Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын V багийн “Дарьт шүтээн” ХХК нь анх зайрмагны жижиг цехээс гараагаа эхлэж, өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүн, нарийн боовны “Бүжин” цех болон үнээ, тахианы фермтэй болж өдөр ирэх бүр өргөжин тэлж байгаа юм байна. Ийм ч учраас “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг энэхүү үйлдвэрийг зорьж очсон юм. Сумын төвөөсөө таван км орчим зайтай байх ферм дээр нь бид эхлээд очлоо. Эднийх одоогоор 11 үнээтэй, түүнээсээ өдөрт 30 литр сүү авдаг байна.
"Дарьт шүтээн" компанийн захирал Т.Баярмагнай
-Үнээний ферм байгуулж ажиллах санааг анх яаж олж авсан бэ. Өмнө нь үнээ малладаг байсан туршлага байгаа юу?
-Манайх үнээний цэвэр сүүгээр зайрмаг, тараг, цөцгий хийдэг. Гэтэл өвөл малчдын сүү нийлүүлэлт багасч, үйлдвэрлэл маань зогсонги байдалд ордог. Тиймээс өөрсдөө үнээний фермтэй болоод бүтээгдэхүүнээ хийдэг болох нь зөв гэж бодсон учраас өнгөрсөн намар энэхүү фермээ байгуулсан. Туршлага гээд байх юм байхгүй ч тусдаа малчинтай болохоор нэг их асуудал байдаггүй.
-Тахианы фермээ байгуулаад хэр удаж байна. Мөн л хэрэглээнээсээ шалтгаалж энэ аж ахуйг байгуулсан уу?
-Манайх “Бүжин” цехдээ напелеон, торт, нарийн боов хийдэг. Тиймээс өндөг их хэрэг болдог байсан. Гэтэл энд өндөг олдохгүй байх үе гарна. Тиймээс анх өөрсдийнхөө хэрэгцээний өндгийг хангахын тулд тахианы фермээ байгуулж байсан. Одоо 1000 тахиа маань 60 хувь өндөглөж, үүнээс өөрсдийн хэрэглээндээ аваад үлдсэнийг нь борлуулдаг болсон.
-Ер нь үйлдвэрлэл, аж ахуйгаа эхлээд удаагүй байгаа юм байна шүү дээ. Бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Байлгүй яахав. Анх удаа ферм байгуулж байгаа болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө тохиолддог ч мэддэг, чаддаг хүмүүсээс заавар зөвөлгөө аваад явдаг болохоор цаашаа өсөж дэвжих ирээдүй тод харагддаг шүү.
-Фермээ байгуулахдаа зээл тусламж авсан уу. Хэр ашигтай ажиллаж байна?
-Хөдөлмөрийн хэлтсээс 90 сая төгрөгний зээл авч фермээ байгуулсан. Одоохондоо манайх зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа учраас ашиг гараагүй байгаа. Угаасаа фермийн аж ахуй 1-2 жилийн дараа ашгаа өгч эхлэдэг болохоор өөрсдөө сүү, өндгөөрөө бүтээгдэхүүн хийгээд олсон орлогоороо зээлийн хүүгээ төлж, ажилчдынхаа цалинг тавиад явж байна.
Фермийн ажилтай танилцсны дараа бид тус компанийн хүнсний үйлдвэр болох "Бүжин" цехтэй танилцлаа. Цехийн дарга Б.Энхцэцэг
-Бүжин цех ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг вэ. Аймгийнхаа хүнсний бүтээгдэхүүний хэчнээн хувийг хангаж байна?
-2011 онд гурван сая 500 мянган төгрөгөөр зайрмагны машин худалдан авч анхны бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлснээс хойш 17 хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 25-26 кг бууз, 300 граммтай хэрчсэн гурил 405 уут, гурван төрлийн 1000 гаруй зайрмаг, долоон сав цөцгий зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, аймгийн төвийнхөө нийт гурилан бүтээгдэхүүний 50-60%, сүүн бүтээгдэхүүнийхээ 10%-ийг хангаж байна.
