төгрөгийг урьдчилаад зээлье” гэх явдал их гарч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид компанийнхаа хажууд супермаркет нээсэн. Ажилчиддаа захын болон бөөний үнээр бараа, бүтээгдэхүүнээ өгөх зарчимтай. Ажилтан өглөө ирээд “Өнөөдөр надад тэдэн кг мах, гурил хэрэгтэй” гээд нягтланд бичүүлнэ. Орой харихдаа түүнийгээ супермаркетаас аваад явдаг болсон. Энэ үйлчилгээ одоо ч үргэлжилж байна. Мөн ажилчдадаа зориулж Долоон буудалд 40 айлын орон сууц барьж байна. Ажилчдын хурим, байрны найр зэрэгт бид машин болон өөр бусад эд материалаар байнга тусалдаг. Одоогоор манай компанийн арав гаруй ажилчин орон сууцтай болсон. Гэхдээ энэ бүгд зөвхөн миний хийсэн ажил биш. Өнөөдөр миний хүсэж, зорьсон бүхнээ биелүүлж, үүнээсээ илүү ихийг төлөвлөж, мөрөөдөж байгаад минь олон хүн нөлөөлснөөс би хэдэн хүнийг онцолмоор байна. Нэгдүгээрт, миний аав. Үүний дараа багын найз Чукагийн маань аав Сэрээнэн, ээж Норжмаа хоёр. Мөн миний том ах Батсүх, дараа нь “Дельта консракшн” компанийн захирлууд болох Эрдэнэбат, Эрдэнэчимэг нар, Тамир найз маань, үүний дээр Солонгост хамт ажиллаж байсан Юү Тэ Гүн. Юү Тэ Гүнээс би бүрэн цутгамал барилгыг хэрхэн барих, яаж хийвэл хурдан шуурхай чанартай хийх вэ гээд бүх арга технологийг сурсан. Дээрх хүмүүсээс гадна миний амжилтын гол хүч, түлхүүр бол гэр бүл минь. Бид одоо гурван сайхан охинтой, гал голомт залгах хүүтэй болсон. Өглөө ажилдаа баяртай, урам зоригтой гарч, орой ирэхдээ хүүхдүүдээ санасан, ажлаасаа таашаал авсан, үйлс нь бүтсэн, авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэг сэтгэл хангалуун гэр бүлийг бий болгохын төлөө би ч мөн ажиллаж, хөдөлмөрлөж байна.
-Та “Бүрэн цутгамал” компанийн ирээдүйг хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?
- Одоо бид нэг нэг хотхон, цогцолбор барих биш, нэгдэж том бүтээн байгуулалт, олон улсын чанартай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлье гэж зорьж байна. Энэ үүднээс “Монголын бүтээн байгуулалт, барилга хөгжлийн корпораци” байгуулахаар барилгын 10 компани нэгдэж, тамга, тэмдэгээ оны өмнө гардлаа. Хамгийн наад зах нь V цахилгаан станцыг үндэсний компаниуд барьж байгуулмаар байна шүү дээ. Тиймээс бид нэгдэж, энэ онд нэлээд зүйл хийхээр төлөвлөөд байна. “Бүрэн цутгамал” компанийн хувьд мэдээж үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын эзэн болж, үндэсний олон компанийг салбарлуулан, Монголын өнцөг булан бүрт хамгийн чанартай бүрэн цутгамал барилгуудыг барьж байгуулахад бид гар бие оролцоно. Энэ бол бидний хийх ёстой л ажил. Хамгийн чухал нь монгол хүн эх орныхоо бүтээн байгуулалтын эзэн байх ёстой.
Б.Энхмарт