Орхон аймгийн төвд төмөр хийц үйлдвэрлэлийн 4-5 компани байдаг. Тэднээс төмрийн хийц, бэлдмэлийн бүхий л дамжлагыг өөрсдөө хийж гүйцэтгэдэг “Батмонгол хийц” компанийг “Баялаг бүтээгч” буландаа онцолж байна. “Батмонгол хийц” ХХК-ийн захирал Д.Баттөгстэй ярилцлаа.
Яагаад заавал төмөр хийц үйлдвэрлэлийн компани байгуулах болсон бэ. Компанийнхаа талаар ярихгүй юу?
2004 онд анх компаниа үүсгэн байгуулсан. Компани байгуулахад миний эзэмшсэн мэргэжил их нөлөөлсөн гэж хэлж болно. Металл боловсруулах чиглэлээр сургууль төгссөн учраас өөрийн сонирхлоороо энэ компаниа нээсэн. Анх 2004 онд манай найз ирээд тоосонцор алтыг барих тор хийх санаа гаргаад, жилийн хугацаанд туршсаны эцэст тороо хийсэн. Тэгээд хийсэн торыг маань алтны компаниуд авч, сүүлдээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж нэлээд ашиг олж байсан. Тэгээд үүнээс үүдэж компани байгуулаад анх айлын гарааш түрээсэлж ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үедээ амьдарч байсан нэг өрөө байраа барьцаанд тавьж “Анод” банкнаас 1.5 сая төгрөгийн зээл аваад лист төмөр хайчилдаг хайчны суурин машин авч ажлаа эхэлж байсан. Үүнээс хойш 11 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн гол нь мэргэжлийнхээ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор энэ нь маш том давуу тал болж өгч байна.
Одоо ямар төрлийн, хэчнээн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна вэ?
Нэр төрлийн хувьд гэвэл тоо томшгүй, гол нь тоо ширхгийн тал дээр хэрэглэгчийн захиалгаас хамаарч янз бүр гардаг. Хөдөө аж ахуйн компани гэхэд анжис, уул уурхайн компани экскаваторын шүд, төрөл бүрийн хутга, ир, ган бөмбөлөг гэх мэт шаардлагатай бүх л зүйлсийг өөрсдийн хүчин чадлаараа хийдэг.
Үйлдвэрлэлийн явцад хийсэн бүтээгдэхүүн тань гологдох, шилэгдэх явдал гардаг уу?
Чанартай, чанаргүй янз бүр л гардаг. Дараа нь түүнээсээ суралцаж, чанараа улам сайжруулсаар хэдэн төрлийн голлох бүтээгдэхүүнтэй болчихсон байгаа.
Жишээ нь ямар төрлийн голлох бүтээгдэхүүн байна?
Дээр хэлсэнчлэн төмөр тор байна. Одоо манайд 300 гаруй алтны уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд их болхи аргаар хүдрээ боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, гол хүхэрлэг том алтуудаа олборлоод нарийн тоосонцрон алтыг хаяад явчихдаг. Түүнийг араас нь нинжа гэж яриад байгаа хүмүүс ухаж авдаг. Гэхдээ нинжа нарын харж чадахгүй нарийн алт ч цаана нь байдаг. Тиймээс тэрийг барьдаг тор нь манай үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болсон. Энэ тор маань гэхдээ зөвхөн алт олборлоход гэлтгүй барилгын салбарт ч хэрэглэгдэх боломжтой.
Тоног төхөөрөмж болоод боловсон хүчний хувьд хэр хангалттай вэ?
Тоног төхөөрөмжийн тал дээр гэвэл хүчин чадалтай, том машинууд тавих шаардлага бараг байхгүй. Яагаад гэвэл асар их үнэтэй тоног төхөөрөмж оруулаад түүнийхээ хэрээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ гэхэд манайд тийм их хэмжээгээр худалдан авах зах зээл байхгүй. Тиймээс бид Оросын хуучин тоног төхөөрөмжүүдийг шинэчлээд ажиллуулж байна.
Хүний нөөцийн хувьд залуучуудаа сургаж ажилд авдаг. Хамгийн дээд тал нь найман жил ажилласан туршлагатай хүмүүс бий.
Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?
