Засгийн газраас “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлж, ямар оролцоотой ажиллах талаар мэдээлэл өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг дунд хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Зургаан үндсэн бүрэлдэхүүнтэй хөтөлбөр байгаа. Нэгд, ажлын байраа хамгаалах чиглэлд хоёр их наяд төгрөг. Хоёрт, ипотекийн зээл олголтыг дэмжих чиглэлд гурван их наяд төгрөг. Гуравт, уул уурхайн бус салбар болон экспортыг дэмжсэн репо санхүүжилтийг нэмэгдүүлэх. Дөрөвт, стратегийн ач холбогдол өндөр том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг. Тавд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг. Зургаад нь хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд 500 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон.
Монголбанкнаас энэ хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар хамтран боловсруулсан. Цар тахлын сөрөг нөлөөллөөс болж эдийн засаг нэлээд хэмжээгээр агшсан. Тиймээс эдийн засгаа сэргээхэд тухайлсан хөтөлбөр, арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Хоёрт, 2020 онд улсын төсөв ачаалалтай, өндөр алдагдалтай ажилласан. Цаашаа төсвийн алдагдал өсөх магадал өндөр байгаа учраас Төв банкнаас мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжиж ажиллах нь зүйтэй гэж харж байгаа.
Гуравдугаар сараас бизнесүүд идэвхждэг учраас энэ цаг үед зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чухал нөлөөтэй гэлээ.
Монголбанкны удирдлагууд мэдээлэл хийсний дараа Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
-10 их наяд тѳгрѳгийн энэхүү тѳлѳвлѳгѳѳнд Монголбанк яг ямар санхүүжилт хийж, хэрхэн оролцож байгаа вэ? Гол онцлогийг нь тайлбарлана уу.
Энэхүү арга хэмжээ нь Ковид 19-ийн үед эрүүл мэнд, эдийн засгийн асуудлын аль нэгийг нь орхиогүй цогц бодлогын нэг бүрэлдэхүүн гэдгээрээ онцлог. Ѳѳрѳѳр хэлбэл, эдийн засгийн бодлогыг эрүүл мэндийн асуудлын шийдэлтэй хамтад нь хэрэгжүүлэх учраас илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Монголбанктай холбоотой хэсэг нь уул уурхайн бус секторт зориулсан репо санхүүжилт 2021 онд 2 их наяд тѳгрѳг хүртэл байж болох, ипотекийн зээл 700 тэрбум тѳгрѳг бѳгѳѳд үүн дээр банкуудын эх үүсвэрээр олгогдох Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай, тѳсвийн татаастай 3%-ийн хѳнгѳлттэй зээл нэмэгдэж буй. Нэгт, эдгээр нь Тѳв банкны репо хэрэгсэл, арилжааны банкуудын илүүдэл нѳѳц, ипотекийн зээлийн тогтолцоо, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн зах зээлд нэгэнт тогтсон дэд бүтэц, бэлэн байгаа нѳѳц бололцоонд тулгуурлах юм. Хоёрт, 10 их наяд тѳгрѳгийн нийлүүлэлт нэг дор хийгдэнэ гэсэн үг биш, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳ юм. Тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээрх нѳлѳѳг нь харгалзан мөнгөний бодлогын үндсэн зорилттой нийцтэйгээр удирдлагатай хэрэгжүүлэх бөгөөд Төв банк үүнд инструментын сонголтын бие даасан байдлаа хадгална. Гуравт, зээлийн судалгааг тѳр хийхгүй, зээл олгодог мэргэжлийн институц арилжааны банк ѳѳрѳѳ хараат бусаар хийх тул эрсдэлийн үнэлгээ илүү оновчтой, санхүүжилт эдийн засагт ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдэд хүрч чадна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнаас үүн дээр хяналт тавьж байгаа.
-Ипотекийн зээлийг дэмжих чиглэлд гурван их наяд төгрөгийг зарцуулна гэж байна. Нөгөө талд ийм их хэмжээний мөнгө барилгын салбар, орон сууц руу оруулахаар байрны үнэ өсөх үү?
