УИХ-ын дарга З. Энхболдын Баялаг бүтээгчдийн шинэ жилийн арга хэмжээнд хэлсэн үг
2015.12.22
Шинэ оны баяраа тэмдэглэж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нийт гишүүдэд ирэх ондоо ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. Монгол Улсын хөгжлийн нэг жигүүр болж яваа баялаг бүтээгчид Та бүхэн улиран одож байгаа хонин жилдээ ихээхэн амжилт гарган, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа. Монгол Улс улирч байгаа онд багагүй сорилт бэрхшээлтэй тулгарсан. Гэвч багагүй зүйлийг амжуулсан байна. Тухайлбал, Монгол Улс гаднаас худалдан авдаг байсан бараа бүтээгдэхүүнүүдээ дотооддоо, өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч, бүтээгч улс болохын эхлэл тавигдлаа. Монголчуудын дунд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, монголын бүтээгдэхүүнийг худалдан авья гэдэг эх оронч сэтгэлгээ давамгайлж байна. Үүнд баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг бүтэн жилийн турш сурталчилж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийнхөн онцгой үүрэг гүйцэтгэсэн.
“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 10 гаруй сарын хугацаанд Монгол орны 21 аймгаар хоёр удаа тойрч, 80 суманд ажиллаж, 1000 гаруй баялаг бүтээгчийн үйл ажиллагааг сурталчилсан байна. Энэ нь эргээд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг нэмж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх, туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох зэрэг олон нэмэлт боломжуудыг олгож байгаа юм.
Улсын Их Хурал өнгөрч байгаа 2015 онд үйлдвэрлэгчиддээ багагүй анхаарал хандуулж олон чухал хууль, тогтоол баталсан. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо тодорхойлж, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хамаардаг биш эдийн засгийн олон тулгууртай, бие даасан, тогтвортой хөгжилтэй улс болох зорилго тавьж, экспортоо нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төр онцгой анхаарч байна.
Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж, сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих ажлын хэсэгт сум бүрт байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын төлөөлөл нэг хүнийг заавал оролцуулах тогтоол гаргасан. Монгол Улсад 6000-7000 ТББ үйл ажиллагаа явуулдаг. Түүн дотроос танай холбоог дэмжиж, төрийн ажлыг ТББ-аар хийлгэх хуулийн заалтыг ийм өргөн утгаар нь хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол гэж би үзэж байна.
Баялаг бүтээгчид Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлээд, ирэх ондоо илүү их амжилт гаргахыг хүсч байна.