Монголын гурав дахь хот гэгддэг, жилдээ 26 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг аж үйлдвэрийн хот бол Орхон аймгийн төв Эрдэнэт юм. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чамгүй олон байдаг. Тэдэн дундаас Монголдоо анхны гэх тодотголтой цахилгаан утас, кабелийн үйлдвэрийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө онцолж “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатартай ярилцлаа.
“Эрдмин” компани байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа юм байна. Гол бүтээгдэхүүн болох зэс утасныхаа талаар ярихгүй юу?
Манай үйлдвэр анх катодын зэс үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд гарч байгаа бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 2005 онд олсон ашгаасаа хөрөнгө оруулалт хийж, анх зэс татан үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь катодын зэснээс 300 ам.доллараар илүү үнэтэй. Үүнийгээ гадаадын улсад нийлүүлэх гэсэн боловч ашиг олж чадаагүй. Тиймээс зөвхөн эх орондоо нийлүүлэх кабель утас үйлдвэрлэе гэсэн санаа гаргаж 2008 онд уг үйлдвэрээ ашиглалтад оруулж, цахилгааны утас, кабель үйлдвэрлэж эхэлсэн дээ.
Борлуулалтаа анх хэрхэн шийдэж байв?
Бүтээгдэхүүнээ анх үйлдвэрлэчихээд түүнийгээ зарах асуудал хамгийн хүнд байдгийг ойлгосон. Тиймээс Монголын зах зээл дээр байгаа Хятад, Оросын цахилгаан утаснуудтай өрсөлдөх бодлого барьсан. 2006 оноос манай үйлдвэрийн цахилгаан утас Хятадын утаснаас үнэ, чанарын хувьд илүү гэдгээ баталж, одоо Хятадын цахилгаан утсыг бүрэн халсан гэж хэлж болно.
Тоног төхөөрөмжийн хувьд хаанаас оруулж ирдэг вэ?
Бидний хувьд нэгэнт л эх орондоо үйлдвэрлэсэн цахилгааны утас, кабелиар хангана гэсэн учраас чанар тал дээрээ маш сайн анхаарч, тоног төхөөрөмжийн хувьд Герман улсын сайн чанарын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн, ажиллаж байна. Хэдийгээр Германы төхөөрөмжүүд үнэтэй ч гэсэн түүнээс гарч байгаа бүтээгдэхүүн нь маш чанартай болж байгаа юм.
Бүтээгдэхүүний хамгийн гол үзүүлэлт болох чанар дээр бид хамгийн их анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Нэгдүгээрт, бидний гол түүхий эд болох зэс маань 99.99 хувийн агууламжтай, өөрсдөө үйлдвэрлэсэн, ямар ч хог хаягдал, хольцгүй цэвэр зэс байдаг. Тийм учраас манай утасны гүйдэл дамжуулах чадвар өндөр.
Дотооддоо өөрийн гэсэн орон зайгаа нэгэнт эзэлчихжээ. Харин одоо гадаад руу гаргая гэхээр ямар асуудал үүсээд байна вэ?
Гадагшаа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд манай төр засгаас хойд хөрш болоод харьцаж байгаа бусад улсуудаас тусламж хүсэх ёстой юм болов уу гэж боддог. Гол нь бидэнд ийм юманд туслаач, мөнгө зээлээч гэхээсээ илүүтэй өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ сурталчилж, тэр улсын зах зээлд оруулж өгөхийг л хүсэх явдал юм. Ингэвэл боловсруулах үйлдвэрийн салбар илүүтэй хөгжих болно. Яагаад гэвэл дотооддоо аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хялбар болсон, үйлдвэрлэж чадаж байна. Ганцхан тухайн бүтээгдэхүүнээ зарж борлуулах зах зээл байхгүй байгаа нь гол асуудал болж байгаа юм. Монголын зах зээл маш бага.
Танай үйлдвэр жилдээ юм уу, сардаа хэдий хэмжээний утас үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
Манай үйлдвэрийн хүчин чадал жилдээ 1000 тонн зэсээр утас хийх боломжтой боловч бид зах зээлдээ баригдаад 200 тонн хүрэхгүй зэсээр үйлдвэрлэж байна. Үүнээс болж үйлдвэрийн орлого буурах зэрэг хүндрэлүүд гардаг. Тиймээс үйлдвэрийн хувьд эцсийн бүтээгдэхүүнээ гаргахдаа одоогоор ашгийн төлөө явахгүй байгаа. Учир нь бид гадаад руу урсаж байгаа валютын урсгалыг зогсооё, монголчууд өөрсдөө чанартай бүтээгдэхүүн хийж болдог юм байна гэдгийг үзүүлье гэсэн сэтгэлгээгээр ажиллаж байна.
Хэчнээн хүнийг ажлын байраар хангаад байна вэ?
Одоогоор 30 ажилтантай. Ажилчдын хувьд гэвэл нэг ч гадаад хүн байхгүй. Энэ бүх үйлдвэрлэл, технологийг манай инженер, техникийн ажилчид өөрсдөө хийгээд, санаачлаад, эзэмшээд явж байгаад нь маш их бахархдаг. Үндэсний өндөр боловсролтой мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарч байна гэсэн үг.
Цахилгаан утас барилгын салбарт гол хэрэглэгдэх бүтээгдэхүүн. Ер нь худалдан авалт, захиалга хэр байдаг вэ. Дотоодынхоо зах зээлийн хэдэн хувийг хангаж байна?
Түрүү жилээс барилгын салбар сэргэж эхэлсэн. Тийм учраас өнгөрсөн жил бид 150 тонн зэс утас болон кабелийн утас борлуулж чадсан. Харин энэ жилийн хувьд эдийн засгийн уналтыг дагаад борлуулалт багасаж байна. Тиймээс бид үйлдвэрийнхээ хүчин чадалд бус зах зээлээ дагаж ажиллахаас өөр аргагүйд хүрлээ.
Цахилгаан утаснаас гадна өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
Тийм ээ. 2013 оноос өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодоод айл бүрт өргөн ашиглагддаг уртасгагч залгуур хийж эхэлсэн. Ингэснээр бид Монголдоо анх удаа уртасгагч залгуурыг хийж эхэлсэн байгаа.
Ер нь дотоодын зах зээлийн хэдэн хувийг хангах боломжтой вэ?
Хятадаас орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнийг манайх бараг шахаад гаргачихсан. Харин одоо Оросын зэс кабелийн утаснуудыг дотоодын зах зээлээс түрэх, цаашлаад бүр хасах тал дээр ажиллаж байна. Оросын цахилгаан утас нэг метр нь 1200-гаас дээш төгрөгийн үнэтэй байдаг бол манайх татварын үнэ нь нэмэгдээд нэг метр нь 825 төгрөг. Тиймээс бид үнийн бодлогоос гадна чанарын тал дээрээ ч илүү гарна гэж бардам хэлж чадна. Бид одоо үйлдвэрлэж байгаа цахилгаан, кабелийн утсаараа дотоодын зах зээлээ 100 хувь хангаж чадна.
“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл танд ямар санагдаж байна?
Манай үйлдвэрийн хувьд анх удаагаа телевиз, сэтгүүл, цахим хуудас зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлуулж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд сурталчилгаа маш чухал. Бид үйлдвэрийн хүмүүс учраас сурталчилгаа, маркетинг тал дээрээ маш муу байдаг. Тиймээс “Масс агентлаг”-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.