Бизнес эрхлэгчдийг том жижгээр нь ялгалгүй хавханд оруулаад буй цар тахлын энэ үед эмэгтэй захирлууд бизнесээ хэрхэн удирдан авч яваа болон тэдний бизнес өнөөдөр ямар байгааг цахимаар сурвалжиллаа.
Урлаг, бизнесийг хослуулан яваа энэ эмэгтэй “O Сouture” гэх үндэсний брэндийг үүсгэн байгуулаад зургаан жил болжээ. Анх орон сууцны нэг байранд үйлдвэрээ нээж гарын таван хуруу мэт таван бүсгүй нийлэн одоогийн бизнесийнхээ суурийг тавьж байв. Энэ хугацаанд тэд Монголдоо нэрийн хоёр дэлгүүр, өөрсийн үйлдвэрлэлтэй болоод зогсохгүй, Өвөр Монголд дэлгүүрээ нээгээд амжжээ.
Худалдааны зорилготой бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна хувь хүний захиалгын үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдгөө 25 хүнийг ажлын байраар хангаад байна.
Дэлхий нийтэд бүх салбар хүнд цохилтод ороод байгаа энэ цаг үед тэд бизнесийн шинэлэг арга барилаар, маркетингийн шинэ төлөвлөлтөөр ажиллаж буй. Хөл хорионы үед тэд тодорхой хэмжээнд захиалга авч буй учраас бизнесийн үйл ажиллагаа огт зогсоогүй.
“O Couture” брэндийн үүсгэн байгуулагч Д.Отгонжаргалын хувьд урсгал сөрж, цаг үеийг илүү бүтээлч байдлаар ашиглахыг зорьж буй тул гэнэтийн сорилтод түүний бизнесийн ноён нуруу бөхийгөөгүй. Цар тахлаас үүдэн хэрэглэгчдийн тансаг бүтээгдэхүүний худалдан авалт буурснаар борлуулалтын орлогын хэмжээ өөрчлөгдөж, үндэсний брэнд гэдэг утгаараа зах зээл нь жижиг тул тэр хэмжээгээр худалдан авалт, захиалга нь багасчээ. Гэсэн ч тэд бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр шинэчлэлт хийн олон нийт рүү чиглэсэн бүтээгдэхүүн хийж үзжээ. Тус брэндийн хувьд тансаг зэрэглэлийнх тул энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс өөр чиглэл рүү шилжилт хийж үзсэн нь томоохон туршлага болсныг Д.Отгонжаргал онцолсон. Тэрбээр бизнест тулгарсан асуудлыг хувирах байдлаар хэрхэн шийдэж болоход анхаарч байна. Хэдийгээр үнэтэй бүтээгдэхүүний борлуулалт буурах хандлагатай байгаа ч үнэ цэнээ хадгалсан бүтээгдэхүүнийг боломжит үнээр санал болговол хэрэглэгчдийн худалдан авалт өндөр буй нь мэдрэгджээ.
“O Couture”-ийн хувьд энэ оны маркетинг, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэдийнэ гаргаж, томоохон ажлууд төлөвлөөд байна. Д.Отгонжаргал “Цаг сайхан болж, эдийн засаг эргээд сэргэнэ гэсэн гэгээн төсөөллөөр төлөвлөгөө гаргасан. Хамгийн түрүүнд бизнес загвараа өөрчилж, экосистем рүүгээ түлхүү оруулсан бизнес загваруудаар явж үзэхээр шийдээд байгаа” хэмээв.
Өнгөрсөн оны 12 дугаар сард тэд массын зах зээл рүү орж үзэн шинэ жилийн хувцаснууд үйлдвэрлэсэн. Тухайн үед эрэлт хэрэгцээ их байсан ч үйлдвэрлэл нь хүчин чадлаасаа хамаарч үйлдвэрлэх боломжит тоон дээрээ зогсоод цааш явах боломжгүй болжээ. Тиймээс тэд экосистемийг судлан бүтээгдэхүүнээ бага зардлаар хэрхэн олон хэрэглэгчид хүргэхэд анхаарал хандуулан судалж байгаа аж.
Д.Отгонжаргалын хувьд бизнесээ босгосноос хойш өөрийн бүтээлч байдалдаа тулгуурлан жил бүр O Couture загварын шоуг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлаас үүдэн 12 дугаар сарын арга хэмжээ цуцлагдсан ч ирэх зургадугаар сард загварын шоугаа хийх нь.
Хэдийгээр тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт буурах хандлагатай байгаа ч үнэ цэнээ хадгалсан бүтээгдэхүүнийг боломжит үнээр санал болговол хэрэглэгчдийн худалдан авалт өндөр байна.
Байгууллагууд дижиталчлалд шилжиж буй энэ цаг үед тэд ч бас хувцасны салбар онлайн байдалд хэрхэн хувирч болдогыг харуулахаар зэхэж байна. Наад зах нь хувцасны захиалга, хэмжээ авахыг онлайнаар шийдэж болох арга судлан, Монголын өнцөг бүрээс шилдэг 1000 оёдолчин дизайнерыг цуглуулан үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргахаар зорьж буй.
“Загварын салбар нь хүнд гоо сайхныг санал болгож байдаг төдийгүй хөгжлөөсөө алхам алхамаар урд явахыг шаарддаг. Энэ утгаараа сонирхолтой салбар бөгөөд хамгийн бүтээлч хүмүүс бусдаас ялгарч чадаж байна. Тиймээс энэ бизнесийг хийхэд огтхон ч хүндрэлтэй санагддаггүй” хэмээн Д.Отгонжаргал ярьсан. Түүнийхээр бүтээлч байх нь өөрөө бизнест оршин тогтнолыг бий болгож буй хэрэг. Хэрэглэгчдэд сэтгэл ханамжийг бий болгох ёстой гэж үздэг бөгөөд энэ утгаараа одоогийн эрхэлж буй бизнес нь амархан санагддаг.
Тэд жилдээ өөрийн онцлог нэрийн 2500 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 20 гаруй хүний өмнө хариуцлага хүлээсэн захирлын хувьд Д.Отгонжаргал ажилчдаа орлоготой байлгахад бусад захирлын адил санаа зовж, анхаарч явдагаа нуусангүй. Тэрбээр тус брэндийг дахин давтагдашгүй цор ганц загварыг бий болгох туйлын хүсэл зорилгоор бий болгосон. Гэсэн ч дан ганц энэ концепцоор явах бус үүнийг хэрэглээтэй холбохыг цаг үе, зах зээл шаардаж байна.