Монгол улсын ууган дөрвөн аймаг нэг Хэнтий аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр тэргүүтэй удирдлагууд Хэнтий аймагт ажиллаж баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцав.
"Дурсамж" хэвлэлийн студи 2008 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хэвлэлийн эх бэлтгэл, бичиг хэрэг, бэлэг дурсгал зэрэг цогц үйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг аж. Бизнесийн зээл авч ажлын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн бөгөөд 10 гаруй ажлын байрыг бий болгожээ. Цаашид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдан ажлын байраа томосгох төлөвлөгөөтэй байгаагаа холбооны удирдлагуудад танилцууллаа.
"Гэрэлт хэрлэн" ХХК-ийн "Хаш-Эрдэнэ" хиамны цех өдөрт 100-150 кг мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. 7-8 нэр төрлийн хиамыг аймгийн төв болон зэргэлдээх сумдад нийлүүлдэг бөгөөд таван хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тус цех сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан. Германы автомат машин зэрэг тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа аж.
Улаанбаатар хотод ажиллаж байсан залуус 2014 онд төрөлх нутагтаа ирж "Захиалгат тавилга" үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Бүх төрлийн гэрийн тавилга, вакуум цонх, хаалга зэрэг модон эдлэлийг захиалгын дагуу үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг юм. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт том зах зээл байгааг залуучууд хэлж байсан юм. Цаашид аймгийн МСҮТ-тэй хамтран сурагч хүүхдүүдийг мэргэшүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мэргэжилтэй боловсон хүчин буюу баялаг бүтээгчдийг бэлддэг газруудын нэг нь МСҮТ юм. Тэр ч утгаараа Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд Хэнтий аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль 1969 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш 47 дахь жилдээ сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхэн энэ хугацаандаа 18 мэргэжлээр 10200 гаруй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргажээ. Энэ хичээлийн жилд 18 мэргэжлээр 1-2,5 жилийн хугацаатай 600 гаруй суралцагч суралцаж байна. 2013 оны 12 дугаар сард хичээлийн шинэ байрандаа сургалт үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулж байна. Сургуулийн хичээлийн шинэ байр 960 суралцагчдын суудалтай дөрвөн корпус бүхий цогцолбор юм.
"Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон гайхалтай бүтээл хийж Монголынхоо түүхийг мөнхлөх ажлыг эхлүүлсэн нь монголчуудын талархлыг хүлээж байна. Гиннесийн номонд Монгол гар урлалын бүтээлийг мөнхлөх зорилготойгоор 100 метр урттай эсгийн дээр "Монголын нууц товчоо"-г багтаан урлаж байгаа юм. Мөн тухайн цаг үеийн байдлыг энэхүү бүтээлд дүрслэн харуулжээ. Төлөвлөгөөний дагуу АСЕМ-ын хурлаас өмнө ажлаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Энэхүү бүтээлийг 24 ханатай монгол гэр байрлуулах бөгөөд түүхэн дурсгал, аялал жуулчлалын томоохон өв болон үлдэнэ.
Өрхийн үйлдвэрлэгч Б.Батбаяр 2007 оноос монгол гэрийн аргыг хийж эхэлсэн байна. Сардаа 8-9 аргыг худалдан борлуулдаг гэнэ. Борлуулалт сайн байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс муудсан гэнэ. Монгол арга хийх аргачлал, түүхий эдээ хэрхэн бэлтгэх аргын талаар холбооны удирдлагуудад танилцуулав. Удирдлагуудын зүгээс монгол аргыг өөр хэлбэрээр хийх, бэлэг дурсгалын чиглэлэрээ үйлдвэрлэхийг санал болголоо.