Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.
-2018 онд ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авч, тус зээл эзэндээ хүрч чадахгүй байгаа талаар асуудлууд яригдаж байсан. Тиймдээ ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгааг дүгнэсэн. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлүүлье?
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль 2007 онд батлагдаж гарсан боловч амьдрал дээр бидний эрх ашгийг хамгаалж чадахгүй байсан. Шинэчилсэн найруулга өргөн баригдсан боловч шинэчлэгдэхгүй удсан.
Мөн ЖДҮХС-гаас олгож байгаа зээл эзэндээ хүрэхгүй, томчууд нь дээгүүрээ хувааж авдаг гэсэн шүүмжлэл их.
Өөрөөр хэлбэл, зээл ил тод бус, олон нийтийн хяналт сул. Хамгийн чухал нь ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээл олгодог гэдгийг баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд тэр бүр мэдээгүй.
Тухайлбал, 2018 онд ЖДҮХС-д 74 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилж, эргэн төлөлтөөсөө 25.5 тэрбум төгрөг, нийлээд 99.5 тэрбум төгрөгийг төсөл сонгон шалгаруулах нэрийн дор жилийн гурван хувийн хүүтэй зээл хэлбэрээр 216 аж ахуйн нэгжид олгосон.
Энэ талаарх мэдээллийг судлахад, УИХ болон Засгийн газрын өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдгаа ашиглаж, албан тушаалаа урвуулж, өөрийн болон хамаарал бүхий этгээддээ ЖДҮХС-гийн зээлийг авсан гэдэг нь тодорхой болсон. Тиймдээ ч 2018 оны аравдугаар сард ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож байгаа талаарх анхны хэвлэлийн хурлыг манай холбоо хийсэн юм.
Мөн арваннэгдүгээр сарын 25-нд хариуцлага нэхэх Ард түмний жагсаал, цуглааныг санаачлан, дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран Сүхбаатарын талбайд хийсэн. Үүнээс хойш ЖДҮХС-гаас олгосон зээлтэй холбоотой хэвлэлийн бага хурлыг долоогоос найман удаа хийжээ.
Төрийн өндөр албан тушаалтан, хамаарал бүхий этгээдүүдийн талаар АТГ-т хүртэл гомдол гаргасан. Долоо хоног бүр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар ETV, Масс ТВ-ээр шууд хэлэлцүүлгийг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
-Таны хэлсэн асуудлуудын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018”-ыг зохион байгуулсан шүү дээ. Хэр үр дүнтэй байсан бэ?
-2018 оны зургаадугаар сард Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль гээд баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиуд УИХ-д хэлэлцэгдэж байсан. Энэ үед бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах дуу хоолойгоо хуульд тусгах, нэгдсэн санал авах зорилгоор Форумыг анх удаа зохион байгуулсан юм.
Тус форумд 300 гаруй баялаг бүтээгч, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт орсон УИХ-ын таван гишүүн болон санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэх мэт төр, засгийн төлөөллүүд оролцсон. Үр дүнд тулгуурлан, зөвлөмж гаргаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд оруулах саналаа УИХ-ын бүх гишүүнд хоёр удаа хүргүүллээ.
-Өнгөрсөн зургаадугаар сарын 6-нд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д батлагдсан. Хуульд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн саналыг тусгаж чадсан уу?
-Баялаг бүтээгчдийн холбооны гишүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан заалтууд хуульд тусгагдсан. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 800 орчим мянган хүн бий.
Өөрөөр хэлбэл, нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Өмнөх хуульд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгийг жижиг, дунд гэж хуваасан байсан бол шинэчилсэн хуульд бичил, жижиг, дунд гэж гурав ангилсан.
