БНСУ-д олон жил ажиллаж байхдаа эх орондоо очоод “юу хийх үү” хэмээн удаан бодож, гэр бүлтэйгээ зөвлөсний эцэст ажлын бээлийний үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр шийдэн “Давших хурд” ХХК байгуулан ажиллаж эхэлсэн Б.Амгаланг энэ удаагийн "Баялаг бүтээгч"-ээр урьж оролцууллаа.
-Таны үндсэн мэргэжил юу вэ. Солонгост хэдэн жил болов?
-Би автын инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад Солонгос явж, долоон жил болоод ирсэн. Ирээд байр, машин аваад ямар нэг ажил олж хийе гэх бодол байсан ч яаж ийгээд өөрийн гэсэн үйлдвэрлэл эрхлээд үзье гэж зориглоод, судалгаа хийсний үндсэн дээр ажлын бээлийний үйлдвэр оруулж ирэхээр болсон. Солонгост байхдаа хүнд, хөнгөн олон төрлийн үйлдвэр, түүний дотор бээлийний үйлдвэрт ажиллаж байсан болохоор надад арай хийж болмоор санагдсан.
-Үйлдвэрээ хэзээ байгуулав. Хэдэн машин, хэчнээн ажилчинтай байгаа вэ?
-Үйлдвэрээ байгуулаад гурван сар болж байна. Одоогоор гурван машинтай, эхнэртэйгээ хоёулаа байрны подволын өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ гурван машинаа өдөрт 12 цаг тасралтгүй ажилуулаад 500 орчим хос бээлий үйлдвэрлэж байгаа нь одоохондоо захиалгат байгууллагынхаа хэрэгцээг хангаж чадаж байгаа.
-Үйлдвэр байгуулахдаа ямар нэг зээл тусламжид хамрагдсан уу. Бэрхшээлтэй зүйл байдаг уу?
-Ямар нэг зээл аваагүй. Солонгост ажиллаж байхдаа цуглуулсан мөнгөөрөө л тоног төхөөрөмж, түүхий эдээ худалдан авч, түрээсийн мөнгөө өгсөн.
Бэрхшээлийн хувьд олон жил гадагшаа явж байгаад ирсэн болохоор танил тал, найз нөхөд их ховор болчихдог юм байна. Тийм болохоор бүтээгдэхүүнээ борлуулахад жаахан хүндрэлтэй байсан. Харин азаар хуучин ажиллаж байсан байгууллага маань үндэсний үйлдвэрээ, хуучин ажилтнаа дэмжих сэтгэлээр эхний захиалгыг өгсөний үр дүнд одоогоор гурван машиндаа таарсан захиалгатай байгаа. Илүү гаргаж хийсэн бээлийгээ барилгын зах, дэлгүүрээр явж зардаг.
Мөн бичиг баримт хөөцөлдөөд явж байхад бодолцож үзэхээр зүйл нэлээд байдаг нь ажиглагдсан. Жишээ нь барааны тохирлын гэрчилгээ гэж авдаг юм байна. Энэ гэрчилгээг авчихвал харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулах, бараа нийлүүлэхэд итгэлцэл үүсэх, стандартын шаардлагыг хангаж чадсан гэдгээ баталж өгөхөд хэрэгтэй байдаг. Гэтэл бүрдүүлэх бичиг баримт дээр нь ажлын байрны стандарт заагаад өгчихсөн байгаа юм. Хүн анх үйлдвэр байгуулахдаа л үнэтэй байр түрээслээд эсвэл үнэтэй байр бариад орох хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ асуудал шинээр үйлдвэрлэл явуулах гэж байгаа хүмүүст нэлээд дарамттай байдаг санагдсан.
-Бээлий нэхэх технологийн хувьд хэр ажиллагаатай вэ?
