“Масс агентлаг”-ийн санаалчлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос үргэлжилж байна. Төсөл хөтөлбөрийн баг бүрэлдэхүүн Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй “Өвлөх урлаг” оёдлын цехийн уран гартай ажилчидтай уулзлаа. Тус оёдлын цех нь монгол гутал, эмээлийн гөлөм зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүдэг аж. Ингээд “Өвлөх урлаг” цехийн дарга Л.Батсүхтэй ярилцсан юм. Дашрамд дурдахад Л.Батсүх нь Төв аймгийн Цонжинболдог цогцолборт байрлах монгол гутлын эх загварыг гаргасан юм.
- “Өвлөх урлаг” оёдлын цех анх хэзээ үйлдвэрлэлээ эхэлсэн бэ?
- Анх эхнэртэйгээ хамтран өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаад 2010 онд “Өвлөх урлаг” оёдлын цехийг байгуулсан. Манай аав монгол гутал, эмээлийн гөлөм хийдэг хүн байлаа. Тиймээс би ухаан орсон цагаас л монгол гутал, эмээлийн гөлөм оёж сурсан.
- “Өвлөх урлаг” оёдлын цех хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
- Одоогоор манай оёдлын цех монгол гутал, гөлөм хоёрыг голчлон үйлдвэрлэдэг. Мөн хэтэвч, түлхүүрийн оосор зэргийг хийдэг.
- Ер нь танай бүтээгдэхүүний онцлог, давуу тал юу вэ?
- Өвлөж үлдсэн үндэсний хээг олон түмэнд таниулахын тулд боловсронгуй болгож гар аргаар бүтээгдэхүүн дээрээ шигтгэж өгдгөөрөө онцлогтой.
Өвлөж үлдсэн үндэсний хээг олон түмэнд таниулахын тулд боловсронгуй болгож гар аргаар бүтээгдэхүүн дээрээ шигтгэж өгдгөөрөө онцлогтой
- Үйлдвэрлэж байх хугацаанд нийт хичнээн төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн бэ?
- Сүүлийн гурван жилийн хугацаанд эмээлийн гөлөм дагнан үйлдвэрлэж 1000 гаруй гөлөм зах зээлд нийлүүллээ.
- Ер нь танай бүтээгдэхүүн хэдэн төрлийн шат дамжлага дамжиж хэрэглэгчдийн гар дээр очдог вэ?
- Нийт 3-5 дамжилгаар дамжиж бэлэн болдог.
- Гөлөм болон эмээлийг захиалгаар үйлдвэрлэхээс гадна хаана борлуулж байгаа вэ?
- “Нарантуул” захын зургаан лангуун дээр манай бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тэдгээр хүмүүстэй гэрээ хийж бараа бүтээгдэхүүнээ захиалгаар нийлүүлдэг. Мөн Өвөрмонгол руу бүтээгдэхүүнээ гаргаж байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд цех дээрээс үйлдвэрийн үнээр эмээлийн гөлөм,монгол гутал авах боломжтой.
- Өвөрмонгол руу яг ямар бүтээгдэхүүн гаргаж байна?
- Зөвхөн эмээлийн гөлмийг Өвөрмонгол руу гаргаад хоёр жил болж байна.
- Аливаа үйлдвэрлэл явуулахад гол хүчин зүйл бол яахын аргагүй ажиллах хүч байдаг. Одоогоор хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна?
- Манай оёдлын цехэд одоогоор надтай нийлээд таван хүн ажиллаж байна. 2011 онд долоон хүнийг ажлын байраар хангаж өөрсдийнхөө үйлдвэрлэл дээр сургасан. Улмаар тэдгээр хүмүүсийн хоёр нь өөрийн бизнесээ үргэлжүүлж байна даа.
- Тэгэхээр таны хувьд үйлдвэрлэлээ үргэлжүүлэхийн хажуугаар хүмүүст дэвших боломжийг олгож байгаа нь сайшаалтай юм.
- Тэгэлгүй яахав.
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор улсаас олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Танай оёдлын цех ямар нэг төсөл хөтөлбөрт хамрагдсан уу?