Өмнө нь Иргэнийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэгт багтааж байсан бол шинэчилсэн хуульд иргэнийг хасаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь заавал хуулийн этгээд байх ёстой гэсэн бидний шаардлагыг тусгасан. Шинэчилсэн хуульд нэгээс есөн хүнтэй аж ахуйн нэгжийг бичил бизнес эрхлэгч, 10-50 хүнтэй бол жижиг, 50-200 хүнтэй бол дунд аж ахуйн нэгж хэмээн тусгасан.
-Таны бодлоор хууль шинэчлэгдсэн нь хэр ач холбогдолтой болсон бэ?
-Өмнөхөөсөө хамаагүй сайжирсан. Ангилал нь тодорхой болсон. Олон нийтийн хяналтыг тодорхой заалтаар оруулж өгсөн. Төрийн байгууллагуудаас ямар үйлчилгээ авч болох тухай заалтууд орсон. Дагалдах хууль буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жил болгон улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮХС-д хуваарилна гэдэг заалт орсон. Өмнөх хуульд 10 хувь гэж байсан боловч жил болгон гэж байгаагүй.
Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1.11-д “Энэ хуулийн 101.2-т заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтад орсон бараа, бүтээгдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэсэн бол шууд гэрээ байгуулна” гэсэн чухал заалт орсон.
Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлдвэрлэл эхэлж, өөрсдөө баялгаа бүтээж чадвал төр худалдан авахад бэлэн гэсэн үг юм. Харин баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэгчийн зүгээс үйлдвэрлэл, технологи, чанар, сав, баглаа боодлоо сайжруулах гээд хийх зүйлүүд байна.
-Үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанараа сайжруулахын тулд та бүхэнд ЖДҮХС-гаас олгож байгаа зээл чухал байх?
-Тэгэлгүй яах вэ. Одоо арилжааны банкны зээлийн хүү өндөр байгааг та бүхэн мэднэ. Жилийн гурав буюу сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг авсан баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд асар том боломж юм.
Тэнгэрийн умдаг атгалаа гэж манай монголчууд ярьдаг. Ямар ч үйлдвэрлэгч энэ зээлийн хүчинд өсөн дэвжиж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ жилийн хувьд 47 тэрбум төгрөгийг улсын төсвөөс ЖДҮХС-д хуваарилж өгсөн. Үүнээс 20.5 тэрбум төгрөг нь аймгуудад, 26.5 тэрбумыг нь ЖДҮХС-гаас олгохоор хуваарилагдсан. Энэ тухай холбогдох журам нь өөрчлөгдөхөд хамгийн чухал нь олон нийтийн хяналтыг сайжруулсан.
Өмнө нь Зээлийн хороо долоон хүнтэйгээс зургаа нь төрийн албан хаагч, нэг нь л төрийн бус байгууллагаас оролцож байсан. Харин ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан бөгөөд уг журамд “Долоон хүний дөрөв нь олон нийтийн хяналт, гурав нь төрийн албан хаагч байна” хэмээн тусгасан.
Олон нийтийн хяналт буюу төрийн бус байгууллага нь “Сүүлийн гурван жилийн дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан байх ёстой” гэсэн заалтууд оруулсан. Мөн аймгуудад Дэд хороо байгуулна. Дэд хорооны олонх нь олон нийтийн хяналтад байна.
Зээлээ өгсөн хүмүүсийн шалгаруулалтыг оноогоор дүгнэнэ. Нэгдүгээр шатанд 70 онооны болзол хангасан бол хоёрдугаар шатанд ордог гэх мэт байдлаар гурван шат дараалж оролцоод, дөрөвдүгээр шатанд Төсөл сонгон шалгаруулах хороо дүнгээ гаргаж, эрэмбэлнэ. Хороогоор орохдоо хэвлэл мэдээллээр ил тод гаргах заалт орсон. Энэ жил гэхэд youtube-д тавьж, шууд дамжуулалтаар мэдээлсэн.
-Үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгтэй заалтууд орсон тухай та ярилаа. Гэхдээ хамгийн чухал нь холбогдох хуулиуд сайжирснаар ЖДҮХС-гийн зээл эзэндээ хүрдэг болоход тус дэм болох уу?
