Өвөрхангай аймаг Арвайхээр хот
“...Хүмүүс үйлдвэрээ дэмждэггүй ч
Хүч чадлаа дайчлан сэтгэлээ зориулж
Эх нутгаа нэг хөгжүүлэхсэн
Монгол гэж зүрхэндээ шивнэж хэлэхсэн...“ хэмээн шүлэглэх Д.Пүрэвдорж хэмээх энэ залуу Улаанбаатарын уугуул иргэн хэдий ч хөдөөд үйлдвэрлэл хөгжүүлэхээр 2007 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг зорьжээ. Хүмүүс хөдөөнөөс хот руу нүүж байсан ид үед тэрбээр эсрэгээрээ сөрж нүүсэн байна. Чойжин ламын сүм музейд менежерээр ажиллаж байсан, 20 гаруйхан настай залуугийн сэтгэлийг юу тэгтлээ хөдөө рүү татсаныг асуухад “Би хөдөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, хот руу чиглэсэн их нүүдлийг өчүүхэн ч гэсэн сааруулахыг зорьсон” хэмээн хариулсан юм. Түүний энэхүү эх оронч сэтгэлийн үндсэн дээр талх нарийн боовны цех үүсэн байгуулагдаж, цэцэглэн хөгжсөөр хүнсний үйлдвэрлэлээрээ аймагтаа хоёрт ордог “Өв санаа” ХХК-ийг бий болжээ.
Д.Пүрэвдорж 2007 онд Арвайхээр хотод гэр бүлийн хамт ирсэн даруйдаа байр түрээслэн, гуравхан тоног төхөөрөмжтэйгөөр талх хийж зардаг байжээ. Тэр үед аймагт зүссэн талх байдаггүй байсан учир талхаа зүсэж, уутлаад дэлгүүрүүдэд түгээдэг байсан гэнэ. Нэг ч хүн танихгүй газарт дөнгөж нүүж очингуутаа үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг мэдээж амар байгаагүй нь ойлгомжтой. Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа “Анх хоёрхон сая төгрөгтэй, хотоос ачиж ирсэн гурван тоног төхөөрөмжөөрөө талх, боов хийж, өдөржин дэлгүүрүүдээр хэсдэг байлаа. Тэгээд удалгүй хүмүүстэй танилцаж, бүтээгдэхүүнүүд маань ч олонд танигдаж, нэр төрлөө олшруулсан” хэмээсэн юм.
Анх 2007 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан “Өв санаа” ХХК өдгөө 15 ажилтан, 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс гадна бялууны борлуулалтаараа аймагтаа тэргүүлдэг байна. Үйлдвэрийнхээ дээд давхарт бэйкери, түргэн хоолны газар ажилуулдаг нь борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь давуу тал болжээ.
“Өв санаа” ХХК-ийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүүхэд багачууд амтархан идэх дуртай. Ялангуяа кекс, торт нь үнэхээр л салахын аргагүй амттай юм билээ.
“Үйлдвэрлэл эрхэлж буй хүнд байнга сорилт, бэрхшээл тулгарч байдаг ч түүнийг даван гарах амаргүй. Тэглээ гээд эрсдэл, өр зээлээс айх хэрэггүй” хэмээн ярих Д.Пүрэвдорж захирал 2008 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 35 сая төгрөгийн зээл авч, шинэ ажлын байраа ашиглалтад оруулжээ.
Тус компанийн хувьд ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч, олон талын бодит туслалцаа дэмжлэг үзүүлдэг гэдгийг ажилчид нь талархан ярьж байсан юм. Тухайлбал, хүүхдүүдээ ажилдаа авч ирэхийг нь ажилчдадаа зөвшөөрдөг бөгөөд тэдэнд зориулсан амралтын байр гарган өгч, хүүхэд асрагч цалинжуулан ажиллуулдаг нь цэцэрлэг хомс өнөө үед үнэхээр нүдээ олсон шийдэл байлаа.
Улс их орныхоо хөгжилд өөрийн чадах бүхнээ зориулан яваа хөдөлмөрч нэгэн залуугийн бүтээж босгосон үйлдвэрээр “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг ийнхүү зочилсон юм.
Утас: 96327788, 99104982