Гучин мянга гаруй гишүүд, дэмжигчдийг эгнээндээ элсүүлээд буй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бүх яамд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газруудад уриалга хүргүүлжээ. Тодруулбал үндэсний баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд өргөнөөр хэрэглэхийг тус уриалгад тусгасан байна. Энэ талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагуудаас тодрууллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд: Энэхүү уриалгыг нааштай хүлээн авч,тодорхой ажлуудыг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна
- Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн оны ажлаа дүгнэн 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргаж, ажилдаа орлоо. Шинэ оны эхний ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон бүх яамдын сайд нарт хандсан уриалга хүргэж эхлүүллээ. Уриалгын гол утга санаа нь төсвийн жил шинээр эхэлж байгаа, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн шалгаруулалтууд зарлагдах гэж байгаа чухал үед “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” уриалгыг орон даяар хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.
Хамгийн том худалдан авагч буюу төр дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч улмаар энэхүү ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шинэ оны хамгийн анхны хуралдаанаараа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Мөн Аж үйлдвэрийн яам 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлахаар бэлтгэл ажлаа хангасан гэсэн таатай мэдээллийг бид авсан. Эдгээр шийдвэрүүдтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зорилго уялдаж байгаа учир төрийн байгууллагуудад уриалга хүргүүлж байгаа юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны мянга мянган гишүүдийн дуу хоолой болж гарсан энэхүү уриалгыг төрийн байгууллагууд нааштай хүлээн авч, тодорхой шийдвэрүүдийг гаргаж бидэнд хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны мянга мянган гишүүдийн дуу хоолой болж гарсан энэхүү уриалгыг төрийн байгууллагууд нааштай хүлээн авч, тодорхой шийдвэрүүдийг гаргаж бидэнд хариу өгнө гэдэгт итгэлтэй байна
Хэрэглэгчид рүү чиглэсэн "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" уриалга маань Монгол орон даяар хэрэгжиж, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, нийтийг хамарсан томоохон аян болж өргөжлөө. Энэхүү аянд одоогоор арван мянга орчим хүн нэгдээд байна. Манай холбоо монголчуудаа үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалахаас гадна, үүнийг аж ахуй нэгжүүд ч дэмжиж өргөнөөр оролцож эхэллээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд: Гадагшаа гарах мөнгөний урсгал багасч, Монгол хүний үнэ цэнэ нэмэгдэнэ
- Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос бүх яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газар, аймгуудын Худалдан авах ажиллагааны газруудад хандаж уриалга хүргүүллээ. Энэхүү уриалгад үндэсний баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд юуны түрүүнд худалдан авах нь зүйтэй гэсэн утгыг агуулж байгаа юм. Ингэснээр гадагшаа гарах мөнгөний урсгал багасч, Монгол хүний үнэ цэнэ нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой.
Гадагшаа гарах мөнгөний урсгал багасч, Монгол хүний үнэ цэнэ нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг:Эх орондоо баялаг бүтээж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь нэн чухал
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь эх орныхоо баялаг бүтээгчдийн үйл хэргийг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд бүх яам, тамгын газруудад уриалга бичиг хүргүүлж байна. Жишээ нь Батлан хамгаалах яамны хувьд дотоодод үйлдвэрлэсэн хувцас хэрэглэлийг, Барилга хот байгуулалтын яам дотоодод үйлдвэрлэсэн барилгын материал мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яам эх орондоо үйлдвэрлэсэн ширээ, сандал, дүрэмт хувцас бусад эд хэрэглэлийг худалдаж авах гэх мэт эх орондоо баялаг бүтээж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь нэн чухал. Эдгээрийг худалдаж авснаар гарах үр дүн нь маш их юм. Тиймээс бидний гаргасан энэхүү уриалгыг төрийн байгууллагууд хүлээн авч ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна.
Эх орондоо баялаг бүтээж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь нэн чухал