“Энхийн шүүдэр” дуслын шингэний үйлдвэрийг “Монос фарм”, “Цомбо”, “Мөнхийн тун”, “Эмийн үйлдвэр”, “Нахиа Импекс” компаниуд хамтран хөрөнгө оруулалт хийж 2013 онд байгуулсан бөгөөд ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий анхны дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр юм.
Эмнэлгийн байгууллагуудад хамгийн өргөн хэрэглэгддэг дуслын шингэнийг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэж байгаа тус компанийн захирал Г.Тайванбатаас үйлдвэрийн талаар тодрууллаа.
"Энхийн шүүдэр" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тайванбат
-Үндэсний эм үйлдвэрлэгч таван компани нэгдэж дуслын шингэний үйлдвэр нээгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Чухам яаж энэхүү үйлдвэрийг байгуулах санаа төрсөн бэ. Эсвэл эртнээс төлөвлөж байсан уу?
- Үндэсний эм үйлдвэрлэгч үйлдвэрууд болох “Монос фарм”, “Цомбо”, “Мөнхийн тун”, “Эмийн үйлдвэр”, “Нахиа Импекс”компаниуд нэгдэж дуслын шингэний үйлдвэрийн энэхүү төслийг эхлүүлсэн. Яагаад энэ компанийг байгуулах болсон бэ гэхээр Монгол улсад жилд импортоор 26 тэрбум төгрөгийн дуслын шингэн орж ирдэг юм байна гэдгийг мэдсэн. Ингээд энэхүү мөнгийг монголдоо авч үлдэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрээ байгуулсан.
Монгол улсад жилд импортоор 26 тэрбум төгрөгийн дуслын шингэн орж ирдэг юм байна
-Энэхүү үйлдвэр байгуулагдсанаар гаднаас орж ирэх импортын хэмжээ хэр багасах вэ?
-Бидний тооцоолж байгаагаар энэ үйлдвэр байгуулагдсанаар дуслын шингэний дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагшаа экспортлох бүрэн брормжтой болно. Гэхдээ энэ жилийн хувьд манай үйлдвэр Монгол улсын хэрэгцээний 30-40 хувийг хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жил ирэх тусам энэ тоог нэмэгдүүлсээр ойрын таван жилдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж харж байна.
-Дуслын шингэн дотооддоо үйлдвэрлэж байгаа анхны компани уу?
-Анхны бол биш. Дуслын шингэн үйлдвэрлэдэг гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг. Манайх бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай юм.
Ойрын таван жилдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж харж байна
-Үндэсний үйлдвэрлэгч таван компанийн нэгдэх болсон хамгийн том шалтгаан юу вэ?
- Монгол хүмүүс нэгдэж, нийлж том төслүүдийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Түүнчлэн ингэж нийлсэнээрээ Монгол улсдаа шинэ бүтээн байгуулалт хийж, баялаг бүтээх бүрэн боломжтой гэдгийг харуулж байна. Ирээдүйд өөр төрлийн төслийг ч гэсэн хэрэгжүүлэх төлөвлөгөө бий.
-Цаашдын зорилго тань юу вэ. Бүр тодруулбал 10 жилийн дараа танай компани ямар болсон байх бол?
-Орчин үеийн шаардлага бүрэн хангасан, Монгол улсынхаа хэрэгцээг бүрэн хангасан, экспортод бүтээгдэхүүнээ гаргасан үйлдвэр болох л алсын хараатай ажиллаж байна.
-Гадагшаа гаргах зах зээлээ судалсан уу. Хэр боломжтой вэ?
-Судалж байгаа. Хэрвээ ОХУ-д бүртгэгдэж чадвал өөр хэд хэдэн улсад нийлүүлэх боломжтой. Одоо бол зөвхөн судалгааны түвшинд яваа учраас ирэх жил юм уу, тэрний дараа жилээс гаргаад эхэлчих байх.