ХҮН БҮР ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГААСАЙ
Халуун залуу наснаасаа Баруунтуруун сумын сангийн аж ахуйд ирж ажиллаж эхэлснээр “залуучуудын” гэгдэх их бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил ундарсан Туруун, Дүүдэй хоёрын салшгүй нэгэн түүх эхэлсэн гэлтэй. Тэрээр анх сангийн аж ахуйд трактор комбайны жолоочоос, засварын газрын нярав, багийн дарга хүртэл ажиллаж ирсэн. Одоо ч олон нийтийн, төр түмний төлөөх зүтгэл нь унтраагүй нь дээр сумынхаа ИТХ-ын даргын ажлыг хүлээн аваад удаагүй байгаа юм. Зорьсоноо хэрэгжүүлдэг бүтээлч, шинийг эрэлхийлэгч зан чанар нь гавьяаныхаа амралтад гарсан хойно нь ч зүгээр суулгадаггүй гэлтэй. Гэрийнхээ баруун хаяаг төмрөөр дүүргэнэ хөгшин дөө зэмлүүлж суугаа нь яалт ч үгүй “Бүтээгч” нэгэн болохыг илтгэнэ.
Учир нь Дүүдэй гуай гарын доорх материалаар тэр дундаа төмрөөр ахуй нь хэрэглээний тоног төхөөрөмж багаж хэрэгсэл хийж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг нэгэн юм. Ингэхдээ багаж “хийх” багажаа хүртэл өөрөө өөртөө тааруулж зохион бүтээдэг хөдөлмөрч нэгэн юм. Бүтээл гэдэг хүн зоны танил болсон хүрээ өргөн хэрэгцээг хэлдэггүй. Бүтээл гэдэг хүмүүний сэтгэлд багтан гараар үйлдэгдэж өөрийн болон өөр хэн нэгэний хэрэгцээнд нь, сэтгэлд нь нийцэх тэр зүйлийн илэрхийлэл юм. Монголчууд бидний ахуй амьдрал уламжлал бол өнө эртнээс хадгалагдан ирсэн гайхалтай өв соёл. Мөн өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ нийгэмд өөрийн болоод бусдын хэрэгцээг цаг үетэйгээ нийцүүлэн гэртээ тэр дундаа хаягдал материалаар тоног төхөөрөмж бүтээн гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ шинэ санаа, ажил амьдралын туршлага байхад болохгүй чадахгүй юм гэж үгүй гэдгийг тэрээр хэлж байсан юм.
иднийг Дүүдэй гуай нь гэрт очиход үнэхээр л ахуйн хэрэгцээний өдөр тутамдаа, улиралдаа, хэрэгтэй хүндээ маш хэрэгтэй олон зүйлийг төмрөөр урлаад сууж байлаа. Хамгийн ихээр нүдэнд туссан нэг зүйл бол нэг метр орчим урттай тракторын нумаар хийсэн төмөр “тасдагч” хайч байлаа. “Ямар ч төмрийг хайчилж өөлөөд засчихдаг юм” хэмээн бахархалтайгаар инээвхийлэх түүний хагийн гол зэвсэг нь тэр. Хамгийн анх ямааны сам хийж эхэлсэн түүний урын санд хутга, шөвөг, харуул ойл, хүрз жоотуу, нэрмэлийн бүрхээл, тогооны таг, буузны жигнүүр, хазаарын амгай, адууны тамга гээд нүүдэлчин ардын ахуй амьдралтай салшгүй холбоотой олон олон хэрэгцээт эд зүйл бий.
Тэрээр бүгдийг гарын доорх хагдал материалаар үйлдвэрлэсэн. Ингэхдээ “өөрт нь л эвтэй, чанартай санагдвал бусдад ч бас тийм байх болно” гэдэг сэтгэлээр аливаад ханддаг аа хэлж байсан юм. Хамгийн гол нь түүний хийсэн багаж бүрд нь нэг ч гагнуур ороогүйгээрээ илүү онцлогтой. Учир нь хэнд зориулж ямар нөхцөлд ашиглах билээ гэдгээ тооцоолсонд оршино. Ямар ч багаж бүтээсэн бай түүндээ он удаан жилийн баталгаа өгдөг гэдгээ ч тэр хошигнол болгон ярьж байсан юм.
ТӨМӨР Л ХАРАГДВАЛ АВААД ЭД БОЛГОЧИХНО
Өнөөдөр бидний өргөнөөр ашигладаг бүхий л багаж хэрэгсэл гадны орноос зөөвөрлөгдөн орж ирдэг. Харахад өнгө үзэмжтэй хүний анхаарал татахуйц байв ч хэрэглээ талаасаа хэврэг гарын ая даахдаа тааруу, насжилт богинотой байгаа нь нэг талаас эдийн засгийн хувьд хохиролтой нөгөө талаас бүгдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгаа сөрөг талууд ихтэйг ч онцолж байсан юм. Тиймээс
хүн бүр бүтээгч үйлдвэрлэгч байгаасай. Ядаж л өөрийнхөө хэрэгцээг өөрөө бий болгодог байгаасай
гэсэн чин хүсэлтэй явдаг аа нуусангүй. Харин түүнийг нь бодлого боловсруулагчид нь мэдрэмжээрээ бололцоогоор нь дэмжээд явчихвал хамтын хөдөлмөрт суралцах, өрх бүр орлогын эх үүсвэртэй болчих боломж байна хэмээж байлаа. Амьдралынх нь алтан үеүүд ид өрнөж байсан сангийн аж ахуй нь татан буугдаж өөрийн үр хүүхдээс ялгаагүй хайрлан тордож засан сэлбэж явсан техник тоног төхөөрөмжүүд нь төмрийн хогд ачигдахад хайран хамаг баялагаа алдаж байна даа хэмээн харуусал тээж байсан үе олон байв хэмээн халаглан хуучлав. Одоо ч тэр үеийн трактор комбайны эд анги төмрийн үлдэгдэл харагдах л юм бол яман нэгэн багаж болгоод хэрэглчихдэг. Түүний нэг нь улаан тракторын нимгэн төмрөөр хийсэн ямааны сам байх жишээтэй. Ер нь л төмөр харагдвал аваад ямар нэгэн хэрэгтэй эд болгоод тавьчихдаг энэ авъяасыг нагац ахаасаа өвлөсөн гэдэг. Угийн хөдөлмөрч бүтээлч түүний баримталдаг энгийн хэрнээ хүнд ухаарал хайрлахуйц зарчим нь “Найз чинь талх зарж байвал үнээр нь ав. Танил чинь ном хэвлүүлсэн бол урмын үг хэлээд үнийг нь өг тэр чинь л бие биенээ гэсэн халуун сэтгэлийн дэмжлэг юм” хэмээн хуучласан юм.
Эх сурвалж: https://www.facebook.com/uvschuud/