Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн үүрэг хүлээдэг учраас хөдөлмөрөө тогтмол үнэлүүлж чаддаггүй
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн, хүн ам зүйн докторант Ш.Ариунаатай эмэгтэйчүүд хэрхэн өөрийн эрхээ эдэлж, эдийн засгийн хувьд хараат бус болж, хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой талаар ярилцлаа.
-Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ. Үйл ажиллагааныхаа зорилго зорилтыг ярианыхаа эхэнд танилцуулна уу?
-Эмэгтэй хүн нөхөн үржихүйн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдийн нэгэн адил ажил хөдөлмөр эрхлэхэд төр болоод олон нийтийн зүгээс, гэр бүл дотор ч саад бэрхшээлүүдийг бидний өмнө тавьсаар байна. “Хүүхэдгүй мэт ажиллаж, ажилгүй мэт хүүхдээ хар” гэдэг үг гарсан байна билээ. Үүнийг өөрчилж, охид эмэгтэйчүүдэд ээлтэй болгох зорилготойгоор 2014 онд байгуулагдсан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
-Энэхүү холбоо нь Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхийн индэрт хүргэхэд гүүр болдог гэж ойлгож байгаа?
-Нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүдэд тулгарч буй хөдөлмөрлөх эрхийн ямар зөрчил байгааг илрүүлж баримтжуулах нь бидний ажлын нэг хэсэг. Гэхдээ төрийн өндөр дээд албан тушаалтан хүртэл охид, эмэгтэйчүүдийн эрхийг, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байдаг. Тэгэхээр зөрчиж байгаа, зөрчигдөж байгаа хоёр мэдээллийг цуглуулж, яагаад гэдэгт хариулт хайж, яавал эрх ашигт нийцэх тухай бодол санаагаа манай холбооныхон уралдуулж байна. Энэ ажлыг бүтэн цикль гэж үзвэл “Бидэнд ийм бодлого, үйл ажиллагаа дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн охид эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал бодлыг төр засаг “сонсохгүй” байвал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан илтгэл хүргэж, эргээд Засгийн газарт зөвлөмж байдлаар бодол санаагаа хүргэдэг. Их “холуур” мэт боловч энэ бол ажиллаж байгаа механизм. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган 1993 оноос хойш жил бүр явагдаж байгаа. Үүнд бид тасралтгүй Монголын эмэгтэйчүүдийн төлөөллийг авч явж байна. Зорилго нь дэлхийн шилдэг манлайлагч эмэгтэйчүүдээс суралцах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн хувьд дэлхийн бодлого хааш чиглэж байна, түүнээс жил бүр суралцдаг.
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрхээ бүрэн эдлэхэд нь юун түрүүнд тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурласан бодлого боловсруулах нь чухал байх. Одоогийн байдлаар үр дүнд хүрсэн ямар, ямар ажил хийгээд байна вэ?
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжъе гэвэл, тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурласан төрийн бодлого, ажил олгогчийн дэмжлэг хэрэгтэй байна. Ажлын уян хатан цаг, цэцэрлэгийн тарах цагийг ажлын цагтай уялдуулах, ажил ар гэрийн тэнцвэрийг хадгалах, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг асрагч бус эдийн засгийн гол хүч гэж үзэх хэрэгтэй талаар төрийн бүх шатанд асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлж, нөлөөллийн төрөл бүрийн ажил хийж байна. Үүний дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 он хүртэл эмэгтэйчүүдэд зайнаас, бүтэн бус цагаар, гэрээр ажиллах зэрэг уян хатан зохицуулалттай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг, урамшуулал олгох зэрэг бодлого баримтлана гэдгээ 2019 оны есдүгээр сарын 17-ны 3/2386 тоот албан бичгээр ирүүлсэн. Одоо амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэг дээр ажиллаж байна.
-Монгол Улсын хэмжээнд тоон бүртгэлээр ажилгүй болон өрх толгойлсон хэчнээн эмэгтэй байдаг вэ. Тэдгээрийн дийлэнх хувь нь ямар шалтгаанаас энэ ангилалд хамаарчихдаг юм бол?
-Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны дүнгээр 2019 оны нэгдүгээр улиралд ажилгүй эмэгтэйчүүд 44,666, Хүн ам орон сууцны тооллогын дүнгээр 2019 онд өрх толгойлсон 69,500 эмэгтэй байна гэж үзүүлэлт гарсан. Гэхдээ статистикийн “Ажилгүй хүн” гэдэгт хүүхэд, өндөр настан бүх хүний тоо орж явдаг. Харин ажиллах хүч гэвэл ажил хийх насны хүн амын тухай яригддаг. Ажиллах хүчнээс гадуур буюу ажил хийж чадахгүй байгаа эмэгтэйчүүдийн байдал их анхаарал татна. Учир нь ажиллах хүчнээс гадуур байгаа хүн амын 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Үүнийг шалтгаанаар нь авч үзвэл хүүхдээ хардаг, өндөр настан асардаг, гэрийн ажил хийдэг тул ажил хийж чадахгүй байна гэсэн эмэгтэйчүүдийн тоо 2014 онд 123 мянга байсан бол 2018 онд 171 мянга болж өссөн байна. Эмэгтэйчүүд үй олноороо гэрийн ажилтайгаа зууралдаад, цалинтай ажил хийж чадахгүй байна гэсэн үг. Үүнд дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид ч өснө. Монгол Улсад хүн амын цонх нээгдсэн, 2030 он хүртэл төрөлт буурахгүй дүр зураг бий.
-Танай холбоо үйл ажиллагааныхаа хүртээмжийг орон нутаг руу хэр чиглүүлж байна вэ? Ялангуяа орон нутагт ажилгүйдэл их байдаг?
-Манай холбооны хувьд Өвөрхангай аймагт анхны салбар нээгдсэн, Хөвсгөл аймагт салбар байгуулах ажил ид өрнөж байна. Жижигхэн төрийн бус байгууллага хөдөө орон нутагт бие даан ажиллана гэдэг бараг бүтэхгүй зүйл. Цалин хөлсгүй, өөрсдийн сайн дураараа ажилладаг хүмүүс шүү дээ. Гэхдээ дэмжигч гишүүд, халуун сэтгэлт хүмүүс, бусад иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ажил минь урагшилж байна. Саяхан бид “Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх”-ийн асуудал бэрхшээлийг баримтжуулах, уур амьсгалын өөрчлөлт тэдний ажилд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Богд сумаар явж, хөдөөгийн малчин эмэгтэйчүүдтэй уулзаж, судалгаа асуулга явуулаад ирлээ. Товчхондоо, хамгийн хүнд нөхцөлд, ямар ч ээлжийн амралт, цалин хөлсгүйгээр цаг наргүй ажиллаж байгаа бөгөөд дулаарал, усны хомсдол, хөрсний эрүүл байдал алдагдсан нь тэдний нуруун дээр давхар ачаа болж байна. Мөн одоо л бид шийдвэртэй алхам хийхгүй бол малчин, нүүдэлчин соёл 10 жилийн дараа ном бичигт л үлдэх болов уу гэсэн дүр зураг гарсан. Энэ төслийг "Дэлхийн ногоон хөгжлийн сан" дэмжсэнд маш их талархаж байгаа.
-Эмэгтэйчүүд хөдөлмөрөө үнэлүүлснээр ямар боломжууд нээгдэх вэ?
-Угаасаа хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг чинь эрэгтэйчүүдтэй адил эмэгтэйчүүдэд олгогдсон хүний эрх. Гол нь нөхөн үржихүйн үүрэг хүлээдэг учраас энэ эрхээ эдлэж чадахгүйд хүрдэг. Цаашлаад өөрийн орлогогүй байна гэдэг хэн нэгнээс хараат болох, бие даан амьдрах, нийгэм эдийн засаг, соёлын амьдралд оролцох бүх эрхүүдэд хязгаарлалт үүснэ. Коронавирусний дэгдэлт, онцгой байдал нь хүмүүст олон зүйлийг тал талаас бодоход хүргэж байна. “Хэд хоног гэрийн хорионд орлоо, ёстой бүтэхгүй хэцүү байна аа гээд бичээд байгаа эрэгтэйчүүдийг хүүхэд төрүүлээд, нялх хүүхдээ асраад хоёр жил гэртээ суу гэж хэлэх юмсан” гэж нэгэн эмэгтэй цахим ертөнцөд бичсэн байсан. Хүмүүс хошигнол мэт хүлээн авсан, гэхдээ амьдрал дээрх бодит үнэн бол энэ. Яагаад амжилттай яваа эмэгтэйчүүд цөөн хүүхэдтэй байдаг вэ гэвэл дэлхий даяар хүүхэд төрүүлж өсгөнгөө эрэгтэйчүүдтэй адил сурч хөгжиж, ажлын амжилт хөөх боломж хомс байдаг учраас гэж би хэлнэ.
-Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдээс бага байна гэдэг. Энэ нь ямар хэмжүүрээр үнэлэгддэг гэж харж байна вэ?
-Дундаж цалингийн тухайд хоёр ойлголт бий. Эхнийх нь эрэгтэй, эмэгтэйгээс үл хамааран ижил ажилд ижил цалин хөлс олгогдох ёстой. Гэвч эрэгтэй менежерийн дундаж цалин 2018 оны статистик дүнгээр эрэгтэй менежер 1,161,000 төгрөгийн дундаж цалинтай бол эмэгтэй менежерийнх 1,027,000 төгрөг байна. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбар Монголын эдийн засгийг тэжээж байгаа нь үнэ цэнтэй боловч эх дэлхийгээ сүйрүүлж байгаа хор хөнөөлтэй салбар. Харин боловсрол, тэр дундаа бага дунд сургуулийн багш бол Монголын ирээдүйн хүнийг төлөвшүүлж буйгаараа үнэ цэнтэй мэргэжил. Гэхдээ өнөөдөртөө эдийн засагт мөнгөөр оруулсан хувь нэмэр сул. Тэгтэл уул уурхайн салбар хамгийн өндөр цалин орлоготой, хамгийн бага ажиллах хүчийг агуулдаг, тэр дотор нь эмэгтэй ажилчид цөөхөн. Эсрэгээр боловсролын салбар маш олон ажилтантай, маш муу цалинтай, тэдний 80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эндээс ямар ажил хөдөлмөрийг яаж үнэлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнууд үүнийг ижил үнэ цэнээр хэмждэг. Манайд бол үгүй.
-Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдэд эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломж хууль зүйн орчин нөхцөл нь бүрдсэн гэж бодож байна уу?
-Үгүй. Ямар ч боломж байхгүй. Ялангуяа залуу эмэгтэйчүүдэд. Сайндаа л оёдлын салбарт хүч сорьж байна даа.
-Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, хүмүүс гэрээсээ цахимаар ажиллах боломжтой юм гэдгийг харлаа шүү дээ. Танай холбооноос ажлын цагийг өөрчлөх талаар санал гаргасан байсан, тэр тухай ярианыхаа төгсгөлд та юу хэлэх вэ?
-Манай холбооноос улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт ажлын цагийг 07.30-д эхлүүлээд, 16.30 цагт тардаг байя гэсэн саналаа илэрхийлж байгаа. Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг бодитой хангахад хувь нэмрээ оруулах зохион байгуулалттай үйл ажиллагаа хийх зорилгоор байгуулагдсан Монголын иргэний нийгмийн байгууллагуудын эвслийн бичигт ч энэ санал маань туссан. Ажлын цагийг эрт эхлүүлэх, уян хатан зохицуулах шаардлага байна. Хамгийн гол нь ажлыг сайн, муу хийсэн гэх үзүүлэлтдээ өмнөх нийгмийн үед цагийг бүртгэдэг байсныг одоо өөрчлөх шаардлагатай. Өнөө цагт ширээний ард бөглөж сууснаар биш, ямар үр дүн гаргаснаар үнэлэх цаг хэдийн болсон. Чадвартай эмэгтэй бол найман цагийн ажлыг зургаан цагт элбэг хийнэ. Үр дүнгээ гаргачихсан бол заавал цагаар барих шаардлагагүй. Та бод доо, ажил 16.30 цагт тардаг болчихвол гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэнэ, оройн хоолоо эрт иднэ гэх мэт маш их эерэг нөлөөг ямар нэг эдийн засгийн нөөц шаардахгүйгээр зохицуулах боломжтой байгаа биз.
Эх сурвалж: zindaa.mn