“Баялаг бүтээгч” булангийн энэ удаагийн зочноор Монголын урлагт тэр дундаа яруу найрагт баялаг бүтээж яваа залуу уран бүтээлчийг урилаа.
Манай энэ удаагийн зочин энэ үеийн уран бүтээлч, хойч үедээ оюуны үнэт баялагийг үлдээгч яахын аргагүй мөн билээ.
Энэ хүн бол Хишигнямын Дуламсүрэн юм. Тэрээр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Кино урлагийн дээд сургуулийн “Кино жүжгийн зохиолч, сэтгүүлч” мэргэжлээр төгсөөд “Монголын мэдээ” “Тэргүүн” зэрэг өдөр тутмын сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан.
Харин одоо Солонгос улсад ажиллаж амьдарч мөн уран бүтээлээ тууривсаар байгаа залуухан яруу найрагч бүсгүй юм. Түүнийг цахим ертөнцөөр уянгалаг сайхан шүлгүүдээрээ олон хүнийг уяраасныг хэн хүнгүй мэдэх биз ээ.
-Сайн байна уу? Та хэзээнээс эхлэн яруу найргийн ертөнцөд хөл тавьж, анхны шүлгээ бичиж эхэлсэн бэ? Энэ талаар хоёулаа яриагаа эхлэе.
-Сайн байна уу? Анх дөрөвдүгээр ангид байхдаа шүлэг бичдэг байлаа. Манай сургуульд утга зохиолын дугуйлан гэж хичээллэдэг байсан юм л даа. Тэр дугуйланд явснаар шүлэг яруу найрагтай ойртон нөхөрлөж эхэлсэн гэж болно. Тухайн үед “Найргийн даага”, “Од шүлгийн баяр”, “ Хүрэл тулга “ гээд бидний авъяасыг сорьсон уралдаан тэмцээнүүд олон зохиогддог байв. Зургадугаар ангиасаа эхлээд аравдугаар анги хүртлээ жил бүр аймгийнхаа “Хүрэл тулга” яруу найргийн наадамд түрүүлж улсад оролцохоор Найрамдал зусланг зорьдог байсан. Аймаг аймгаас ирсэн авъяаслаг хүүхдүүдтэй найзлаж, шүлгүүдийг нь сонсож, тэднээс урам зориг авч, илүү ихийг бичих хүсэл мөрөөдөлдөө хөтлөгддөг байлаа.
Нэг тэмцээнд гуравдугаар байранд орчихоод сэтгэл их хөдөлсөн, мундаг яруу найрагч болсон юм шиг санагдаад их хөөрч догдолж билээ.
-Та анх мөр холбуулсан багшийнхаа талаар дурсвал?
-Утга зохиолын дугуйлангийн багш Н.Батмөнх гэж сургуулиа төгсөж ирээд удаагүй ч их чадварлаг залуухан хүн байсан.
Нэг өдөр багш манай ангид орж ирээд “Шүлэг бичдэг хүүхдүүд гараа өргөн үү”, гэж хэлэхэд нь манай ангийн бараг ихэнхи нь гараа өргөсөн. Би ч бас тэднийг дуурайгаад нэг ч шүлэг бичиж үзээгүй мөртлөө гараа өргөчихсөн. Багш биднийг бүртгэж аваад “”Маргааш хичээлдээ ирэхдээ бичсэн шүлгээ авчраарай” гэдэг юм байна. Худлаа гараа өргөчихсөн би яахав дээ гэртээ ирээд тэр оройноо анхны шүлгээ бичиж байлаа. “Ээж минь, ээж минь энхрийхэн ээж минь” ... гээд л.
Маргааш нь дугуйлангийн багшдаа шүлгээ аваачиж өгсөн чинь “Их гоё болж, бичээд байгаарай, миний охин” гэж надад их урам өгч билээ. Тэр урамын үг надад далавч ургуулсан юмдаг. Одоо ч гэсэн би тэр далавчаар дэвж яваа хүн.
Харин харамсалтай нь багш маань бидэнтэй удаан хамт байж чадаагүй юм. Дөнгөж л гуч гаранхан настай цэл залуухан багш маань нэг л өдөр биднийгээ үүрд орхисон доо. Хэдэн өдөржин багшаа үгүйлж доголон нулимстай гүйж явсныг үеийнхнээс минь өөр хэн ч мэддэггүй. Тэр үед хүүхдийн хэрсүү ухаанаар “Багшаа би мундаг яруу найрагч болно оо, Таныхаа нэрийг гаргаж явна хэмээн" зүрх сэтгэлдээ амлаж байснаа одоо ч гэсэн мартаагүй яваа. Сайн багшийн шавь муу бүтээл хийх учиргүй гэж би боддог.
-Ер нь яруу найрагч байхын сайхан нь юундаа байдаг бол?
