Энэ удаагийн “Баялаг бүтээгч” булангийн зочноор “Хатан зөгий” цехийн захирал Э.Гэрэлтуяаг урьж ярилцлаа.
-Багануур дүүрэгт ганцхан зайрмагны цех ажилладаг гэсэн. Яагаад зайрмаг хийх болсон юм бэ?
-Анх сургуулиа төгсөж ирээд Багануур дүүрэгт хүүхэдтэйгээ хэсэг ажилгүй байсан. Тэр хугацаандаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл бичээд зээл аваад үйлдвэрлэл эрхлэх боломжтой юм байна гэж үзээд олон төрлийн төсөл бичиж үзсэн. Төсөл бичихдээ орлого, зарлагаас эхлээд бүх зүйлийг судалж үзэх хэрэгтэй болдог. Үүний үндсэн дээр зайрмагны цех ажиллуулах юм бол зөв гэдгийг мэдэрсэн. Түүнээс гадна зах зээл нь Багануур дүүрэгт байгааг олж харсан. Улаанбаатар хотоос үнэтэй зайрмагуудыг авчрах шаардлагагүйгээр дүүргийнхээ иргэдийг зайрмагаар хангаж чадна гэдэгтээ итгэж эхэлсэн.
Ганцхан Багануур дүүрэгт гэлтгүй ойр хавийн сумдад долоо хоногтоо ч зайрмаг хүргэгдэж очдоггүй юм билээ.
-Хэдэн оноос эхэлж хийх болсон бэ. Үйлдвэртээ хэдэн ажилтантай вэ?
-2014 оны дөрөвдүгээр сараас эхэлж хийсэн. Одоогийн байдлаар нийт дөрвөн хүн ажиллаж байна.
-Багануур дүүрэгт зах зээл нь бий гэсэн. Тэгвэл борлуулалт хэр сайтай байгаа вэ?
-Багануур дүүрэгт ганцхан зайрмагны цех ажилладаг нь манайх юм. Манай зайрмагны бусдаас ялгарах онцлог нь үнэ байдаг. Хямдхан зайрмагийг ихэвчлэн хүүхдүүд иддэг. Тэд байгаа мөнгөндөө тааруулаад аль болох хямдханыг нь сонгож иддэг. Хотоос манай зайрмагийн үнэтэй адил “Батос”, “Морозко” гэсэн хоёр төрлийн л зайрмаг ирдэг.
Яг үйлдвэрээс нэг ширхэг зайрмаг 250 төгрөгөөр гараад дэлгүүрийн лангуун дээр 300-350 төгрөгөөр худалдаалагддаг. Одоохондоо манайх зөвхөн нэг төрлийн торхтой зайрмаг хийж байгаа. Тэгээд ирэх дөрөвдүгээр сард үйлдвэрээ өргөжүүлээд, үйлдвэрлэлийн зориулалттай том хэмжээний машин оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Биелсэн тохиолдолд илүү олон зайрмаг үйлдвэрлэх боломжтой болно.
-Хүнсний үйлдвэрт эрүүл ахуйн шаардлага хамгийн чухал. Танай бүтээгдэхүүн хэдэн дамжлага дамжиж хэрэглэгчдийн гарт эцсийн бүтээгдэхүүн болж хүрдэг вэ?
-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотор “урсгал” гэж зүйл байдаг. Аль урсгалаар эхлээд аль урсгал дээр очоод төгсөх вэ гэсэн зарчимтай. Тэгэхээр аль болох цөөн дамжлага дамжих тусмаа тухайн бүтээгдэхүүн чанартай байна гэж боддог. Дээрээс нь цөөхөн дамжлага дамжина гэдэг нь тухайн хүнээс гарч буй үр бүтээл нь өндөр байна гэсэн үг. Харин олон дамжлага дамжина гэдэг нь цаг хугацаа их шаарддаг. Чанарын шаардлагын хувьд Улаанбаатар хотыг бодвол жижиг газар учраас мэргэжлийн хяналтын байгууллага маш өндөр шаардлага тавьдаг. Бид сүүгээ фермээсээ аваад шинжилгээнд өгөөд, зайрмаг хийх боломжтой гэсэн бүтээгдэхүүнийг энд авчирдаг. Хөлдөөгч олонтой болохоор хэзээ ч өрөөний температурт сүү байлгадаггүй. Дээрээс нь өнөөдөр ирсэн сүү өнөөдөртөө л дуусдаг болохоор 2-3 хоног хоносон сүүгээр хэзээ ч зайрмаг хийдэггүй. Бас тухайн өдөр хийсэн зайрмаг оройдоо эсвэл маргааш өглөө нь зарагдаад дуусдаг.
