Сар шинэ ойртлоо. Их түүхт Монгол түмний үндэсний баяр цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд асуудал болдог нэг сэдвийн талаар саналаа бичье гэж шийдлээ.
Хаврын тэргүүн сарын баяр гэсэн атлаа хахир өвлөөр эс бөгөөс намар сар шинээ тэмдэглэе гэх хүмүүс бий. Олон нийт, төр засаг хаврын тэргүүн сардаа хийх шийдвэр гаргасан учир энэ асуудал хэсэгхэн хүний дунд л сэдэв болоод өнгөрдөг. Харин ууц тавих, бууз хийх, бэлэг сэлт өгөх талаар олон санаа уралдуулдаг ч бас л тоймтой шийдэл одоо хэр нь олдоогүй л байна. Монголчууд бид билэг дэмбэрэл, ашдын билгийг бодон сүсэглэн амьдардаг уламжлалтай. Сар шинээр боломжоороо элбэг дэлбэг гаргах нь тэр жилийн ажил амьдралтай салшгүй холбоотой гэж үздэг учраас ууц тавихыг нь хорьж, идээ будаагаа багасга гэвэл хэзээ ч бүтэшгүй. Идээ цагаагаа бэлдэж дөнгөлөө ч бэлэг гэдэг бөөн асуудал болдог.
Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэх. Монголчуудын дунд ч үйлдвэрлэлээ дэмжье гэх сайхан санаа түгж, дэмжсээр байна. Гэтэл яг худалдаж аваад хэн нэгэндээ бэлэглэе гэхээр чанар, өнгө үзэмж, хийц сайтай нь бас олон биш. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд авъя гэвэл та юу сонгох вэ?
Сүүлийн хэдэн жил оймсны үйлдвэр цагаан сарын бэлэгний багагүй хувийг эзэлсэн. Хүндээ хэрэгтэй, тэгээд ч чанар нь сайн болохоор монголчууд дэмжин худалдаж авч байгаа хэрэг. Ноос ноолууран бүтээгдэхүүн мэдээж хүн бүхэнд таатай. Гэхдээ өндөр үнэтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд бидний хэд нь ноолууран цамц, ороолт авч хүчрэх билээ. Эсгий углааш, арьсан түлхүүрийн оосор зэрэгхэн хүнд өгөх нь тааламжгүй. Хүнсний үйлдвэрээ дэмжиж хүүхдүүдэд тараг, печень өгч болох ч тийм сонголт хийдэг хүн олон биш. Нийтлэг жишгээ харъя. Бид бие биедээ юу өгдөг юм бэ. Эмэгтэй хүнд гоо сайхны хэрэгсэл, алчуур, бээлий амттан өгөх нь элбэг. Нэрлэсэн эдгээр зүйл Монголд бий ч үзэмж чанар нь хэрэгцээг нь хангахгүй байгаад хамаг учир байгаа юм. Харин эрэгтэйчүүдэд цамц, оймс, аяга, тамхи өгөх нь элбэг. Хаана , хэн гэгч хийсэн нь тодорхой бус цамц эзэндээ таарах эсэх нь ч тодорхойгүй. Хор болох тамхи бүр ч хэрэггүй. Хайрцаг баглаа боодолтой, шошго зэрэгт анхаараад боломжийн үнэтэй байвал хэн хүнгүй л авахыг хичээнэ.
Энэ хоёр бээлийг харьцуулад үзье. Нэг нь БНСУ-д үйлдвэрлэсэн ноосон бээлий. Харин нөгөө нь Монголын бүтээгдэхүүн. Үнэ нь ойролцоо.Чанарын хувьд мэдээж савхин бээлий илүү. Харин үзэмж, баглаа боодол нь илүү байгаа учир иргэд БНСУ-д үйлдвэрлэсэн бээлийг сонгож байна.
Үндэсний үйлдвэрлэгчид худалдан авагч монголчуудынхаа хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг хэнээс ч илүү мэдэх учир ухаанаа уралдуулж, бодож үзээсэй. Мэдээж энэ бүгдийг хийж бүтээхэд цаг хугацаа шаардлагатай. Тийм цаг иртэл нь бид Эрээн рүү мөнгөө урсгаад баймааргүй байх юм.
Дээр нэрлэсэн бүгдийг бид мөнгөөр л авна. Хятадад үйлдвэрлэсэн баглаа боодолтой зүйлд монголчуудын хагас жил хэрэглэх мөнгөө бид хэдхэн хоногт өгсөөр ирлээ. Таалагдсан таалагдаагүй түмэн зүйл авч мөнгөө урд хөрш рүү урсгаж байхаар бие биедээ мөнгө өгч байвал ямар вэ. Мөнгө хэрэггүй хүн гэж үгүй. Хэрэгтэй хэрэггүй эрээн хог цуглуулснаас хувь илүү болов уу.