"Масс агентлаг"-ийн санаачилсан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхлээд буй. Үүний дагуу Өвөрхангай аймаг дахь жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж байгаа билээ. Энэ удаад бид молоко үйлдвэрлэдэг Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Н.Даариймаатай ярилцлаа. Тэрбээр молоко хийхийн хажуугаар аргалыг нүүрсний үртэстэй хольж хэвэнд оруулан шахаж илчлэг сайтай түлш гарган авдаг аж.
- Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, та бүхэн сайн явж байна уу.
-Сайн явж байна аа. Молоко үйлдвэрлэдэг гэдгийг дуулаад их сонин санагдлаа. Та энэ санааг хаанаас олж мэдэв Хэзээнээс хийж эхэлсэн бэ?
- 2010 оноос эхлэн гэртээ молоко хийж эхэлсэн. Анх Сум хөгжүүлэх сангаас хоёр сая төгрөгийн зээл авсан. Улмаар хоёр үнээ худалдан авч үнээнийхээ сүүгээр молоко үйлдвэрлэж байна.
Хоёр үнээ худалдан авч үнээнийхээ сүүгээр молоко үйлдвэрлэж байна
- Хүмүүс Орос молоког ихэвчлэн хэрэглэдэг шүү дээ. Таны молоког ялгагдахгүй сайхан амттай гэх юм. Тэгвэл Монгол молоког хэрхэн үйлдвэрлэдэг юм бол?
- Тийм үү, баярлалаа. Хамгийн гол нь миний хийж байгаа молоконд ямар нэг химийн найрлага ордоггүй. Өөрөөр хэлбэл хүний биед ямар нэг хор нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Иргэдийн захиалгын дагуу молокогоо үйлдвэрлэдэг тул удаан хадгалагдахгүй шинээрээ иргэдийн гар дээр очдог. Хэрэв хадгалалтын горим алдагдвал эрүүл мэндэд хортой.
Миний хийж байгаа молоконд ямар нэг химийн найрлага ордоггүй
- Молокогоо ямар технологиор хийдэг вэ?
- Сүүнд өндөг, сахар хоёр хольж зөөлөн гал дээр буцалгадаг. Их л хугацаа шаардагддаг даа.
- Таны хувьд молоког гэрийн нөхцөлд хийх аргыг хаанаас сурсан бэ?
- Би танилаасаа сурч байлаа. Тухайн үед надад “Танайх үнээтэй юм чинь молоко хийгээч” гэсэн саналыг хэлснээр ийнхүү хэрэгжүүлээд дөрвөн жил боллоо. Молоког мөн жимс шоколад хольж өнгийг нь хувиргаж болдог. Гэхдээ би ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн холилгүйгээр цэврээр нь үйлдвэрлэхийг илүүд үздэг.
Ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн холилгүйгээр цэврээр нь үйлдвэрлэхийг илүүд үздэг
- Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол байгаа юу?
- Тэгэлгүй яахав. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж ажлын байртай болохыг л хүсэж байна.
Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж ажлын байртай болохыг л хүсэж байна
- Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгвэл таны бизнест энэхүү төсөл хөтөлбөрүүд хэрхэн нөлөөлж байна?
- Үр дүнгээ сайн өгч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүү бага шүү дээ. Гэхдээ би гэртээ молоко хийдгээ бизнес гэж боддоггүй л дээ. Зүгээр өрхийн орлогоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байна гэж боддог.
- Үйлдвэрлэсэн молокогоо хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?
- 500 граммын шилтэй молоког 3500 төгрөгөөр арай жижиг шилтэйг нь 1500 төгрөгөөр худалдаалдаг. Хүмүүс намайг харьцангуй хямд борлуулж байна гэдэг. Гэхдээ миний хувьд энэ нь болоод л байдаг юм.
- Бэрхшээл юу байна?
- Одоогоор молокогоо шилэнд савладаг. Харин тусгай таглагчаар таглавал зүгээр байдаг юм. Таглагч нь 240 мянган төгрөгийн үнэтэй. Одоогоор авч амжаагүй л байна.
- Та молоко хийхийн хажуугаар өвөрмөц аргаар бэлтгэсэн илч сайтай түлшийг хэрэглэдэг юм байна. Яаж энэхүү түлшийг хийдэг вэ?
- Үхрийн аргалыг нүүрсний үйрмэгтэй хольж хэвэнд шахаад хэрэглэдэг. Илч нь сайн түлш болдог юм. Гэхдээ манайх ганцаараа хэрэглэдэггүй л дээ. Манай сумын ихэнх айлууд түлшээ ингэж бэлтгэдэг.
- Таньд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилтыг хүсье.
- Баярлалаа.