“Үндэсний баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийнхөн “Эгшигт цэцэг” үйлдвэрийг зорилоо. Ажлын хувцас оёхын хажуугаар залуусын эрэлт хэрэгцээг мэдэрч, хүрэм, цамц, түүнчлэн гоёлын дээл урладаг хамт олныг удирдаж буй хүн нь Ч.Баасансүрэн. Оёдолчин эрэгтэй хүн тийм олон биш бөгөөд үйлдвэрийнхээ бүх ажил, дамжлагыг нэгд нэгэнгүй заах эрхэм ажилдаа гаршсан нь илт.
-Танай үйлдвэрийн нэрийг сонсоод ямар учиртайг асуух юм шүү гэж надад бодогдлоо?
-Үйлдвэрээ байгуулаад нэр авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт очсон. Сонгосон нэрийг маань хүн авчихаж. Ер нь шинэ нэр өгнө гэдэг амаргүй юм билээ. Ажилладаг, ажилладаггүйг бүү мэд бараг бүх нэрийг нь авчихсан байдаг юм билээ. Би гурван охинтой. Үйлдвэр байгуулах үед бага охин Энхрийлэн маань төрөөгүй байсан юм. Тэгээд л Эгшиглэн, Цэцэглэн хоёр охиныхоо нэрийг оруулж ийм нэр өгсөн юм.
-Ажлын хувцасны үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй би өмнө нь уулзаж байсан. Тендерийн асуудлыг их ярих юм билээ. Өөртөө үйлдвэргүй ч цүнхэндээ үйлдвэртэй хүн тендерт ялчихлдаг гэсэн?
-Тэр үнэн. Тендер гэдэг чинь угаасаа төрийн нэрээр хэсэг бүлэг хүмүүст л хамаатай асуудал юм билээ. Цүнхэндээ үйлдвэрийн бичиг баримт цуглуулсан хүмүүс тендерт оролцоод шууд авчих жишээтэй. Тендер шалгаруулдаг хүмүүс нь үнэхээр үйлдвэртэй эсэхийг шалгадаггүй юм билээ. Танил талтай хүмүүс өндөр үнээр аваад жижиг дунд үйлдвэр эрхэлж буй бидэнд хямдаар өгөх жишээтэй. Ийм бүлэг хүмүүс бий болжээ.
-Ингэхэд танайх нэг ажлын хувцсыг хэдэн төгрөгөөр оёж байна вэ?
-Бид 15 мянган төгрөгөөр л оёж байна. Хямдхан байгаа биз дээ. Хэрвээ бид шууд авдаг бол жижиг дунд үйлдвэр эрхэлдэг хүмүүс хөлөө олж, бие даахад мөн ч их боломж байгаа юм.
(Тендер авсан хүмүүс нь хамгийн багадаа 50 мянга түүнээс өндөр үнээр авдаг аж)
-Та тендерт оролцохоор материалаа өгч үзсэн үү?
-Үзсээн, бүтэхгүй юм билээ. Шаардлагатай гэх бүх материалыг бүрдүүлээд өгсөн ч хангаагүй, материал дутуу гээд хасчихдаг юм. Тэгж цаг заваа барж байхаар ажлаа хийгээд суусан нь дээр.
-Танайх байгуулагдаад удаж байна уу. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Манай үйлдвэр байгуулагдаад дөрвөн жил болж байна. Үндсэн 5-6 хүнийг ажлын байраар хангадаг. Ажил ихэссэн үед гэрээт ажилтан авч ажиллуулдаг.
-Зөвхөн ажлын хувцас биш гоёлын хувцас оёдог юм шиг байна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Ажлын хувцас байнга, тасралтгүй ажиллах нөхцөлийг хангахгүй шүү дээ. Заримдаа ажилгүй болчих үе бий. Тэр үед хүмүүсээ зүгээр байлгахгүй гэхдээ загвар гаргаж өөр зүйл оёдог.
-Танай үйлдвэрийн оёсон дээлний загвар, өнгөний хоршил үнэхээр гоё юм аа. Загварыг хэн гаргадаг юм бэ?
-Эхнэр бид хоёр л материалаа сонгон, загвараа гаргадаг.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Яагаад оёдлын салбар луу орсон юм бэ?
-Манай эхнэр бид хоёр зураач. Үндсэн мэргэжил маань өнгө, загвар сонгоход нөлөөлдөг байх. Нэг хэсэг Солонгост ажиллаж байхдаа оёдлын үйлдвэрт ажилласан. Тэндээс сурсан, мэдсэн зүйлээ эх орондоо ажил болгож байгаа нь энэ. Хувцас гэдэг бол гайхамшигтай зүйл л дээ. Хүнийг яаж харагдуулахыг хувцас л шийднэ. Хүн байгаа цагт хувцас байсаар л байх болно. Өөрөөр хэлбэл байнгын эрэлт хэрэгцээтэй зүйл.
-Та ЖДҮ-ийг дэмжиж буй төрийн зээл, төсөл хөтөлбөрт хамрагддаг уу?
- Яг үнэндээ оролцох сонирхолгүй болгочихдог юм. Шат дамжлага, дарамт ихтэй болохоор тэднийг харж суугаад байх хэцүү. Тиймээс өөрийн чадвараараа ажил олж, жинхэнэ бор зүрхээрээ зүтгээд л байна даа.
-Та цаашдаа ажлын хувцсаараа дагнах уу, эсвэл гоёлынхоор уу. Надад гоёлын хувцас, загварын дээл оёвол илүү өгөөжтэй мэт санагдлаа?
-Цаашдаа өргөжүүлээд гоёлын хувцас хийх бодолтой байдаг.
-Үйлдвэрээ өргөжүүлээд, тасралтгүй ажиллахад ямар бэрхшээл байна вэ?
-Санхүүгийн асуудал л хамгийн чухал. Зээл авъя гэхээр өндөр хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгээд ч олон шат дамжлагатай юм билээ. ЖДҮ эрхэлж буй хүн бүхэнд л ийм бэрхшээл байгаа байх. Үүнийг эрх бүхий хүмүүс нь судлаад яг эзэндээ хүрсэн зээл, дэмжлэг байдаг бол мөн сайнсан. Бидэнд хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл үнэхээр их шүү.
-Танай хамт олны ажилд өндөр амжилт хүсье. Үйлдвэрээ өргөжүүлээд залуусын нүд хужирлах сайхан хувцас оёж брэнд болгоорой.
-Үндэсний баялаг бүтээгчдээ дэмжиж буй танай хамт олонд талархаж байна. Амжилт хүсье.