Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас үүсээд байгаа нөхцөл байдалтай бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж ажиллаж байгаа талаар 1900-1950 мэдээллийн лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа. Тус лавлах улсдаа анхдагч, мэдээлэл лавлагааны цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Коронавируст цар тахал 1900-1950 компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаар яриагаа эхлүүлье. Танай компанийн хувьд цар тахлыг хэрхэн даван туулж байна вэ?
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бизнесийн салбарт эрс өөрчлөлт хийх, хүнд нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулах, бизнесээ шинэ түвшинд гаргах, шинэ боломж, шинэ шийдлээр бизнесээ хөгжүүлэх сорилтуудыг бий болгоод байна. Цар тахлын үед мэдээлэл харилцаа холбооны салбар ямар чухал салбар вэ гэдэг нь илүү мэдрэгдсэн байх. Бид ч хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ мэдээлэл, лавлагаа харилцаа холбооны үйлчилгээгээ тасралтгүй хүргэх үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирлээ. Аль болохоор мэдээллийг цогц байдлаар, бодит эх сурвалжтайгаар, түргэн шуурхай өгөхөд анхаарч байна. Түүнчлэн бид ажиллаж байгаа ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг сахиж үйл ажиллагаагаа аюулгүй явуулж байгаа нь хүнд үеийг даван туулахад бид хэрхэн хувь нэмэр оруулж, тусалж байгааг харуулж байгаа хэрэг байх.
Ковид-19 цар тахал нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг төдийгүй бизнесийн хэмнэлд ч өөрчлөлтүүд бий болгож байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн сэтгэл зүй, хэрэглэгчийн зан төлөвийг дагаад бизнес хийх арга загварууд ч өөрчлөгдөж байна. Хамгийн том өөрчлөлт бол цар тахал цахим шилжилтийг асар түргэсгээд байна. Салбар салбарын байгууллагууд технологийг үр дүнтэй ашиглан, ажил үйлчилгээгээ цахим суурьтай буюу цахимтай хослуулахын давуу талыг ойлгож байна. Бидний хувьд ч хэрэгцээнд суурилсан технологийн шинэчлэлийг цаг алдахгүй хийж явахыг ажлынхаа нэг хэсэг гэж тодорхойлж явдаг. Ялангуяа манай салбарт энэ маш чухал.
Энэ хямралын үед 1950 лавлах ямар бодлого баримтлаж ажиллаж байна вэ?
КОВИД-19 цар тахлын тархалт нэмэгдэж байгаа энэ үед ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний хувьд нэн тэргүүнд анхаарах чухал асуудал юм. Бид ажилтнуудыг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө, журмуудыг гарган засгийн газар, эрүүл мэндийн яам, эмч мэргэжилтнүүдийн өгч буй сүүлийн үеийн мэдээлэл, заавар зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллаж байна.Түүнчлэн хүнд үед хамгийн түрүүнд төсвөө эргэж харах ёстой. Байгууллага ч бай хувь хүн ч бай. Бидний хувьд тэвчиж болох зардлуудыг хянаж, танасан. Нэмэлтээр халдваргүйжүүлэлт, ариутгал мөн дархлаа дэмжих нэмэлт төсөв гаргасан. Мөн бид ажиллаж буй ажилтан албан хаагчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд тавих эдийн засгийн боломжийг нь дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажилласан. Дээрээс нь уян хатан ажлын цагийн бодлого барьж ажлын байраа хадгалах зөв бүтцэд шилжихэд илүү анхаарч байна. Манай компанийн хувьд зарим талаараа нэг хүний ажлыг орлож хийх боломж байдаг. Өнгөрсөн жилээс үйл ажиллагаандаа ERP системийг нэвтрүүлсэн нь бидэнд боломж олгосон. Хөл хорио тавьсан цагаас эхлэн дуудлагын төвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах техникийн шийдлээ ярилцаад зарим ажилтнуудаа алсын зайнаас ажиллах боломжоор хангасан. Цаашдаа ч энэ зарчмаар бүх мэдээллийн ажилтнуудыг зайнаас ажиллуулах боломжийг судалж байна.
Дижитал шилжилтийг хурдасгагч нь цар тахал. Та сая ажилчдаа алсын зайнаас ажиллах боломжоор хангасан гэж хэллээ. Танай байгууллагын хувьд дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнаа гэрээс нь эсвэл бага цагаар ажиллуулах гэх мэт арга хэмжээг хэрхэн авсан бэ?
Яг тийм. Дижитал шилжилт хурдассан. Хөдөлгөгч хүч нь ковид байлаа гэж ярьдаг. Өнөөдөр дижитал шилжилт чухал гэдгийг шийдвэр гаргагч, гүйцэтгэх захирлуудын ойлголт өөрчлөгдөж, дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлагатайг бүгд хүлээн зөвшөөрч байна. Дижитал шилжилтийг дагаад зайнаас ажиллаж буй хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Манай улсад ч гэсэн зарим байгууллагууд зайнаас ажиллах горимд шилжээд байна. Төр засгаас ч ингэж ажиллахыг уриалаад байгаа. Хамгийн чухал нь тухайн зайнаас ажиллаж байгаа ажилтанд өгч байгаа даалгавар буюу ажлыг оновчтой зөв хуваарилаад эргээд хянадаг механизмыг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй санагдсан. Ажлаа зөв хуваарилж өгөөд үр дүнг нь хянаж зөв дүгнэлт гаргаад явбал зайнаас ажиллах систем бол асуудалгүй. Зайнаас ажиллахад бас техник тоног төхөөрөмжийн асуудлыг зөв оновчтой шийдэх хэрэгтэй. Манай байгууллагын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа бага насны хүүхэдтэй эхчүүд ажилладаг. Бид мэдээлэл харилцаа холбооны салбарт ажилладгийн хувьд шинэ техник, технологиудыг байнга судалж өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн. Үүний нэг үүлэн тооцоололд суурилсан технологийг ашиглан мэдээлэл лавлагаа өгөх үйлчилгээ юм. Тиймээс бид энэ цаг үед зарим бага насны хүүхэдтэй ажилчдадаа гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Ингэснээр ажилтнууд маань хорио цээрийн үед гэрээсээ ажиллаж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, сэтгэл амар тайван, ажилтай орлоготой ажиллах боломж бүрдсэн.
Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг өндөр сахих шаардлагатай компанийн хувьд ямар байдлаар ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж байна. Цар тахлын үеийн ариутгалын ямар дэглэмийг баримталж байна?
Бид дээр хэлсэн хамгийн түрүүнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын эрүүл аюулгүй байдал бидний хувьд хамгийн чухал. Бид ажилчдын эрүүл аюулгүй байдал бусад улс орон болон дотоодод цар тахлын үед хэрхэн ямар дэглэмээр ажиллаж болохыг судалж нэвтрүүлсэн. Ажлын байрны орчинд нэмэлт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт дархлаажуулалтыг сард багадаа 4-6 удаа хийх, дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн, витамин, өдрийн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, гар ариутгал бодис зэргээр үнэгүй хангаж байна. Үүнд ч ажилтан албан хаагчид маань сэтгэл хангалуун байгаа. Мөн ажлын уян хатан зохицуулалт хийх, чухал ажил үүргийг ээлжээр гүйцэтгэх, мэдээлэл технологийн хэрэглээг нэмэгдүүлэх биечлэн байлцах хурал, уулзалтуудыг багасгах, оффис болон бага насны хүүхэдтэй ажилтнуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангах зэргээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай ажилтан албан хаагчдын 90 гаруй хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан байна.
Энэхүү ковидын улмаас монгол улс төдийгүй дэлхий дахинд бизнесийн байгууллагуудын эдийн засагт хамгийн их хохирол хүндрэл учирч байна. Танай байгууллагын хувьд ?
Цар тахлын нөлөө манай борлуулалтын орлогод бодитоор 30-40 хувь нөлөөлсөн. Дээрээс нь нэмээд алдагдсан боломжийг яривал бас багагүй тоо гарна байх. Манай бизнесийн үйл ажиллагаа нэлээн хязгаарлагдмал болж ирсэн. Монгол улсын засгийн газраас татваруудыг тодорхой хугацаанд хойшлуулсан ч үүнийг дагаад татвар нийгмийн даатгалын асар их өр хуримтлагдаж байна мөн зээл, зээлийн хүү бүгд хуримтлагдаж байна. Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж энэ бүх санхүүгийн ачаалал бидэнд төдийгүй бизнесийнхэнд ирнэ. Цаашид эдийн засгаа сэргээх чиглэлээр төрөөс аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх, ямар нэгэн тодорхой арга хэмжээ авахгүй тохиолдолд санхүү, татварын эрсдэлд өртсөн бидэнд нэлээн хүнд тусна.Нөхцөл байдал тийм ч амар намжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. 2021 оныг эрсдэл багатай даван туулахын тулд ямар төлөвлөлтийг хийж байна вэ?Цар тахлын өмнөх дараах гэхээс илүү үүнтэй хэрхэн дасан зохицож ажиллах вэ гэдгийг олж харахыг хичээж байна. Хүмүүс цар тахлын айдсаас салж, энэ өвчинтэй дасан зохицож ажиллах хэрэгтэйг ойлгоод байна. Ер нь хямрал аливаа салбарт дүн тавьдаг. Хямралыг давж чадсан компани бүр сайн хөгждөг. Бид цар тахлын хугацаанд амжуулж болох ажлуудыг гаргаж, судалгаа хийж хамгийн түгээмэл шаардлагатай үйлчилгээнүүдээ дижитал хэлбэрт шилжүүлж эхэлсэн. Мөн бид цар тахлын үед ирээдүйд чиглэсэн төслүүдэд зориулсан хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй. Тухайлбал дижитал орчинд өрсөлдөөн ихсэх хандлагатай энэ үед такси, хүргэлт, дуудлагын үйлчилгээ зэрэг нь ирээдүйд бидний өрсөлдөх давуу талыг бий болгоно гэж харж байна.Монгол улсын ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд бизнес эрхлэгчийн хувьд хэрхэн нөлөөлж байна?Бид төдийгүй манай бизнесийн байгууллагууд иргэд МУ-ын Засгийн газрын УОК-ийн шийдвэр, дүрэм журмуудыг харьцангуй сайн дагаж мөрдөж ажиллаж амьдарч байна. Мэдээж аливаа шийдвэрт эерэг, сөрөг аль аль тал нь байгаа. Тухайлбал дулаан цахилгааны төлбөрийг төр дааж тэглэсэн дэмжлэг бол манай компанийн 4-6 хүний цалинг төлж байна гэсэн үг. Энэ хэмжээгээр энэ ажлын байр хадгалагдаж үлдсэн. Хөл хорионы зохион байгуулалт, хөл хорионы үеийн арга хэмжээнүүдийн харилцан уялдаатай байдлыг дахин эргэж хармаар санагдсан. Мөн энэ цаг үеийг давж туулахад вакцины үр дүнг хүн бүр хүлээж байгаа байх.
Ярилцсан танд баярлалаа.