-Яруу найраг гэдэг бол яруу тансаг, сэтгэлгээний урлаг. Энэ урлагт хүчин зүтгэж, амьдралын сайн муу, зовлон жаргал, хорвоо ертөнцийн үнэн, байгаль дэлхийн гайхамшгийг зүрх сэтгэлээрээ мэдрэн, тэр мэдэрснээ үгийн урнаар шигтгэн буулгаж бусдад хүргэнэ гэдэг хэн дуртай хүний хийж чадах зүйл биш л дээ. Тиймээс ч яруу найрагчдыг онгод хөлгөлсөн, тэнгэрийн хүүхдүүд гэх нь бий.
-Таны шүлгүүдийг уншиж байхад их өвөрмөц гаргалгаа болон дүрслэлээр илэрхийлдэг юм шиг ажиглагдаж байсан?
-Бусдаас өвөрмөц зүйл үгүй ээ. Ийм, тийм төрөл жанраар бичнэ гэсэн тогтсон дүрэм журам ч байхгүй. Шүлгээ бичихдээ гол баримталдаг зарчим бол аль болох уран яруу, уянгалаг, өөдрөг сэрэл мэдрэмжээр бичихийг л хичээдэг юм. Уран яруу бичнэ гэдэг гоё сайхан үгсийн цуглуулга биш л дээ. Мэдэрсэн үнэнээ бусдын зүрх сэтгэлд онож буутал нь бичихийг хичээдэг. Уншигчид миний шүлгийг уншихдаа тэндээс их ухаарал, хайр энэрэл, амар амгаланг мэдэрч байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тиймээс ч шүлгийн маань ихэнхи нь өөдрөг гэгээн шүлгүүд байгаа.
Бичсэн шүлгүүдийг минь уншиж, сонсож байгаа хүний зүрх сэтгэл хөглөгдөн хөөрч, догдлон хайлж, уяран ухаажиж, амьдралыг гэрэл гэгээтэй өнгөөр харж, мэдэрч байвал мөр холбон сэтгэлээ чилээж суугаагийн минь хэрэг бүтэх нь тэр ээ... Бүх л цаг үеийн яруу найрагчдын гол хүсэл зорилго энэ л байдаг байх гэж би бодож байна.
-Уран бүтээл туурвихдаа хамгийн гол нь юуг өгүүлэхийг зорьдог вэ?
-Янз бүрдээ, тухайн үед юуны талаар бичмээр санагдана түүнийгээ л бичдэг. Байгаль дэлхий, эх орон, нутаг ус, хайр дурлал, ижий аав, мэргэжил боловсрол, найз нөхөд, өдөр тутмын мэдрэмж гээд ер нь бичиж болох бүх л сэдвээр бичихийг хичээдэг.
Сэтгэл хөдөлсөн үедээ шүлэг бичих дуртай. Хөдөлсөн сэтгэлээс бодролууд чөлөөтэй урсдаг тэднийг цэгцтэйхэн буулгаж амжвал санаанд хүрсэн сайхан шүлгүүд төрдөг.
-Ингэхэд анхны шүлгийн номоо хэзээ гаргаж байсан бэ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-2005 онд “Зүрхэнд унасан нүд” нэртэйгээр анхны шүлгийн түүвэрээ гаргаж анхны номоо гаргасан. Сонин маань өөрийн гэсэн хэвлэх үйлдвэртэй байсан болохоор надад номоо гаргахад нэг их хүндрэлтэй байгаагүй юм даг.
Харин цаасны үнэр нь арилаагүй, будаг нь хатаагүй шинэхэн номоо хэвлэлтээс аваад бөөн баяр өрөөндөө орж иртэл хэн ч надад тэгтлээ баяр хүргээгүй. Шинэ номоо гаргаж байхад тоосонгүй гээд дотроо гомдолтой байсан ч тэгсгээд өнгөрөв. Орой ажил тараад төрсөн өдөртэй гээд бүгд хамт явцгаасан. Тэгээд манайхны очих дуртай газар ортол том ширээ засчихсан, голд нь чамин хийцтэй том бялуу байна. Бялуун дээр “ЗҮРХЭНД УНАСАН НҮД” хэмээн биччихсэн байсан юм. Өөрийн эрхгүй хоёр нүднээс нулимс дуслаад найзуудаа тэвэрч аваад л бөөн юм болсон. Ёстой гэнэтийн бэлэг байсан шүү. Надад ерөөсөө мэдэгдээгүй. Энэ л үед найз нөхөд гэдэг ямар үнэ цэнэтэй, энгийнээр хэлэхийн аргагүй сэтгэлийн нандин холбоо байдгийг ухаарч авсан.
Анхны номын баяраа тэгэж л тэмдэглэж, найзууд маань номыг минь нөхөрлөлийн үнэ цэнээр өлгийдөн авч байлаа.
- Хэд хэдэн шүлэг чинь дуу болсон гэж сонсож байсан юм байна?
