Үндэсний үйлдвэрлэгч “Ноён пицца” ХХК-ийн хамт олонг “Баялаг бүтээгч” булангийн зочноор урилаа. Амтат пицца, шарсан тахиагаар иргэдэд анх үйлчилсэн энэхүү хамт олон өнөөдөр “Бид хаана ч халуунаар нь хүрнэ” гэсэн уриатайгаар ажиллаж байна.
Х.Сүхээ: Бид түргэн хоол, хүргэлт үйлчилгээний салбарт анхдагч гэдгээрээ бахархдаг
“Ноён пицца” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Сүхээтэй ярилцлаа.
- “Ноён пицца” ХХК анх хэдэн онд байгуулагдсан бэ. Тухайн үед хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байв?
-Манай “Ноён пицца” ХХК нь 2009 онд байгуулагдсан. Анх нэг хүргэлтийн цех, таван жолооч, таван ажилтантай үйл ажилагаагаа эхэлж байлаа. Харин одоо Улаанбаатарт найм, Дархан, Эрдэнэт хотод нэг нэг салбарт 260 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.
Улаанбаатарт найм, Дархан, Эрдэнэт хотод нэг нэг салбарт 260 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна
- “Ноён пицца” нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
- “Ноён пицца”-гийн хамт олон тахиа, пиццаны аль алиныг нь дотнын хүмүүстэйгээ гэртээ амтлах боломжийг олгосон Үндэсний үйлдвэрлэгч компани юм. Шинээр байгуулагдаж байх үед манайд гадна дотно явж үзсэн хүмүүс л пицца, шарсан тахиаг амталдаг байсан үед бид монголын хөрсөнд буусан амттанг брэнд болгон монголчууддаа анхлан таниулж байлаа. Тэр үед цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэг байсан. Харин одоо найман төрлийн пицца, тахианы махан олон төрлийн бүтээгдэхүүнийг хүргэлтээр болон ресторануудаараа хэрэглэгчиддээ хүргэн үйлчилж байна.
“Ноён пицца”-ны хамт олон тахиа, пиццаны аль алиныг нь дотнын хүмүүстэйгээ гэртээ амтлах боломжийг олгосон Үндэсний үйлдвэрлэгч компани юм
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж ч гэсэн чухал?
- Тэгэлгүй яахав. Манайх сүүлийн үеийн пицца үйлдвэрлэлийн салбарт хэрэглэж буй тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
- Аливаа байгууллагын хөдөлгөгч хүч бол мэдээж ажилчид. Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?
- Хүний нөөцийн тал дээр бодлогын түвшинд олон ажил зохион байгуулдаг. Бид өөрсдийн баг, хамт олныг тогтвор сууршилтай ажиллуулах тал дээр маш сайн анхаардаг. Тухайн хүний цалин болон нийгмийн асуудал дээр байгууллагын зүгээс аль болох анхаарч ажиллахыг хичээдэг дээ. Мөн гадаадад ажилчдаа сургалтанд хамруулж ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлдэг.
- “Ноён пицца” бүтээгдэхүүнийхээ сав, баглаа, боодолд хэрхэн анхаардаг вэ?
- Хоол үйлдвэрлэлийн стандартын дагуу сав, баглаа, боодлыг ашигладаг. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Эко пак”, ”Пинпак” зэрэг хэвлэлийн компаниудад хайрцаг, сав, баглаа, боодлоо захиалж хийлгэдэг. Тэдгээр нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байдаг.
- Хэзээнээс “Ноён пицца” онлайнаар захиалга авч эхэлсэн бэ?
- Бид нэгдүгээр сараас онлайнаар захиалга авч эхэллээ. Мөн цаашид орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэхийг чухалчлах болно.
Бид нэгдүгээр сараас онлайнаар захиалга авч эхэллээ
- Цаашид нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “Ноён пицца” салбараа нээх үү?
- Бид алсагдсан гэр хорооллын хэрэглэгч нартаа ойртож үйлчилгээний болон хүргэлтийн салбаруудаа нээх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Багануур дүүрэг болон оюутны хотхонд шинэ салбараа нээх бодолтой байна.
Багануур дүүрэг болон оюутны хотхонд шинэ салбараа нээх бодолтой байна
- Үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын дундах татварын орчин өнөөдөр ямар байгаа вэ?
- Бид үйлдвэрлэл эрхэлж л байгаа бол татвар төлөх нь ойлгомжтой. Харин татварыг бага зэрэг шатлалтай болгох хэрэгтэй. Тухайлбал дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар дээрээс нь НӨАТ-ын 10 хувь нэмэгдээд 20 хувийн татвар улсад төлдөг. Тэгэхээр миний бодлоор НӨАТ-ын босгыг бага зэрэг нэмэх хэрэгтэй. Бид улсад татвараа төлөөд үнэнч шударгаар үйл ажиллагаагаа үргэлжүүлж байхад бидэнд бараа бүтээгдэхүүнээ өгдөг бусад харилцагч компаниуд ямар ч НӨАТ-ын баримт өгдөггүй. Энэ нь хүмүүс татвараа нуугаад байна гэсэн үг. Үүнийг ил болгохын тулд НӨАТ-ын босгыг 200 сая юм уу дор хаяж 100 сая болгох хэрэгтэй. Өнөөдөр 50 сая болгоё гэсэн төсөл гарсан. Гэсэн ч 50 сая төгрөг бол захын цайны газрын борлуулалт. Тиймээс НӨАТ-ын босгыг 200 сая болговол хүмүүсийн татвар төлөх хандлага өөрчлөгдөнө.. Том компаниуд тэртээ тэргүй татвараа төлөөд явах нь ойлгомжтой.