-Өнгөрсөн онд 460 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, ипотекийн зээл олгосон байна. Он гараад нэгдүгээр сард 40 тэрбум, хоёрдугаар сард 60 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд хуваарилсан байна. 2020 онд барилгын салбар хүчтэй унаагүй учраас энэ онд нийлүүлэлт хэвийн үргэлжлээд явна гэж харж байгаа. Дээр нь Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт нэмэгдэх учраас зээлийн хүртээмж сайжирна. Эрэлт, нийлүүлэлт харьцангуй тогтвортой байх учраас үнийн хувьд том хэмжээний өсөлт гарахгүй гэж Монголбанк харж байна.
-ЖДҮ болон үйлчилгээний салбарынханд гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Энэ зээлийг олгох журам бэлэн болсон уу. Эх үүсвэрийг хаанаас гаргаж, ямар нөхцөлтэй олгох юм бэ?
-Монголбанкнаас энэ зээлд зориулж шинээр эх үүсвэр гаргахгүй. Харин арилжааны банкны үнэт цаасан дээр байршсан 8 их наяд төгрөгийн эх үүсвэр дээр тулгуурлан энэхүү гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг гаргана.
Гурван хувийн хүүтэй зээлийн асуудал дээр Монголбанк, Санхүүгийн яам, Зээлийн батлан даалтын сан дундаа нэгдсэн гэрээ байгуулж явна. Арилжааны банк өөр дээрээ байгаа эх үүсвэрээрээ зээлээ олгоод явна. ЖДҮ эрхлэгчдэд хамгийн дээд тал нь 500 сая төгрөгийг гурван хувийн хүүгээр, гурван жилийн хугацаатай зээлэх боломжтой. Ингэхдээ Ковидын хуулиар долдугаар сарын 1 хүртэл зээлийн хүү төлөхгүй байх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөс нэг жил чөлөөлөгдөх, гурван жилийн хугацаатай зээл юм.
Энэ зээлийг банк олгох учраас хэн нэгэн хүний арын хаалга, танил талаараа зээлийг авах боломжгүй. Хамгийн гол нь ажлын байраа хадгалж, тогтмол үйл ажиллагаа явуулж, өмнөх жилүүдэд ААНОАТ болон НДШ-ээ тогтмол төлсөн, ямар нэгэн татварын өргүй ААН-үүдийг нэг номерт хамрагдах ёстой. Мөн арилжааны банкны тодорхой шалгуураа хангасан нь зээлээ аваад явна.
Энэ ондоо гурван хувийн хүүтэй зээлд хоёр их наяд төгрөгийг гаргаад явах бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Банкууд өөр дээр байгаа эх үүсвэрээ ийм бага хувийн хүүгээр гаргахыг зөвшөөрсөн үү. Банкуудад хүүгийн татаас өгөхөөр яригдаж байгаа гэсэн. Үүнийг ямар эх үүсвэрээс гаргах вэ?
-Банкууд дээр байгаа найман их наяд төгрөгийн хоёр их наяд төгрөг нь гурван хувийн хүүтэй зээл болоод гарна гэсэн үг. Банкууд Төв банкны үнэт цаас худалдан аваад байршуулсан эх үүсвэрээсээ хоёр их наядыг нь зээл болгож гаргах юм. Банкуудтай энэ зээлийг яриад явж байхад хүүгийн татаасыг олон талаас нь ярилцсан. Банкны эх үүсвэрийн дундаж зардал нь 8-9 хувь байгаа. Банк 9 хувийн зардал гаргаж эх үүсвэр татсан байгаа гэсэн үг. Тэгэхээр гурван хувийн хөнгөлөлттэй зээл гаргахаар 6 хувийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргаж явна. Гурван жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн зардал гарна. Жилдээ 40 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг төсвөөс банкуудад олгоод явна.
Эх сурвалж: http://eagle.mn/r/83916