-Зээлийн сонгон шалгаруулалт зургаадугаар сараас эхлээд явагдаж байгаа. Энэ жил иргэний хувьд ЖДҮХС-гаас зээл авах боломжтой сүүлийн жил болж байна. Хувь хүний нууцын тухай хуулиар иргэний мэдээлэл хориотой байдаг учраас зээл олгоход эргээд хяналт сул байдаг. Харин шинэчилсэн хуульд иргэнийг хуулийн этгээд байх ёстой гээд заачихаар хуулийн этгээдийн бүхий л мэдээллийг иргэд шалгах боломжтой болно.
Төсөл сонгон шалгаруулах хорооны дийлэнх нь төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, ил тод нээлттэй болж байгаа болохоор жинхэнэ баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ зээл очно гэдэгт найдаж л сууна даа.
-Тэгэхээр 2020 оноос ЖДҮХС-гаас иргэд зээл авах боломжгүй болох нь. Зөвхөн хуулийн этгээд болох бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгоно гэлээ. Өөр сангийн үйл ажиллагаатай холбогдох заалтууд шинэчлэгдсэн үү?
-Иргэдийн хувьд Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сан гэх мэт газруудаас зээл авах боломжтой. Манай улсад ЖДҮХС болон жижиг, дунд үйлдвэрлэл саяхныг хүртэл орхигдоод байлаа. Энэ сангийн үйл ажиллагаа 1993 оноос анх Америкийн шар тосны буцалтгүй тусламжаар эхэлсэн гэдэг ч 2009 оноос албан ёсоор үйл ажиллагаа жигдэрсэн. Гэвч 2009 оноос хойш таван яамны харьяанд явсан.
Мөн 2012 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг болж байсан. Харин энэ шинэчилсэн хуулиар мөн ЖДҮ-ийн асуудал хариуцсан агентлаг байхаар зааж өгсөн. ЖДҮХС-гийн журмыг нь ХХААХҮ-ийн сайд баталдаг байсан бол одоо Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон.
-Эцэст нь дүгнэхэд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчлэлд ямар үүрэгтэй оролцов оо?
-Манай холбоо бол баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэд, төр засгийн хооронд гүүр болдог төрийн бус байгууллага. Тус бүрийнх нь дуу хоолой болон шийдвэр, мэдээллийг хэрэгцээтэй үед нь нийгэмд хүргэхийг зорьдог. Тиймээс “Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018”-ыг өнгөрсөн жил зохион байгуулсны үр дүнд Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан олон заалт хууль болон журмуудад тусгагдсан.
Одоо “Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019”-ыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Өмнөх форумаас ялгаатай нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан дагалдан гарах дөрвөн журамд баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн дуу хоолой, санаа бодлыг тусгахыг зорьж байна.
Мөн Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэх, ЖДҮХС-гийн зээл олголт, ил тод байдал, хяналтын асуудлыг дахин дүгнэнэ. Засгийн газрын тусгай сангийн хуульд жил болгон улсын хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮХС-д оруулна хэмээснийг түрүүнд дурдсан. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг гэхээр үүний 10 хувь болох 120 тэрбум төгрөг ЖДҮХС-д очих байсан гэсэн үг.
Гэхдээ хууль шинэчлэгдээгүй байсан учраас энэ жил 47 тэрбум төгрөг, өнгөрсөн жил 99.5 тэрбум төгрөг санд очсон юм. Энэ бүхнээс дүгнэхэд, өнгөрсөн болон энэ жилээс илүү их хэмжээний мөнгө ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЖДҮХС-д очно.Тиймээс тэр мөнгөний зарцуулалтад тавих хяналт, ил тод байдал, өнгөрсөн алдаа дутагдлаасаа суралцах тал дээр түлхүү анхаарч, хэлэлцэх хэрэгтэй байна.
-Хууль, эрх зүйн орчноос гадна баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?