Манай үйлдвэрээс хаягдал материал бараг гардаггүй. Үлдэгдэл төмрүүдээ цутгаад, зороод дахин ашигладаг. Төмөр хийцийн хувьд худалдааны компаниудаас худалдаж авдаг.
Ижил төрлийн компаниудаас танайх юугаараа онцлог, давуу талтай вэ?
Эрдэнэтийн хэмжээнд ярихад нэг компани нь дан ган бөмбөлөг хийдэг. Бас нэг үйлдвэр нь манайхтай ижил боловч олон төрлийн бүтээгдэхүүн байхгүй, дан цутгуурын чиглэлээр дагначихсан. Яг төмөр хийцээр дагнасан өөр компани бараг байхгүй. Энэ үйлдвэр маань өөрөө эрсдэл их, зардал өндөртэй босдог. Манай онцлог гэвэл өөрсдөө металл хайлуулах зуухтай, дараа нь өөрсдөө түүнийгээ зорно, нүхэлнэ. Бүх шат дамжлагыг хийж, эцсийн бүтээгдэхүүнээ гаргадаг. Нөгөө компаниудын хувьд гэвэл зөвхөн цутгадаг ч юм уу, ганц нэг үйлдэл хийдэг.
Бүх шат дамжлагыг нэг компани хийнэ гэхээр хэрэглэгчдэд ч амар хялбар байдаг болов уу?
Тийм. Маш их зардал хэмнэнэ гэсэн үг. Жишээ нь нэг компанид дугуйгаа хийлгээд, дахиад өөр компанид түүнийгээ зоруулна гэвэл зардлын хувьд өндөр гарна. Харин манай компани аль алиныг нь хийнэ.
Хэрэглэгч танай компаниас бүтээгдэхүүн авахад ямар үр ашигтай байх вэ?
Маш олон давуу тал бий. Гол нь импортын бараа бус, эх орондоо үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа цаг зав, санхүүгээ хэмнэнэ. Хятадаас орж ирж байгаа, манайхтай ижил бүтээгдэхүүнүүд өнгө зүсээрээ сайхан ч чанарын тал дээр маш хол зөрүүтэй. Харин Оросоос орж ирж байгаа нь бат бөх байдаг ч илүү үнэтэй. Тиймээс манайх яг энэ хоёрын голоор чанартай, дээрээс нь хямд үнээр зах зээлд нийлүүлэх бодлогыг голчилж ажиллаж байна.
Төр засгаас танайд ямар нэгэн бодитой тусламж дэмжлэг үзүүлдэг үү?
Манай компанид бол тийм зүйл огт байхгүй. Төрөөс тусламж дэмжлэг авч байсангүй. Орхон аймгийн хувьд тендерт зөндөө оролцож байсан ч танил талаараа өөр хүн авчихдаг. Ихэвчлэн гадны компаниуд ялсан харагддаг. Мөн урт хугацааны зээлийн төсөл хөөцөлдөж байсан ч маш урт хугацаанд шийдвэр нь гардаг. Бидний хувьд аль болох хурдан зээлээ авч, тоног төхөөрөмжөө худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлэх л гол зорилго шүү дээ. Тиймээс сүүлийн үед бизнесийн зээлээр л ажлаа явуулдаг болсон. Гэхдээ энэ нь банкууд дотроо өөр өөр байдаг. Зарим нь ажлын тав хоногт гаргаад өгч байхад зарим нь сар болох жишээний.
Ойрын хугацаанд компанийнхаа зүгээс зорьж хэрэгжүүлэх ажил юу байна?
Компаниа улам илүү өргөтгөх бодол байна. Гэхдээ эдийн засгийн боломж бололцоондоо баригдчихаад байна. Уг нь үйлдвэрлийн дахиад нэг объект бий. Түүндээ үйлдвэрлэлээ хөгжүүлье гэсэн ч эдийн засагтаа хавчигдчихаад чаддаггүй.
“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл танд ямар санагдаж байна?
Олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зэрэг сурталчлаад, зөвхөн орон нутагтаа бус улс орон даяар гаргана гэхээр маш их баяртай байна. Өмнө нь ямар ч телевиз, сэтгүүлд ярилцлага өгч байгаагүй. Тиймээс танай агентлагийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.