Бид энэ удаагийн “Баялаг бүтээгч” булангийнхаа зочноор “Дээдсийн гоёл” салоны захирал З.Оюунчимэгийг урьж, түүнтэй бүтээгдэхүүний онцлог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тохиолдож буй бэрхшээлийн талаар ярилцлаа.
-Танай салон ямар төрлийн дээл урладаг вэ. Хараад байхад их өвөрмөц санагдлаа?
-Манайх зөвхөн Хүннү дээл урладаг. Бид дэлхийн талыг эзэлж байсан агуу түүхтэй ард түмэн. Тэгсэн хэрнээ бид яагаад 200 гаруй жил дарлаж явсан Манжийн үеийн дээлийг үндэснийхээ дээл гэж бодож явах ёстой гэж. Сураад үзэхэд, хүннүчүүдээс эхлэлтэй манай улсын тусгаар тогтнолын суурь тавигдсан. Мөн хувцас нь ч хүннү захаас эхлэлтэй. Хүннү эхнэр дээл ч бас их гоё байдаг. Бүтэн энгэртэй, гэхдээ өргөн ханцуйтай байдаг. Учир нь тэр үед дайн байлдаан их болдог байсан болохоор нэг ханцуйндаа гал тогоогоо хийгээд, нөгөө ханцуйндаа хүүхдээ хийгээд, хормойндоо ойр зуурынхаа зүйлийг хийгээд гүйдэг байсан гэсэн. Тэгэхээр энэ бүхэнд зохицсон дээл бол ганцхан хүннү дээл юм.
Эх түүх намайг энэ ажилд хөтөлсөн
Гэтэл өнөөдөр бид бүгд хагас европ хувцас өмсөж байна. Ер нь Солонгос, Япон зэрэг орнуудад очиход түүх соёлоо харуулсан өөрсдийн гэсэн үндэсний хувцастай байдаг. Харин манай оронд байдаггүй. Үүний учир шалтгаан нь Манжийн дарлалд 200 гаруй жил байснаас үүдэлтэй. Тиймээс ч дөрвөлжин захтай дээлийг үндэснийхээ дээл гэж бодож явсаар байна. Ирээдүй хойч үеэ үндэсний хувцсыг зөв зохистой хэрэглээд, өмсөөд явбал тустай болов уу гэж боддог. Дээрээс нь ирээдүйд залуучуудын өмсөж, эдэлж байгаа зүйл нь үндэснийхээ хэв шинжийг агуулсан байгаасай гэж боддог. Түүнээс гадна өдөр тутамдаа европ хувцасны оронд өмсдөг байж яагаад болохгүй гэж.
-Хүннү дээл нь бусад дээлнээс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Бүтэн энгэртэй байдаг. Энэ нь хүний биен дэх зургаан хүрдийг хааж, нар буруу, нар зөв давхар хааж байж тухайн хүн маань өвчин тусахгүй, эрүүл энх байж чадна. Тэгэхээр бидний өмсөж байсан дээл маань нарийн учир шалтгаантай байдаг. Өвөг дээдсийн ур, ухаанаа шингээсэн дээлний учрыг мэдэхгүй байж дуртай хүн болгон хийгээд байж болохгүй шүү дээ.
-Танайх үйл ажиллагаагаа хэзээнээс эхэлсэн бэ. Яагаад заавал дээл оёх болсон бэ?
-Одоогоос 17-18 жилийн өмнөөс дээл оёж эхэлсэн. Харин үндэсний хувцас, дээл гээд шинжээд судалгаа хийж эхэлсэн нь 2008 оноос эхлэлтэй. Ямар дээл өмсдөг байсан, ямар түүхтэй ард түмэн бэ, энэхүү дээл нь хүний биед хэр зохицдог вэ гэдгийг олон жил судалсны үндсэн дээр өнгөрсөн жилийн тавдугаар сард анх салонаа байгуулсан. Ер нь судлаад үзэхээр улам ихийг хийх хүсэл төрж “Яагаад би хийж чадахгүй гэж” гэсэн бодол их төрдөг юм билээ.
-Торго болон түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Манайх торго болон бусад материалаа ихэвчлэн Туркээс оруулж ирдэг. Мөн Герман, Солонгос, Японоос авдаг.
-Монгол гоёлын дээлийг үнэтэй гэсэн шүүмжлэл их гардаг. Тэгвэл таны хувьд бүтээгдэхүүний чанар болоод үнийн хувьд ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?
-Аливаа зүйлийг үнэлж сурах хэрэгтэй. Тэр нь цаг хугацаа, хүний сэтгэл зүрх, хөдөлмөр зэрэг шингэж байж бүтдэг. Зүгээр ур гаргаж хийсэн дээл өөр, өөр сэтгэхүйгээр хийсэн дээл бас өөр. Үнэтэй, үнэгүй байна уу гэдэг нь тухайн хүний үнэлэмжийн л асуудал гэж боддог. Өөрийнхөө харж, мэдэрч байгаагаар л үнэлдэг.
-Тэгвэл танай салоны дээлийн дундаж үнэ ямар байдаг вэ?
-Янз бүр байдаг. Энгийн өмд, цамц, дотор өмсгөлүүд боломжийн дундаж үнэтэй байгаа. Харин дээлний хувьд арай өндөр үнэтэй байдаг.