-Хааяа дууны үг оролддог, харин бичдэг гэж хэлэхгүй ээ. Хамгийн анх 2005 онд “ Зүрхэнд унасан нүд” номонд минь орсон "Алдуурсан сэтгэл” шүлгэнд минь хөгжмийн зохиолч Т.Сэр-Од ах аялгуу хийж Дуурийн дуучин С.Баасандорж дуулж байлаа. Тэрнээс хойш тоотой хэдэн дууны шүлэг бичсэн. Харин сүүлийн үед дууны шүлэг бичээд өгөөч гэсэн санал нэлээн ирж байгаа. Гэсэн ч тэр болгоныг бичээд байх цаг зав, боломж одоохондоо олдохгүй л байна. Дууны шүлэг бичнэ гэдэг зүгээр шүлэг бичихээс огт өөр асуудал юм л даа.
-Уран бүтээлч хүн бол оюун ухаан сэтгэлээс гарах тэр мэдрэмжээрээ энэ үеийн оюуны баялаг бүтээгч гэж бодогддог юм. Та юу гэж боддог вэ?
-Санал нэг байна. Би түрүүнд яруу найраг бол сэтгэлгээний урлаг гэж хэлсэн шүү дээ. Сэтгэлээс урган гарах торгон мэдрэмжээр цаг хугацаа, улс орон, нийгмийн бүх л асуудлыг дүрслэн буулгаж, чиглүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулан түүнийгээ өнөө үе болон хойч үедээ үлдээнэ гэдэг оюуны баялаг бүтээж байгаа нэг хэлбэр л дээ.
-Та яруу найрагчдаас чухам хэнийг хүндэлж уран бүтээлийг нь шимтэн уншдаг вэ?
-Монголынхоо чадварлаг сайн уран бүтээлч, яруу найрагчдын бүтээлээс унших, сэтгэлээ хөглөх дуртай. Харин сүүлийн үед Б.Батрэгзэдмаа эгчийн шүлгийг уншиж байгаа.
Тэр хүнийг Монголдоо төдийгүй энэ цаг үе, ирэх цагт ч дэлхийн яруу найрагт эх орныхоо нэрийг гаргах торгон мэдрэмжтэй уран бүтээлч гэж хүндэлдэг.
-Уран бүтээлчид алга ташилт болон урмын үгээр тэтгэгддэг. Харин яруу найрагч юугаар хөглөгддөг бол?
-Яруу найрагчид ч ялгаагүй уран бүтээлчид, тиймээс мөн л урмын үг, сэтгэлийн дэмээр хөглөгддөг. Миний хувьд ч мөн адил. Сүүлийн үед шүлгүүдээ голдуу цахим ертөнцөд тавьж байгааг чи мэднэ. Намайг цаг үргэлж дэмжиж байгаа уншигчдынхаа урмаар хөглөгдөн, улам ихийг бичих урам зориг авч байгаа.
-Хүний нутагт уран бүтээлээ тууривах ямар санагдаж байна вэ?
-Хүний нутагт амьдрана гэдэг илүү их зүйлийг олж харах, мэдрэх боломж нээгддэг юм шиг санагдсан. Тухайлбал нутаг ус, эх орон гэдэг ямар их үнэ цэнэтэй болохыг Монголдоо байснаас илүүтэйгээр “цус минь шатах шиг, яс минь эмтрэх шиг“ мэдэрч байна.Тийм хүчтэй мэдрэмж төрдөг юм билээ. Ялангуяа хүний нутагт их удаан байвал. Үүнийгээ би сайн уран бүтээл гарах нэг боломж гэдэг үүднээс харж, бололцоогоороо бичсээр л байгаа. Гэхдээ мэдээж энэ цаг хугацаа бол түр зуурынх олон сайхан шүлгүүдээ тэврээд удахгүй нутагтаа очно.
-Таны төлөвлөж байгаа ойрын зорилго юу байна вэ?
-Энэ ондоо багтаж шүлгийн хоёр ном, мөн DVD гаргах бодолтой байгаа. Уншигчдын хувьд хүлээлт үүссэн. Шинэ номын шүлгүүд аль хэдийнэ бэлэн болсон байгаа. Ганцхан ажил маань цэгцэрч өгөхгүй хугацаа жаахан хойшлогдоод байна. Нутагтаа очингуут номоо гаргана даа
-Кино зохиолч мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу?
-Одоохондоо би зохиол тал дээр дорвитой том бүтээл туурвиж амжаагүй байна. Сургуулиа төгссөнөөс хойш хэд хэдэн кино зохиол бичсэн. “Титэм” кино зохиол маань 2010 онд гаргасан” Сэтгэлийн зүйдэл” номонд маань орсон байгаа. Кино зохиолуудаа дэлгэцнээ амилуулах бодолтой явдаг. Түүнчлэн Монголын яруу найраг гэх өндөр уулын оргил руу зоригтойхон мацах гээд төлөвлөсөн зүйл их бий. Гэхдээ энэ бүгдийг одоо ярих биш болж бүтсэн үед нь эргэж хараад дурсаж суувал илүү сайхан байх аа.
Хэдий алс хол байгаа ч гэсэн бидэнд цаг зав гарган ярилцсанд үнэхээр их баярлалаа. Амжилт хүсье.
Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч гэсэн амжилт хүсье.