Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үйлдвэрлэгч иргэдээ дэмжиж олон ажил хийснийг та бүхэн мэднэ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Аж үйлдвэрийн яам хамтран Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Онцолж хэлбэл төрийн өмчит томоохон компаниуд, яамд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ амлалт, санамж бичиг ажил хэрэг болоосой гэж хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. Хий хоосон амлалтаас илүү энэхүү уриалгыг ажил хэрэг болгох нь чухал. Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс хүсч байна" гэв.
Хий хоосон амлалтаас илүү уриалгыг ажил хэрэг болгох нь чухал.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо төрийн өндөрлөгүүд, яамдуудад үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах уриалгыг хүргүүлсэн. Мөн аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нарт уг уриалгыг хүргүүлсэн. Харин хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад уриалга хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн 45 байгууллагад "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ"аяныг дэмжин, эдийн засагт хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг сурталчлах, төрийн засгийн зүгээс гарч буй шийдвэрүүдийг олонд хүргэх тал дээр хамтран ажиллахыг уриалав. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос үндэсний үйлдвэрлэлийг дэмжих уриалгыг салбар бүрийн 120 байгууллагад хүргүүлжээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос үндэсний үйлдвэрлэлийг дэмжих уриалгыг салбар бүрийн 120 байгууллагад хүргүүлжээ.
Засгийн газар болон Аж үйлдвэрийн яамнаас энэ оныг Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих жил болгон зарласан. Харин баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид энэхүү боломжийг ашиглан шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж бүтээгдэхүүнээ төрийн худалдан авалтанд идэвхитэй оролцохыг сануулав.
Дашрамд сонирхуулахад Дундговь, Дорноговь, Дорнод аймаг, Баянгол дүүрэг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлах болсноо албан ёсоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд мэдэгдсэн. Төр засаг болон орон нутгийн удирдлагын шийдвэр баялаг бүтээгчид рүү чиглэж, үндэсний үйлдвэрлэл хөгжин цэцэглэх ирээдүй харагдаж байна. Монгол Улсын Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн төсвийг баталсан. "Сум хөгжүүлэх сан"-аар дамжуулан улсын хэмжээнд зарцуулах 70 гаруй тэрбум төгрөг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрч байгаа эсэхэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Дундговь, Дорноговь, Дорнод аймаг, Баянгол дүүрэг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан.