Хөгжлийн банк хүндрэлтэй нөхцөл байдалд бизнесийн байгууллагуудад олгосон зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэр гаргаагүй. Энэ нь Засгийн газар бизнесийн байгууллагуудаа дэмжихгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж буй. Иймд Хөгжлийн банк бизнесийн зээл хойшлуулах хүсэлтүүдийг яаралтай шийдвэрлэхийг ААН-үүд хүсч байна.
Тиймээс татвар НӨАТ, НДШ, зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийг хөнгөлөх, ААН-ийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх зэрэг төрийн бодит дэмжлэгийг хүсч байна. Энэ талаарх бизнес эрхлэгчдийн байр суурийг хүргэж байна
“Faro education” англи хэлний сургалтын төвийн захирал Б.ИДЭР-ОД: Төр эдийн засгаа 100 хувь царцааж гарзтай менежмент явуулж байна
-Хатуу хөл хориог тогтоосон нь нийтийн эрүүл мэндийн төлөөх зөв шийдвэр гэж харж байгаа. Энэ утгаараа хөл хорионоос үүдэж хохирол амслаа гэж гомдолмооргүй байна. Гэхдээ бусад орны жишгийг харахад хэдийгээр төрөөс нь нэгдсэн арга хэмжээ авч байгаа ч гэсэн ажлын байр, иргэдийнхээ цалин, орлогыг давхар харгалзаж авч үздэг. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг орнууд хөл хориог тогтоохдоо маш ойлгомжтойгоор буюу нэг, хоёр, гурав гэх мэт үеүдэд хуваасан байдаг. Энэ нь хүмүүст ажил, амьдралаа төлөвлөх боломжийг илүү олгодог. Нөгөөтэйгүүр, төрийн бодлого шийдвэр нь маш тодорхой байдаг. Жишээ нь, хүн амын хэдэн хувь нь халдвар авбал хөл хорионы хоёрдугаар үе рүү орно шүү гэх мэтээр урьдчилан тодорхой болчихдог учраас ажил олгогчид ч бэлдэх хугацаатай болдог. Гэтэл манайд эсрэгээрээ гэнэтийн бөгөөд наашаа, цаашаа хувьссан шийдвэрүүд гардаг нь бизнес эрхлэгчид ажлаа төлөвлөхөд маш хүндрэлтэй байна. Манай сургалтын төвийн тухайд хичээлүүд онлайн горимд шилжсэн. Сургалтын төвийнхөө түрээсийг жилээр нь төлчихсөн учраас хөл хорионы өдрүүдэд түрээс сул гүйж байна. Хоёрдугаарт, эдийн засагтаа эрсдэл, хохирол бий болгож хөл хорио тогтоож байгаа атлаа хөдөө орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулахдаа хоорондоо тэврэлдэх шахуу болж хэдэн зуугаар нь цуглуулж аюулгүй горимыг алдагдуулсан үйл ажиллагааг төр өөрсдөө хийгээд байгаа нь эдийн засгийн гарз хохирлыг улам бий болгож байна. Ингэх байсан бол хөл хорио тогтоох шаардлагагүй шүү дээ. Халдвар авсан хүмүүсийн мэдээллээс харахад хяналтыг бүрэн хийж чадахгүй байгаа хэрнээ нөгөө талдаа эдийн засгаа 100 хувь царцааж байгаа нь төр гарзтай менежментийг явуулж байна. “Иргэдийг дархлаагаа дэмж” гэж ЭМЯ-наас байнга мэдээлдэг атлаа төрийн шийдвэрүүд нь иргэдийн дархлааг муутгаж байна. Жишээ нь, шөнөөр хүнсний түгээлтийг явуулна гэх мэт логикийн алдаатай шийдвэрүүд гаргасныг хүн бүхэн мэднэ. Ажлын байр царцана гэдэг нь мөн өрхийн орлого царцана гэсэн үг. Иргэн бүрийг дэмжихгүй юм гэхэд ядаж ажил олгогчдыг нь дэмжээд өгвөл тухайн ААН цалингаа 50 хувь олгох гэж байсан бол 80 хувиар олгоно. Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг компанийн зардлуудыг хамгийн бага хэмжээгээр тогтоож өгвөл бодит дэмжлэг болж чадна. Өнгөрөгч аравдугаар сараас эхлэн ААН, даатгуулагч тус бүр 5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ч энэ нь хангалттай дэмжлэг биш. ААН-ийн НДШ-ийг тэглэх зэрэг компанид шууд ирдэг зардлуудыг хамгийн бага хэмжээнд бууруулах шаардлагатай. Ингэснээр ААН-үүд ажилчдынхаа цалинг 50 хувиас дээш олгож чадна. Энэ байдлаар үргэлжилбэл жижиг, дунд бизнес эрхлэгчид гурван сар л тэвчих байх. Түүнээс цааш байдал үнэхээр хүндэрнэ.
Дашрамд дурьдахад онцгой нөхцөл байдлын хүрээнд нийтийн хөл хорионы шийдвэрийн дагуу зогссон хугацааны зээлийн хүүг төр даах боломж байна уу. Банкууд ч гэсэн аж ахуйн нэгж тул дангаараа энэ зардлыг даах боломжгүй, хадгаламжийн хүү зогсохгүй тул зээлийн хүү зогсох нь банкуудаа эрсдэлд учруулна. Энэ үеийн эрсдэлийг төр дааж энэхүү хугацааны зээлийг хүүг Засгийн газар банкуудад төлөх боломж байгаа юу гэдэг асуултыг ААН-үүд төрд тавьж буй.
Учир нь ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилбал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй байна.