Анх батосын зайрмаг дэлгүүрийн хөргөгчний 70 хувийг эзлээд, манайх 30 хувьд нь байсан бол батос 30 хувийг нь эзлээд манайх 70 хувийг эзэлдэг болсон. Мөн дэлгүүрт 200 зайрмаг хамгийн удаандаа хоёр хоногийн дотор зарагдаад дуусдаг. Харин зуны улиралд өглөө нь өгөхөд үд дундын үед гэхэд бүгд зарагддаг. Тэгэхээр чанарын шаардлага хангахгүй, удаан хадгалсан байна гэх асуудал байдаггүй. Зайрмаг авч буй хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд учир эрүүл ахуй, чанарт онцгой анхаардаг.
-“Маша” зайрмагийн бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Химийн хуурай бодис маш бага хэмжээгээр ордог. Гаднаас ирж байгаа зайрмагт хэр хэмжээний хуурай бодис байх ёстой гэсэн стандарттай байдаг бол бид нар өөрсдөө стандартаа зохиогоод хийдэг. Хуурай бодис гэдэгт хөөсрүүлэгч, өтгөрүүлэгч, сүүний охь, өндөгний гэх мэт олон төрлийн химийн бодис багтдаг. Үүнээс бид ердөө хоёр төрлийг нь л хийдэг. Өөрөөр хэлбэл, морозко болон бусад зайрмагийг хайлуулахад дан хөөс хайлдаг бол манай зайрмагийг хайлуулахад сүү урсдаг.
-Та цөөн дамжлага дамжих тусмаа илүү чанартай гэсэн. Гэтэл хүмүүс олон шат дамжих тусмаа илүү чанартай гэж ойлгодог?
-Хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн маш хурдан хугацаанд муудаж, өрөөний температурт байгаа нян, бактерыг өөртөө шингээж авдаг. Тэгэхээр би зуурмагийг машинаас гаргаад олон сав дамжуулах бүрт өөртөө шингээж авдаг нян бактер нь ихэснэ гэсэн үг. Харин би зуурмагийн машинаасаа шууд савладаг.
-Сүүлийн үед гэртээ зайрмаг хийдэг хүмүүс олон болсон. Та технологио хуваалцахгүй юу?
-Бид зайрмагийнхаа зуурмагт хэзээ ч ус хольдоггүй. Дан сүүгээр хийдэг. Сахараа сүүний охьтойгоо холиод, тусгай саванд бэлтгээд бэлэн болсон сүүн дээрээ хийдэг. Тэгээд 20-30 минутын турш хутгадаг. Ингэхээр нэгдүгээрт, сахар нь сайн уусаж өгнө. Хоёрдугаарт, их хутгаж байж зуурмаг маань хөөсөрч, өтгөрнө. Дээрээс нь өсдөг. Дараа нь зуурмагаа хөлдөөгчинд нэлээд удаан хугацаанд хадгалахаар нян бактер нь устана. Тэгсний дараа машин руугаа хийгээд бэлэн болдог.
-Технологио анх хаанаас сурсан бэ?