-Ер нь хүнсний үйлдвэр эрхлээд явж байхад бэрхшээлтэй зүйлүүд хэр их байдаг вэ?
-Бэрхшээлтэй зүйл их байдаг. Түүн дотор шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ гэдэг их хэцүү. Бусад газар ямар байдгийг мэдэхгүй ч манай орон нутгийн хувьд гаднаас ирсэн бүтээгдэхүүнийг илүүд үзэх явдал нилээд гардаг ч сүүлийн үед энэ хандлага өөрчлөгдөөд байгаа нь ажиглагдаж байгаа.
-Үйлдвэрээ ирээдүйд ямар болно гэж боддог вэ. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж өгдөг бол?
-Ногоон шошготой, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлдвэрээ том корпарацийн хэмжээнд хүргэнэ гэж бодож, зорьж байна.
Үйлдвэрлэл явуулахад ажиллах хүчин гэдэг юу юунаас илүү чухал. Тийм ч учраас манайх ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагаас арай илүү онцлогтой. Ажилчиддаа илүү ардчилсан байдлаар хандаж би дарга, чи цэрэг гэхээсээ илүү хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай байлгах талаас нь анхаардаг учраас ажлын байр маань илүү тогтвортой байдаг. Мөн хүмүүсийг ажилласан жилээр нь урамшуулах тал дээр нэлээд ажлуудыг хийдэг. Жишээ нь, нэг жил ажилласан бол зардлыг нь дааж Эрээн хот руу дагуулж явдаг. Хоёр жил тасралтгүй ажиллавал жолооны курст үнэгүй суулгана. Харин гурван жил тасралтгүй ажиллавал гэрт нь хэрэгтэй байгаа тавилгыг нь авч өгч, таван жил сайн ажиллавал суудлын машин өгнө гэсэн урамшууллууд байгаа.
-Ер нь өөрөө бизнес эрхлээд явж байгаа хүний хувьд баялаг бүтээгчдийг ингэж дэмжвэл хэрэгтэй байна гэсэн бодол байдаг уу?
-Санхүүгийн асуудал маш их гардаг. Анх бизнесээ эрхлэх гээд зээл авна. Гэтэл хэсэг хугацааны дараа бизнесээ өргөжүүлэх шаардлагатай болно. Жижиг дунд бизнес эрхлэгчид зөвхөн ашиг орлогоороо үйлдвэрээ өргөжүүлнэ гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Энэ үед санхүүгийн хувьд бэрхшээл гардаг. Энэ тал дээр уяан хатан байж чадвал бид илүү их зүйлийг хийх боломжтой. Манай оронд нэг онцлог байдаг нь зун худалдан авах чадвар сайжирдаг бол өвөл буурдаг. Тиймээс шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс юуны өмнө төслөө сайн судлах хэрэгтэй. Үйлдвэр, бизнесийн ашиггүй байх тэр цаг үед өөр зүйлийг хийх хэрэгтэй. Тэгж байж улирлын чанартай бизнесийг алдагдалгүй, мөнгөний гачаалгүй авч явах боломжтой. Сүүлийн үед "Батлан даалтын сан" гэж гарсан нь эрсдлийг бууруулахад бидний хувьд нэлээд дөхөм болж байгаа. Манайх гэхэд одоо хоёр төрлийн зээлтэй. Үүнд олсон орлогынхоо 60-70%-ийг өгдөг.
-Цаашдын тань зорилгыг асуулгүй өнгөрч болохгүй байх?
-Орон нутгийн иргэдээ 100 хувь органик бүтээгдэхүүнээр хангах, өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийг л гол зорилгоо болгож байна. Ер нь манай бүтээгдэхүүнд сода, давс мэтийн байх ёстой зүйлээс өөрөөр химийн нэмэлт бүтээгдэхүүн ордоггүйгээрээ давуу талтай.