Монгол үндэстний маань нэгээхэн хэсэг казах түмний “Наурызын баяр”-ын өдөр тохиож байна. Наурыз гэдэг нь нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Өдөр шөнө тэнцдэг энэ л өдөр казак ард түмэн маань өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраа тэмдэглэдэг эртний сайхан уламжлалтай.
Адууны махыг зуны улиралд муутгахгүй байх, удаан хугацаанд шинээр нь байлгах буюу хадгалах, холын замд авч явах зорилгоор казыг хийж эхэлжээ
Наурызын баярын гол хүнс бол каз. Хэдэн мянган жилийн тэртээгээс адууны махыг зуны улиралд муутгахгүй байх, удаан хугацаанд шинээр нь байлгах буюу хадгалах, холын замд авч явах зорилгоор казыг хийж эхэлсэн гэдэг.
Тэгвэл Наурызын баярыг тохиолдуулан монгол дахь анхны каз боловсруулах цех болох “Каз карта” ХХК-ийн захирал К.Сейтхантай цөөн хором ярилцлаа. “Каз карта ХХК” нь нийт зургаан ажилтантай бөгөөд 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
-Юуны өмнө танд болон танай хамт олонд “Наурызын баяр”-ын мэнд хүргэе!
-Баярлалаа.
-Казын цех байгуулах санаа анх хэрхэн төрөв?
-Эхнэр бид хоёр 1998 оноос Налайх дүүрэгт найман нэрийн дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Манай дэлгүүрээс юм худалдаж авсан хүмүүсийн ихэнх нь Казак дэлгүүр байна. Танайх каз зардаг уу? гэж асуудаг байсан л даа. Тэгээд л ер нь казын цех байгуулвал зүгээр юм байна гэж бодох болсон. Эхэндээ гэрийн нөхцөлд хийж зардаг байсан.
-Монголын анхны казын цех гэж сонссон. Манай улсад танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг өөр байгууллага байдаг уу?
-Тийм ээ. Өмнө нь казыг гэрийн нөхцөлд л хийдэг байснаас биш каз боловсруулах цех манай улсад байдаггүй байсан юм билээ. Тиймээс манайх цех байгуулах гэтэл зайлшгүй казын стандарт батлуулах шаардлага тулгарсан. Улмаар Хөдөө аж ахуйн яаманд гурван удаа хандаж байж “Каз үйлдвэрлэх стандарт”-ыг батлуулж байлаа. Тэгээд “Каз карта” компаниа 2008 онд байгуулан үйл ажиллагаагаа одоог хүртэл тогтмол явуулж байна. Одоогоор Баян-Өлгий аймагт каз боловсруулах цех байдаг гэж сонссон. Өөр ер нь байдаггүй байх.
Хөдөө аж ахуйн яаманд гурван удаа хандаж байж “Каз үйлдвэрлэх стандарт”-ыг батлуулж байлаа
-Танай цехийн хүчин чадал хэр вэ? Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрч байна вэ?
-Нэг тонн адууны махнаас 900кг каз гаргаж авдаг. Хавиргатай буюу Каз, хавиргагүй буюу Карта (Бидний хэлж заншсанаар кита)-г 200 болон 400 граммын савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж байна.
-Каз боловсруулах стандартыг батлуулж байсан гэлээ. Орц найрлагыг мөн тусгаж өгсөн байх. Танай казны орц буюу бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Тийм ээ. Каз боловсруулах стандартыг тогтоохдоо орц найрлагыг нь хүртэл нарийн тусгаж өгдөг. Манай казыг бусад каз боловсруулдаг орны хүмүүс харьцангуй хатуу гэж хэлдэг л дээ. Манай цехийн хамгийн чухал гэж баримталдаг зүйл бол хэрэглэгчдэд чанартай, эрүүл хүнсийг ханган нийлүүлэх явдал. Тиймээс бид казандаа зөвхөн давс, перец л хийдэг. Харин захиалгаар сармис сонгино хийх тохиолдол байдаг. Тэрнээс бол зөөлөн болгох, хадгалах хугацааг уртасгах гэх мэт зорилготой янз бүрийн амтлагч, хачир орцондоо огт оруулдаггүй. Энэ маань манай цехийн гол онцлог гэж хэлж болно.
Зөөлөн болгох, хадгалах хугацааг уртасгах гэх мэт зорилготой янз бүрийн амтлагч, хачир орцондоо огт оруулдаггүй