-Хамгийн анх Хятадад сурч байсан хамаатны эгч маань зайрмагны цехэд хэсэг хугацаанд ажиллаж үзээд надад хэлж байсан. Тэгээд бас Дадал суманд байдаг эгч маань үнээнийхээ сүүгээр зайрмаг хийдэг байсан. Тэндээс ерөнхийдөө ийм технологиор хийж болох юм байна гэж мэдээд, хүнсний технологичтой хамтраад гаргасан. Өөрөөр хэлбэл, миний бэлдсэн зуурмагийг мэдэхгүй хэн нэгэн хүн шууд аваад машинд хийгээд зайрмаг гаргаж чадахгүй. Тодорхой хугацаанд хутгаад, машин руугаа хэдэн шанагыг хийж, хэдэн минутын дараа гаргана гэдгийг хэн ч мэдэхгүй. Би энэ зуурмагийг хэдэн минутанд хутгаж бэлэн болдгийг мэдэхгүй нэг сар болж байсан.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамгийн хэцүү үе нь эхлэлийн үе гэж ярьдаг. Таны хувьд үйлдвэрлэлээ хэрхэн эхэлж байсан бэ?
-Би төрийн дэмжлэгтэй зээл одоо хүртэл авч чадаагүй. Би дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн болохоор надад зээл авах ямар ч боломж байгаагүй. Хамгийн түрүүнд хамаатан садан, таньдаг хүмүүсээсээ тодорхой хэмжээний мөнгө зээлээд нэг жижиг машин, нэг том, нэг жижиг хөлдөөгч авч анх гараагаа эхэлж байсан. Тэр үед хамгийн хэцүү нь юу байсан бэ гэвэл хүмүүс маш ихээр нь захиалахад хүчин чадал хүрдэггүй байсан. Худалдагч нар хөлдөөгүй байсан ч аваад ир гэдэг байж билээ. Тэгэнгүүт дөнгөж машинаасаа гарсан хөлдөөгүй зайрмагаа аваад савлаад өгдөг байсан юм. Хэсэг хугацааны дараа үйл ажиллагаа маань жигдрээд ирэхээр би банкны шаардлага хангаж боломжтой болж ирсэн учраас хувиараа 10 сая төгрөгийн зээл авсан. Түүгээрээ арай хүчин чадалтай машин болон хөлдөөгчнүүд оруулж ирсэн.
Бас ирэх дөрөвдүгээр сард 40-50 сая төгрөгийн зээл авахаар төсөл бичиж байгаа. Үүгээр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар би нэг жижигхэн өрөөнд зайрмагаас өөр зүйл хийж чадахгүй байна. Хэрвээ жижиг үйлдвэртэй болчихвол зайрмагны торх болон савласан тараг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх боломжтой. Түүнээс гадна миний ашиг орлого нэмэгдэхээс гадна Багануур дүүрэгт ажлын байр бий болж, 5-6 хүн эсвэл үүнээс ч илүү хүн ажилтай болно.
Удахгүй манай дүүрэг хот болох гэж байгаа. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотоос бараа бүтээгдэхүүн тээвэрлэж ирээд байвал биднээс гарч байгаа мөнгө Улаанбаатар хотод л очиж байгаа гэсэн үг. Тэгэхгүйгээр жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж чадвал миний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн манай хотод л ашиг орлого болж орсон шүү дээ.
-Зайрмаг улирлын чанартай бүтээгдэхүүн. Тэгвэл өвлийн улиралд гүйлгээ хэр байна вэ?
-Өвлийн улиралд борлуулалт багасдаг. Гэхдээ бүр таг болчихдоггүй. Мэдээж зуны улиралтай харьцуулалтгүй л дээ. Тийм болохоор бид өвөл үйлдвэрлэлээ явуулдаггүй. Дэлгүүрээс захиалга ирсэн тохиолдолд өмнөх орой нь хийгээд өглөө нь хүргээд өгдөг. Харин зуны улиралд өдөр, шөнийн ээлж гаргаж ажилладаг. Гэхдээ манайх олноор нь гаргаж чаддаггүй. Багануурт 150 гаруй дэлгүүр байдаг. Бид хаана нь ч хүрдэггүй. Нэг дэлгүүрт нь өглөө 200 зайрмаг хүргээд өгөхөд өдөр хүүхдүүдийн хичээл тарах цагаар дуусчихдаг. Тиймээс үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Үүнийхээ араас хөөцөлдөж байгаа.
-Таны ажилд улам их амжилт хүсье
-Баярлалаа. Баялаг бүтээгчдийг дэмжиж буй танай хамт олонд талархал илэрхийлье.