“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулдаг “Уран сүлжмэл” оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үүсгэн байгуулагч А.Хүрэлбаатартай ярилцлаа.
- “Уран сүлжмэл”оёдлын үйлдвэр анх хэзээ үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?
- “Уран сүлжмэл”оёдлын үйлдвэр 2012 онд байгуулагдсан. Эхнэр маань нийслэлд ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байгаад 800 мянган төгрөгөөр хоёр нэхмэлийн машин худалдан авч, ажлын гараагаа эхэлж байлаа. Бид хамгийн анхны бүтээгдэхүүнээ нийслэлд байрны хонгилд үйлдвэрлэж байсан. Дараа нь эгчээрээ дамжуулан Өвөрхангай аймагтаа бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Эхнэр маань анх надад ноосон бүтээгдэхүүн нэхэхийг зааж байсан юм. Одоо бид өдөр шөнөгүй ажиллаж, өдөрт 4-5 ноосон цамц үйлдвэрлэдэг.
800 мянган төгрөгөөр хоёр нэхмэлийн машин худалдан авч, ажлын гараагаа эхэлж байлаа
- Нутагтаа ирээд үйлвэрлэлээ хаана үргэлжүүлсэн бэ?
- Бид нутагтаа ирээд мөн л ажлын байр түрээсэлж, тэмээний ноосон цамц, өмд, хонины ноосон малгай, ороолт, хүүхдийн хувцаснуудыг үйлдвэрлэн борлуулж эхэлсэн. Тухайн үед дөнгөж эхэлсэн шинэ бизнес байсан учир олонд сайн танигдаагүй, борлуулалт тааруу байж билээ. Нэгэнт л зориг гаргаж эхэлсэн учраас борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд Өвөрхангай аймагтаа болон зэргэлдээ сумдуудаар худалдаалж эхэлсэн.
Тухайн үед дөнгөж эхэлсэн шинэ бизнес байсан учир олонд сайн танигдаагүй, борлуулалт тааруу байж билээ
- Тэгвэл өнөөдөр хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
- Ноосоор ямар л бүтээгдэхүүн хийж болно тэр бүгдийг л үйлдвэрлэж байна даа.
- Жишээ нь?
- Ноосон цамц, өмд, малгай, ороолт, дээл,даашинз зэргийг үйлдвэрлэдэг.
- Бүтээгдэхүүний загвар болон чанарт хэрхэн анхаардаг вэ?
- Мэдээж аливаа бүтээгдэхүүний чанар маш сайн байх ёстой. Мөн бид бүтээгдэхүүнийхээ загварт анхаарч ажилладаг. Анх зөвхөн шаргал өнгөөр л бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол удалгүй сонин сэтгүүлээс загвараа сонгож, илүү орчин үеийн хийц загвартай болгож, хурц тод өнгийн утсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсон.
- “Уран сүлжмэл” оёдлын үйлдвэр хэдэн ажилтантай вэ?
- Манай оёдлын үйлдвэрт зургаан хүн ажиллаж байна. Анх эхнэртэйгээ ажилладаг байх үед захиалгаа дийлэхгүй ч өдөр байлаа. Тиймээс аймгийн иргэдийг нэхмэлчин оёдолчноор сургаж, ажиллах хүчээ нэмэгдүүлсэн.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд байдаг. Иймэрхүү төсөл хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан уу?
- 2013 онд гурван сая төгрөгийн төсөл бичээд сум хөгжүүлэх сангаас зээл авч үйлдвэрлэлээ эхэлж байсан.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчид цаашид хөгжин дэвших томоохон зорилго тавих нь гарцаагүй. Цаашдын зорилгоо бидэнтэй хуваалцаач?
- Залуу хүн ер нь өөртөө том зорилго тавих хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн нэхмэлийн машин авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэн улсынхаа томоохон үйлдвэрлэгчдийн нэг болж гадаад руу бүтээгдэхүүнээ гаргах зорилготой. Нэхмэлийн машин авахад 80 сая төгрөг шаардлагатай. Тиймээс нэхмэлийн машинаа авахын тулд цаашид улам шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.
Хамгийн сүүлийн үеийн нэхмэлийн машин авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэн улсынхаа томоохон үйлдвэрлэгчдийн нэг болж гадаад руу бүтээгдэхүүнээ гаргах зорилготой
- Бүтээгдэхүүнээ захиалгаар үйлдвэрлэхээс гадна хаагуур борлуулдаг вэ?
- Манайх бүтээгдэхүүнээ аймгийн худалдааны төвөөр борлуулдаг. Мөн малчид тэмээний ноосон цамцыг дулаахан хэмээн их худалдаж авдаг. Тиймээс бид хөдөөгүүр явж бүтээгдэхүүнээ борлуулдаг юм.
- Удахгүй сар шинийн баяр болно. Баярын өдрүүдэд захиалга нэмэгдэх үү?
- Тэгэлгүй яахав. Эрс ачаалал нэмэгддэг учраас хонож ажиллах тохиолдол ч бий. Мөн бид бүтээгдэхүүнээ нийслэлээс харьцангуй хямд худалдаалахыг зорьдог.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд голчлон ямар бэрхшээл тулгардаг вэ?
- Санхүүгийн асуудал бэрхшээл болж байна. Жишээ нь зээл авах хүсэлтээ гаргахад банк барьцаа хөрөнгө шаарддаг. Үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байгаа бидэнд барьцаа хөрөнгө одоогоор алга. Жишээ нь 10 сая төгрөгийн зээл авъя хэмээн хүсэлт тавихад 40 сая төгрөгийн барьцаа хөрөнгө биднээс шаарддаг.
- Баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье?
- Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье. Залуус бидний хийж бүтээх чин хүслийг дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа.
Ийн А.Хүрэлбаатар н.Дуламсүрэн нар шиг уйгагүй хөдөлмөрлөж буй олон мянган залуусаар бид бахархаж, дэмжих ёстой. Тиймдээ ч тэдний үйл хэргийг олон нийтэд таниулах нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн чин зорилго билээ. Энэхүү зорилгын минь үргэлжлэл болсон залуу гэр бүлийн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.