-Импортлогч орноос эх орондоо бүтээгч, цаашлаад экспортлогч орон болохоор зорьж байгаа энэ цаг үед ажиллах хүч чухал. Гэтэл бүх салбарт ажиллах хүчний хомсдол учраад байна.
Тиймээс их, дээд сургуулийг цөөрүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Таксинд, нүүрс тээвэрт явах, гадагш гаргах зэргээр залуу үе маань эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, идэвхгүй байна. Энэ төр засаг ажиллах хүчний бодлогоо тодорхой болгоосой. Ажиллах хүчин үнэхээр дутагдалтай байна.
-Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлүүдийг барьж ЖДҮХС-гаас зээл олгох байх. Энэ жил гэхэд 13 салбарт түлхүү анхаарч байгаа. Зээлийг таван жилийн хугацаатай олгодог учраас яг зээл аваад, үйл ажиллагаа нь хөгжсөн аж ахуйн нэгжүүд гарч байна уу?
-Яг тийм аж ахуйн нэгж цөөн байна. Үнэнийг хэлэхэд, 2017,2018 онд зээл эзэндээ очиход хэцүү байсан. 2018 оны дөрөвдүгээр сард 134 аж ахуйн нэгж шалгаруулахад 122 нь төрийн өндөр албан тушаалтан, тэдэнтэй хамаарал бүхий хүмүүс байсан гэж хэвлэл мэдээллээр шуугьсан.
Эх орныхоо хөгжил дэвшлээс тэдгээр хүмүүс хулгайлсан. Тухайн үед хөгжих боломжтой компаниудад зээл нь олдоогүй харамсалтай жишээ олон. Жишээлбэл, хаягдал дугуйг боловсруулж хүүхдийн тоглоомын талбайн зөөлөвч, дэвсгэр хийдэг, модны үртэс ашиглаж хусны нүүрс бэлтгэдэг гээд дотооддоо болон Хятад руу бүтээгдэхүүнээ гаргах байсан компаниуд зээл авч чадаагүй нь харамсмаар.
-Тэгвэл Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай шинэчилсэн хуульд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ямар заалт байна?
-Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх нь чухал. Вакум цонх, бетоны үйлдвэр ашигтай гэдгийг сонсоод л хүн бүр тийш орж байсан боловч эрэлтээсээ нийлүүлэлт нь давчихаад байгаа. Энэ бүхнийг аж үйлдвэрийн парк, эдийн засгийн чөлөөт бүс зохицуулна. Хуулийн шинэчилсэн найруулгын 15.4 дүгээр заалтад “Аж үйлдвэрийн парк, жижиг, дунд үйлдвэрлэл эрхпэгчийн оролцоог дэмжих” гэсэн заалт Засгийн газрын бүрэн эрхэд шинээр орж ирсэн.
Мөн Кластер буюу бэлтгэн нийлүүлэлтийн системийн талаар тодорхой тусгаж өгсөн. Кластерийг тухайн бүс нутагт түүхий эдийн бааз суурьт үндэслэн бодлогоор хөгжүүлэх боломжтой болсон. Том аж ахуйн нэгжүүд дангаараа бүхнийг хийх бус, кластерийн системээр буюу олон баялаг бүтээгч, ЖДҮ аж ахуйн нэгж хамтраад бэлтгэн нийлүүлэх байдлаар ажиллах хэрэгтэй.
Ингэснээр барааны өөрийн өртөг хямдрах боломжтой. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, кластераар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна”.
10.2-д “Ахуйн үйлчилгээний салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгаж ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу дунд хугацааны хөтөлбөр тав, таван жилээр гарна. Өмнө тэр талаар ямар ч зохицуулалт байгаагүй. Төрийн бодлого урт удаан настай байвал үйлдвэрлэгчдэд ашигтай шүү дээ.
Энэ хуульд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргавал арилжааны банкны зээлийн хүүгийн таван хувийг ЖДҮХС-гаас буцаан авах заалт орсон.