- Манай оёдлын цех 2011 онд Сум хөгжүүлэх сангаас зээл авч байсан. Тухайн үед бид долоон ажилтантай, цаашид болох юм байна гэсэн урам зоригтой ажиллаж эхэлсэн. Бидэнд тодорхой үл хөдлөх хөрөнгө гэж байсангүй. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар банктай харилцаж чаддаггүй байлаа. Харин сум хөгжүүлэх сангаас зээл өгдгийг сонсоод зээл авсан. Гурван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авч одоогийн байдлаар ямар ч байсан ажлын байр, үл хөдлөх хөрөнгөтэй боллоо. Өөрөөр хэлбэл аль ч банкинд очсон нүүр бардам зээл авах боломжтой болжээ.
Аль ч банкинд очсон нүүр бардам зээл авах боломжтой болжээ
- Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тодорхой бэрхшээлүүд зайлшгүй тулгардаг байх. Таны хувьд хэр бэрхшээлтэй тулгарч байв?
- Хамгийн гол нь ажиллах боловсон хүчин дутмаг байна. Бид үйлдвэрлэл явуулъя гэсэн хичнээн хүсэл эрмэлзэлтэй байлаа ч ажиллах боловсон хүчин алга. Ер нь гурван жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулж байхад ажиллах хүчээ өөрстөө бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн. Бид ажиллах хүндээ санаа тавьж, санаачилга гаргахүй бол их дээд сургууль төгссөн хүүхдүүд ирээд бидэнд гологддог.
Бид ажиллах хүндээ санаа тавьж, санаачилга гаргахүй бол их дээд сургууль төгссөн хүүхдүүд ирээд бидэнд гологддог
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд цаашдын том зорилго байх нь гарцаагүй. Таны цаашдын зорилго юу вэ?
- Миний бодлоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид том зорилго тавих хэрэгтэй. Жишээ нь дээр хэлсэнчлэн маш сайн ажиллах хүчтэй байж л цаашид өргөжиж, зорилго маань тодорхой болно гэсэн үг юм.
- Та ааваасаа өвлөж авсан үйлдвэрлэлээ үргэлжүүлж байгаа. Тэгвэл хүүхдүүд тань энэ бизнесийг өвлөх болов уу?
- Тэгэлгүй яахав. Манайх хоёр охин, хоёр хүүтэй. Охидуудын нэг нь оёдлын ангид нөгөө нь нягтлангийн ангид суралцаж байна. Би хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад үйлдвэрлэлээ цаашид үргэлжүүлнэ. Тиймээс нэг нь заавал нягтлан байх ёстой. Нөгөөх нь загвар зохион бүтээгч чиглэлээр суралцаж, цаашид үйлдвэрлэлээ үргэлжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Мөн манай хоёр хүү түлхүүрийн оосор, гар утасны сав зэргийг оёчихдог.
- Хөвгүүд нь хэдэн настай вэ?
- Том хүү 9, бага хүү 7 настай.
- Таныг Цонжинболдог цогцолборт байрлах монгол гутлын эх загварыг зохиосон гэж сонслоо. Энэ саналыг хэн танд анх тавьж байв?
- 2007 онд надтай н.Эрдэнэбулган гэдэг залуу ирж уулзаад “Бид Геннисийн номонд орох том монгол гутал хийх гэж байгаа. Та эх загварыг нь гаргаж өгөөч” гэсэн саналыг тавьж байлаа. Тэгээд саналын дагуу аавынхаа хийж байсан монгол гутлын эх загварыг тэдэнд өгсөн. Миний хувьд хэр баргийг хүмүүст аавынхаа бүтээсэн монгол гутлын загварыг өгөөд байдаггүй л дээ.
- Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
- Би дунд сургуулиа төгсөөд малчин болсон. Миний хувьд ухаан орох цагаасаа л эмээлийн гөлөм, монгол гутал ээргийг хийж эхэлсэн дээ. Тиймээс би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор өдий хүртэл зүү утас нийлүүлж явна даа.
Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор өдий хүртэл зүү утас нийлүүлж явна даа
- Баярлалаа, Таны цаашдын ажилд амжилт хүсье. Үйл нь уран байх болтугай.
- Баярлалаа, Танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. Биднийг дэмжиж үйл хэргийг маань олон түмэнд сурталчилж байгаад талархаж байна.
Биднийг дэмжиж үйл хэргийг маань олон түмэнд сурталчилж байгаад талархаж байна