Энэ удаагийн баялаг бүтээгч булангийн зочноор гэр бүлээрээ гутал үйлдвэрлэдэг хүмүүсийг урьж оролцууллаа. Анх 22 жилийн өмнө хүүдээ буриад гутал хийснээр гэр бүлийн бяцхан бизнес нь эхэлж байсан түүхтэй. Харин одоо өөрсдийн үйлдвэрээ байгуулж 10-аад хүнийг цалинжуулан өрхийн бизнесээ өргөжүүлж байна. Чанар болоод загвар хийцийг өмнөө тавьсан тэдний үйлвэрээр зочиллоо. Биднийг очиход наадмаар амраад өнөөдөр ажилдаа орцгоож байлаа. Одоо наадам дууссан болохоор захиалга ихтэй өвлийн бэлтгэлээ хангахад бэлдэх хэрэгтэй хэмээн ярьцгааж байсан. Үйлдвэр рүү нь ороход л жижиг модон ширээний ард бүгд тус тусын ажлаа хийцгээнэ.
-Анх энэ бизнесийг хэзээнээс эхэлсэн бэ?
-Аав ээж хоёр маань энэхүү бизнесийг эхэлж байсан. Хамгийн анх надад буриад гутал хийж өгч байсан түүхтэй. Түүнээс хойш 22 жилийн хугацаа өнгөрөөд байна. Эхний 10 жил хоёулаа ажилладаг байсан. Харин одоо бол найман ажилчинтай үйлдвэрлэлээ явуулж байна даа.
-Өдрийн төлөвлөгөө норм гэж байдаг уу?
-Өдрийн нарийн норматив гэж байхгүй. Захиалгаасаа шалтгаалж янз янз байдаг. Өдөрт 20-30 гутал тогтмол үйлдвэрлэдэг.
-Ямар төрлийн гутал үйлдвэрлэдэг вэ?
-Манайх буриад, ээтэн, хром хийдэг. Дотроо бүгд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн төрөл загвараар хийгддэг.
-Гутлаас өөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?
-Хавар болон зуны улиралд морьны эмээл гөлөм хийдэг. Гаднаас орж ирсэн захиалгын дагуу эмээл, гөлөм, хазаар, хусуур гэх мэт хэрэгслүүдийг хийдэг.
-Борлуулалтын ажлаа яаж хийдэг вэ. Гадагшаа, дотогшоо гутлаа гаргадаг уу?
-Ихэнхдээ ченж нар ирж авдаг Нарантуул худалдааны төвд борлуулдаг. Хятад улс руу гаргадаг. Дотооддоо гэвэл Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий, Ховд аймгуудын харилцагчид маань авдаг байгаа.
-Өөрсдийн гэсэн нэрийн барааны дэлгүүртэй болох төлөвлөгөө байна уу?
-Өөрсдийн ажлаа өргөжүүлэх, техник технологоо сайжруулах, өөрсдийн гэсэн гутлын дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй байгаа.
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хэр байдаг вэ?
-Боломж байдаг хэдий ч надад жаахан дутагдалтай санагддаг. Яагаад гэвэл жижиг дунд үйлдвэрлэл гэхээр 150-аас дээш ажилтантай байх ёстой гээд хуулиндаа заагаад өгчихсөн. Хангалттай хүссэн хэмжээндээ зээлээ авч чадахгүй гэсэн үг л дээ. Бичил бизнес эрхэлдэг гэж явдаг. 10-аад хүн ажилладаг газар жижиг дунд үйлдвэр гэж хэлж болмоор санагддаг.
-Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?
-ОХУ, БНХАУ мөн эх орныхоо үйлдвэрүүдээс түүхий эд материалаа авдаг. Ихэнх материалаа урд хөршөөс авч байна. Манайд үйлдвэрлэдэггүй бүхий л түүхий эдийг хойд урд хөршөөсөө авдаг.
-Мэдээж гутал хийхэд хамгийн чухал нь арьс шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Цэвэр арьсан гутал чанар сайтай, хэрэглээ удаантай байдаг. Тэр ч утгаараа бид эх орноосоо арьсан түүхий эдээ авч хийдэг.
-Ажлын ачаалал хэр их байдаг вэ?
-Яг есөн сараас л цагаан сар хүртэл маш их ачаалалтай байдаг. Дотооддоо үйлдвэрлэсэн өвлийн гутлаа хүмүүс их авч өмсдөг учраас ачаалал бол намар өвлийн улиралд их байдаг. Зуны цагт ерөнхийдөө гайгүй амралтын байдалтай л байдаг захиалгаар орж ирсэн гутлаа үйлдвэрлээд явдаг.
-Танай гутлыг аваад хэрэглэгчдээс гомдол ирэх тохиолдол байдаг уу?