- Улсаас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээр хэд хэдэн төсөл хөтөлбөр бий болгосон. Энэ нь хэр эзнээ олж байгаа вэ?
- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор улсаас олон ажил зохион байгуулдаг. Миний бодлоор байгууллагыг зээлээр дэмжиж болно. Гэхдээ тухайн хүнийг юм хийж байна уу, үгүй юу гэдгийг хэн ч хянадаггүй. Ер нь зээлийг хийж байгаа хүндээ бус бизнесийн өөр зорилгоор ашигладаг хэн нэгэнд очдог гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл зээл доод шатандаа хүрэхгүй байна.
- Аль ч салбарт стандартыг мөрдөх нь гарцаагүй. Тэгвэл өнөөдрийн мөрдөж буй стандарт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байна?
- Мэдээж стандарт бүх салбарт байх нь гарцаагүй. Гэхдээ стандарт гэдэг нь өнөөдрийн цаг үедээ зохицсон байх ёстой. Жишээ нь захын цайны газар ч юмуу жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст дэлхийн стандарт яриад хэрэггүй. Өнөөдөр Монгол Улсад дэлхийн стандарт ярих арай болоогүй. Энэ жижиг зах зээлд цөөхөн хэдэг хүн учраа олох гэж ядаж байхад зүгээр төрөөс дэмжиж өгөөд өөрсдийнх нь хөлөөр явуулмаар байгаа юм. Түүнээс төр оролцоод стандартыг нь тогтоогоод баймааргүй л байна. Ямар ч зах зээл дээр хэрэглэгч хаан байдаг учир үйлдвэрлэгчид өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний чанарт анхаардаг болсон шүү дээ.
Ямар ч зах зээл дээр хэрэглэгч хаан байдаг учир үйлдвэрлэгчид өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний чанарт анхаардаг болсон
Ийнхүү Х.Сүхээ захиралтай ярилцсаны дараа сэтгүүлч надад “Ноён пицца”-гийн үйлдвэр болон цехтэй танилцах боломж олдсон юм. Үйлдвэр дээр очиход та бидний амтархан иддэг төрөл бүрийн пицца, шарсан тахиаг эхний байдлаар бэлтгэж байлаа. Улмаар тус үйлдвэрээс бэлтгэн гаргасан пиццаны гурил, нарийн боов, тахианы хагас боловсруулсан махыг цехүүдэд хүргэж тэндээсээ захиалгын дагуу мэргэжлийн тогоочид амтлан, 24 цагийн хүргэлтээр амтат халуун пицца, утсан болон бүрсэн тахианы мах, нийт 10 гаруй нэр төрлийн түргэн хоол та бидний гар дээр ирдэг байна. Энэ үеэр “Ноён пицца” ХХК-ийн технологич Д.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
Д.Бямбасүрэн: Технологийн дагуу ажиллахад аливаа бүтээгдэхүүнд эрсдэл гарахгүй
- Түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанарт ямар шаардлага тавьдаг вэ?
- “Ноён пицца” нь түүхий эд, материал болон эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх шатандаа эрүүл ахуй, ариун цэврийн дээд зэргийн шаардлага тавьж ажилладаг. Тухайлбал цех тус бүрт болон үйлдвэр дээрээ түүхий эдийг сайтар шалгадаг. Түүнчлэн бүтээгдэхүүний хадгалалтад маш сайн анхаардаг. Технологийн горим алдагдаагүй тохиолдолд түүхий эд, материал болон гарч буй бүтээгдэхүүнд эрсдэл гарахгүй.
Технологийн горим алдагдаагүй тохиолдолд түүхий эд, материал болон гарч буй бүтээгдэхүүнд эрсдэл гарахгүй
- Бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагаас гадна ажилчдын эрүүл ахуйн асуудал бас чухал?
- Эрүүл ахуй гэдэг цогц асуудал. Зөвхөн түүхий эд, бүтээгдэхүүн, ажилчдад эрүүл ахуйн өндөр шаардлага тавихаас гадна ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг нь бүгд эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Манайх ажилчдаа зургаан сар тутамд эрүүл мэндийн 4-5 төрлийн шинжилгээнд хамруулдаг. Тогооч,бэлтгэгч зэрэг ажилчид ажилд анх орохдоо бүгд шинжилгээнд хамрагддаг.
- Аливаа түүхий эдийн дээжийг лабораторид шинжилдэг. Яг ямар шат дамжлагаар түүхий эдээ шинжилдэг вэ?
- Бид түүхий эд материалаас гадна бүтээгдэхүүнээ улирал тутамд Мэргэжлийн хяналтын төв лабораторид өгч шинжлүүлдэг. Мөн дахин шинэ бүтээгдэхүүн гаргасан тохиолдолд лавлагаа лабораторид байнга шинжлүүлж байгаа. Хоол хүнс гэдэг хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор бид онцгой анхаарч ажилладаг.
- Баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье?
- Баярлалаа.