-Хүмүүс загвараа сонгоод оёулахад хэд хоногийн дотор бэлэн болох вэ?
-Миний зарим дээл музейд тавигдаж байсан. Тиймэрхүү ур хийцтэй дээлүүд 45-50 хоногт багтаж гардаг.
Аливаа зүйлийг үнэлж сурах хэрэгтэй. Тэр нь цаг хугацаа, хүний сэтгэл зүрх, хөдөлмөр зэрэг шингэж байж бүтдэг
-Сүүлийн жилүүдэд дээл оёдог газрууд олон болсон. Тэгвэл энэ салбарын зах зээл хэр өрсөлдөөнтэй байдаг вэ?
-Өрсөлдөөний хувьд гэвэл тухайн салоноос гарч байгаа бүтээгдэхүүнээс 100 хувь шалтгаалдаг. Тэрнээс биш хэдэн төгрөгөөр, хэнээр хийлгэх нь чухал биш. Өнөөдөр хэн өмсөж, хэний биед тааламжтай байна гэдэг нь чухал. Ер нь гадуур нэг загварын хувцас үйлдвэрлэдэг газрууд их ховор болсон. Бүгд л өөр өөрийн онцлогтой байгаа. Манайх ганцхан хүннү дээл болон 13 угсаа удмын дээлүүдийг урлаж гаргадаг.
-Сар шинийн баяр болох гэж байна. Тэгвэл энэ жилийн дээлний загвар ямар байгаа вэ?
-Энэ жилийн дээлний загвар их өөр болсон гэж бодож байна. Ажиглаад үзэхээр куртик шиг богинохон, авсаархан дээлийг их сонирхож өмсөх болж, урт сунжирсан зүйлд тийм ч таатай ханддаггүй болжээ. Аль болох хүний биед өмсөхөд эвтэйхэн, эргээд дахин хэрэглэгдэх боломжтой байх ёстой.
-Сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ хос дээл өмсөх нь их болжээ. Энэ чиглэлд ямар өнгө, загвар голлодог вэ?
-Миний нэг шүүмжлэлтэй ханддаг зүйл байдаг. Юу вэ гэхээр ижил хурга шиг ижилхэн өнгөтэй дээлийг эр эмгүй өмсдөг болж. Энэ нь миний хувьд их онцгүй харагддаг. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёулаа өөр өөрийн гэсэн өнгө, зүс царай, бие хаа өөр байхад нэг өнгийн дээл өмсөөд явж байхаар авцалдахгүй харагддаг. Нөгөө талаар хүн хүндээ тохирсон дээлээ өмсөж, өнгийг уусгаж өгөх нь илүү зохимжтой.
-Танайх загварын шоунд оролцдог уу. Шагнал авч байв уу?
-Загварын шоунд оролцож байгаагүй, харин үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Шагналын тухайд “Бүтээлч Монгол” гэдэг шагнал авч байсан. Бас холбогдох яам болоод Ерөнхийлөгчийн нэрэмжит батламжийг гардсан.
-Танайх хичнээн ажилтантай вэ?
-Манайд 4-5 хүн ажиллаж байгаа. Би өөрөө загвараа гаргаад, эсгээд явдаг.
-Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би хоёр мэргэжилтэй. Эхлээд хуульч, өмгөөллийн чиглэлээр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд дизайны чиглэлээр мэргэжлийн сургуулийг төгсөөд ажиллаж байна.
-Одоогоос 20 жилийн өмнө манайд хөнгөн үйлдвэр, боловсон хүчин ч сайн байсан. Харин одоо гаднын брэндүүдтэй өрсөлдөх туршлага, боловсон хүчин, чадварын хувьд хэр байна вэ?
-Ерөнхийдөө өнгө үзэмж, дизайны хувьд сайн боловч оёдлын алдаа маш их гаргадаг нь ажиглагддаг. Мөнгө төгрөгтөө тааруулдаг үгүйг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ нэгэнт л хөрөнгө мөнгө зарцуулаад хийж байгаа бол сэтгэл ханамжийн хувьд 100 хувь байлгах ёстой. Тийм байлгахын тулд бүтээгдэхүүн маань өөрөө 100 хувь л байх ёстой. Гэхдээ бүх хүн тийм биш. Сайн оёдог мундаг хүмүүс олон бий.
Ерөнхийдөө өнгө үзэмж, дизайны хувьд сайн боловч оёдлын алдаа маш их гаргадаг нь ажиглагддаг
-Төр засгаас явуулж буй баялаг бүтээгч, хувийн хэвшлийнхнийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж чадаж байгаа юу. Танайд тулгамдаж буй ямар асуудал байгаа вэ?
-Одоогоор тийм зүйл алга. Тулгамдаад байгаа асуудал ч нээх их алга. Бид хэдийгээр байгуулагдаад удаагүй байгаа ч өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болж чадсан. Тухайн хүмүүсийн хувцсыг урлаж өгнө.
-Танай салоны ирээдүйн зорилго юу вэ?
-Монгол хүнийг жинхэнэ үндэснийх нь хувцсаар гоёх нь бидний хамгийн том зорилго юм.
-Танд баярлалаа. Таны цаашдын ажилд улам их амжилтыг хүсье