-Зах дээр зарагдаж байгаа тохиолдолд хэрэглэгчдээс гомдол ирдэг үгүйг хэлж мэдэхгүй байна. Манайд захиалгаар гутал хийлгэх гэж олон хүн ирдэг. Одоогийн байдлаар ямар нэгэн гомдол сонсож үзээгүй байна.
-Танайхаас авсан гутлаа засуулаад сэргээгээд өмсөх боломж байдаг уу?
-Хэрэглэгч өөрөө хүсвэл болно л доо. Тэр бол нээлттэй. Шинэ гутал авах уу, эсвэл хуучин гутлаа засуулаад сэргээгээд авах нь тэр хүний өөрийнх нь шийдэх асуудал.
-Үнийн хувьд хэдэн төгрөгөөр зарагддаг вэ?
-Эрэгтэй ээтэн гутал 90,000 эмэгтэй ээтэн гутал 65,000 хүүхдийнх 25,000 буриад гутал 40,000 төгрөг орчмоор зарагдаж байгаа болов уу. Ерөнхийдөө энэ бол дундаж үнэ.
-Өөр бусад жижиг гутлын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах боломж байдаг уу?
-Тэр боломж байдаг л байх. Гэхдээ миний бодлоор хүмүүс тэгэж хамтрахыг нэг их хүсэхгүй болов уу гэж боддог. Эх орныхоо гутлын хэрэгцээг хангаж чадахуйц том гутлын үйлдвэр байвал хамтарч ажиллаж болох байх гэж боддог.
-Зах зээл дотооддоо хэр байдаг вэ?
-Үнэхээр сайн чанартай, цэвэрхэн гутал үйлдвэрлэж чадвал манайд зах зээл хангалттай байгаа гэж хардаг. Хэрвээ нэг л чанартай гутал үйлдвэрлээд олонд танигдвал цаашдаа захиалга тасрахгүй шүү дээ.
-Энэ бизнесийг 22 жилийн турш үргэлжүүлээд авч явж байна гэлээ. Энэ хугацаанд шантрах тохиолдол олон байсан уу?
-Шантрах буцах үе олон байсан. Эхэндээ буриад гутал хийдэг байсан болохоор ганцхан өвөл л үйлдвэрлэдэг байсан. Хоёрын хооронд улирлын шинжтэй болохоор хэцүү юм байна гээд л өөр юм оролдож хийх гэж байсан тохиолдлууд олон бий. Одоо бол тийм зүйл байхгүй. Ямар ч гэсэн захиалагч тасрахгүй жилийн дөрвөн улиралд гутлаа үйлдвэрлээд явж байна. Харин одоо илүү ихийг хийж бүтээх л хүсэл эрмэлзлэлтэй байгаа.
-Урмын үг сонсдог уу?
-Урмын үг их сонсдог шүү. Ийм гоё гутал хийдэг юм уу, танай гутал дулаахан чанартай гээд л ирсэн хүн болгон амжилт хүсээд сэтгэл хангалуун байдаг. Тэр болгоноос урам авч цаашдаа ихийг хийж бүтээх гэсэн сэтгэлийг улам их бадрааж өгдөг гэх үү дээ.
-Одоо байгаа энэ үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулаад томоохон үйлдвэртэй болоход хичнээн төгрөг шаардлагатай байх бол?
-50 ажилтантай өдөрт 1000 хос гутал хийх хүчин чадалтай тийм үйлдвэртэй болоход тэрбум орчим төгрөгтэй байж босгох шаардлагатай болов уу. Дамжлагаар явдаг ажил учраас их хэцүү.
-Бусад үйлдвэрийнхээ гутлыг хэр судалдаг вэ?
-Судлалгүй яахав. Яг одоо ямар гутал сайн гүйлгээтэй байна тэрний загвар дизайн, материалыг судалдаг. Тэглээ гээд хүний юмыг хулгайлна гэсэн үг биш л дээ. Гутал хийдэг олон газар, жижиг үйлдвэрүүд байдаг. Ер нь их өрсөлдөөнтэй ажил.
-Өрсөлдөөн их байхын сайн талыг юу гэж харж байна?
-Өрсөлдөгч олон байхын хирээр хэрэглэгч төгс бүтээлийг шаардана гэсэн үг л дээ. Тэр олон өрсөлдөгч дундаас чанар, дизайн, эдэлгээ зэргээрээ илүү байж л өнөөдрийн зах зээлд хөлөө олж цаашид үйлдвэрлэлээ өргөжин тэлэх боломжтой юм.
-Танай үйлдвэрийн давуу тал юу вэ?
-Манай гуталнууд хийц, хэлбэр сайтай. Хамгийн гол нь гутал бол хүний хэрэглээ учраас хулхины, хүний нууд хуурсан зүйл хийхийг хүсдэггүй. Аль болох чанартай материалаар сайн гутал үйлдвэрлэхийн төлөө хичээж байдаг манай хамт олон.