-Машинаа асаахын өмнө цэвэрлэх хэрэгтэй. Учир нь утасны тоос ихээр хуримтлагдвал гацаж тасрах нь их байдаг. Бээлий нэхдэг машинууд бүгд автомат ажиллагаатай. Комьпютерт бүх тооцооллоо оруулаад гурван минут тутамд нэг ширхэг бээлий нэхдэг. Машин ажиллаж байгаа үед байнга хажууд нь байж утасны тоосоо цэвэрлэж, хэвийн ажиллагааг нь хянаж байхгүй бол тасалдах, гацах зэргээр доголдол үүсдэг.
Бээлийгээ урт, өргөн гээд бүх стандартын дагуу машиндаа сануулчихаар нэхэх явц нь машины комьпютерийн нүүрэн дээр ил байдаг. Деталь оёдол нэг бүрчлэн хугацаатай байна. Жишээ нь чигчий хуруу нэхэхэд 40 секунд байхад долоовор хурууг 56 секундэд оёх жишээтэй. Ингээд нэхэгдэж дуусаад машинаас гарч ирсэн бээлийнийхээ хуруу салаануудыг шалгаж үзнэ. Бээлийний бугуйн хэсэг нь хөврөөд байдаг учраас тэр хэсгийн утсыг түлж хөврөхгүй болгоно. Нэгэнт бэлэн болсон бээлийгээ арван хосоор нь боож уутласнаар эцэсийн бүтээгдэхүүн болж хүргэлтэнд гарна.
-Техникийн эвдрэлүүд хэр гардаг вэ?
-Жижиг эвдрэлүүд гарна. Зүү хугарах, утас тасарч гацах зэрэг бага зэргийн эвдрэлүүд гардаг ч тэрийгээ өөрөө засчихдаг. Харин том эвдрэл гэмтэл гарвал засварчин дуудаж засуулдаг.
-Монголд үйлдвэрлэсэн ажлын бээлий хятад, солонгос бээлийнээс үнийн хувьд хэр ялгаатай байдаг вэ?
-Солонгос бээлий манай зах зээл дээр 900-1100 төгрөгний үнэтэй байдаг. Харин хятад бээлий үнийн хувьд ялгаа байдаггүй. Тэгэхээр урдаас бээлий авч байхаар эх орныхоо үйлдвэрийг дэмжээд эндээсээ авбал замын зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой юм. Ер нь ажлын бээлийний гол худалдан авагч нь уул уурхай, барилгын салбар байдаг юм билээ.
-Үйлдвэрээ байгуулаад гурван сар болж байна. Энэ хугацаанд "хэрэггүй эхэлж дээ" гэж харамсах бодол төрж байсан уу. Цаашдаа мэдээж том л зорилго тавьж байгаа байх?
-Эхэндээ жаахан хэцүү л байсан. Тэгэхдээ анхны захиалагч байгууллагаа олоод бээлийгээ борлуулж эхэлснээс хойш итгэл төрж эхэлсэн. Энэ сарын сүүлээр анхны татвараа төлж улсдаа албан ёсны татвар төлөгч байгууллага болон нэмэгдэж байна. Цаашдаа машиныхаа тоог нэмэгдүүлж, захиалгаа өсгөөд, хамгийн түрүүнд ажлын байраа л сайжруулах зорилго тавьж байгаа.
Мөн үйлдвэр эрхлээд бараа бүтээгдэхүүн борлуулж эхлэхээр ямар нэг байдлаар бусдад өөрсдийгөө таниулах, сурталчлах шаардлага зайлшгүй гардаг юм байна. Тэгээд дөнгөж ажлаа эхэлж, санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож амжаагүй энэ үедээ реклам сурталчилгаа хийлгэнэ гэдэг бүтэхгүй зүйл юм билээ. Гэтэл ингээд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” гэсэн сайхан уриатайгаар гэртээ, хэний ч мэдэхгүй ийм газар жижигхэн үйлдвэр эрхлээд сууж байгаа биднийг хайж, зорьж ирэн ямар ч үнэ төлбөргүй ийм том сурталчилгаа, нэвтрүүлэг хийж өгч байгаа танай хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.