“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгч дэмжинэ” төслийн баг хамт олон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын өрхийн үйлдвэрлэгчид болоод мянгат малчид нарыг алдаршуулж байна. Аймгийнхаа төвөөс 122 км-ын зайд орших уг сум нь аймгийнхаа анхны жишиг сум гэдгээрээ алдартай юм.
Баян-Өндөр сум Дугуй засвар, гагнуурын үйлчилгээ эрхлэгч Л.Батсүх: Зэргэлдээх сумдаас ч байнга ирж үйлчлүүлдэг
Баян-Өндөр сумандаа дугуй засвар, гагнуурын үйлчилгээ эрхлэгч Л.Батсүхтэй уулзаж ярилцлаа. Гурван жилийн хугацаанд нутгийн иргэдийнхээ машины дугуйг засч, хашааны хаалга, усны тэрэг зэргийг хийдэг тэрбээр цаашдаа шахмал түлш үйлдвэрлэх сонирхолтойгоо хэлж байсан юм.
Хэзээнээс дугуй засвар ажиллуулж эхэлсэн бэ?
2012 оноос эхэлж энэ дугуй засвараа нээсэн. Эхлээд дан дугуй засвараараа хүмүүст үйлчилж байгаад сүүлд гагнуурын ажил давхар хийдэг болсон. Би нэгдэл нийгэм гэж байхад буюу 1975-1995 он хүртэл тракторын жолооч хийж байгаад үүнээс хойш дугуй засч эхэлсэн дээ. Тэтгэвэртээ гараад зүгээр сууж чадахгүй болохоор ийм хувийн жижиг үйлчилгээ эрхлээд байж байна даа.
Одоо хэнтэйгээ ажиллуулж байна вэ?
Хүүтэйгээ хамт ажилладаг.
Дугуй засах, гагнуураас өөр зүйл хийж байна уу?
Заримдаа хийнэ. Ихэвчлэн хүмүүсийн захиалгаар усны тэрэг, мал услах худгийн онгоц, хашааны хаалга, машины тэвшний өндөрлөгөө зэрэг төрөл бүрийн л юм хийнэ шүү дээ. Өдгөө 30 гаруй хаалга хийсэн байдаг.
Багаж, тоног төхөөрөмжийнхөө талаар яривал?
Би Их салхит хоршоонд байдаг юм. Тэгээд уг хоршооны маань нэг хүн манай эдгээр тоног төхөөрөмжүүдийг авчирч өгсөн юм. Бас тоног төхөөрөмж худалдан авахад манай охин хөрөнгө оруулсан.
Өдгөө нутгийн иргэд та бүгдийг хэдийнэ андахгүй биз?
За бараг л тийм дээ. Манай сум чинь ер нь машин ихтэй шүү дээ. Өвөрхангай аймгийн нийт сумаас манай сум машины тоогоороо тэргүүлэх байх. Мөн зэргэлдээх сумдын байнгын үйлчлүүлэгчид ч бий шүү.
Цаашид ер нь үйл ажиллагаагаа илүү өргөсгөх бодол байгаа болов уу?
Байлгүй яах вэ. Цаашлаад шахмал түлш үйлдвэрлэе гэсэн бодол бий. Хэрвээ үүнийгээ хийж чадвал цаашлаад өшөө илүү олон хүнийг ч ажлын байраар хангана гэж бодож байна.
Утас: 8856-5499, 9572-1459
“Их салхит хоршоо”-ны дарга Ч.Пүрэвсүрэн: Ард түмэндээ хямд төсөр бараа бүтээгдэхүүнийг түгээнэ
Өдгөө 370 гишүүнтэй, гишүүн тус бүр нь 100 мянган төгрөг цуглуулж хуримтлал үүсгэж “Их салхит хоршоо”-г байгуулжээ. Байгалийн хадлан, блок, эсгийний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тэд цаашдаа ажлын байр болоод, тоног төхөөрөмжөө илүү сайжруулахаар зорьж ажиллаж буй.
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Их салхит хоршоо”-ны дарга Ч.Пүрэвсүрэн гэж хүн байна. манай хоршоо нь 2000 онд байгуулагдсан өдгөө 370 гишүүнтэй. Манай гишүүд өөрсдийн санал санаачилгаар нэг гишүүн 100 мянган төгрөг нийлүүлж хуримтлал үүсгэж үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоршоо яг ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Манай хоршоо нь байгалийн хадлангаар анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин одоо эсгийний үйлдвэртэй болсон бөгөөд өдөртөө 10-20 эсгий үйлдвэрлэж байна. Мөн блокны үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ нь улирлын чанартай ажилладаг бөгөөд зөвхөн зундаа хийдэг.
Нийт хэчнээн гишүүн нь эдгээр үйлдвэрүүддээ ажиллаж байна?
Ер нь хоршооны гишүүд бол арьс шир, ноос ноолуур буюу бараа түүхий эдээ татахад хамтарч ажилладаг. Эсгийн дээр бол зундаа найман ажилтантай, харин блокны үйлдвэрлэл дээр гурван ажилтан, байгалийн хадлан дээр 15 түр ажилтантай ажилладаг.
370 гишүүнтэй гэхээр магадгүй сумынхаа хамгийн том хоршоо нь болов уу?
Тийм шүү. Манай хоршоо нь 2004 онд аймгийн тэргүүний хоршоо болж байсан. Ард түмэндээ аль болох хямд төсөр бараа бүтээгдэхүүнийг түгээж хүргэхээр л зорьж ажиллаж байна даа.
Борлуулалт хэр байдаг вэ?
Хадлан, эсгий, блок зэргүүд маань бүгд улирлын чанартай байдаг. Гэхдээ тухайн улиралдаа сайн борлуулалттай байдаг. Гэхдээ манайх ажлын байр, тоног төхөөрөмжиндөө захирагдаад жилдээ 500 ширхэг эсгий, блок бол өдөртөө 300-500 ширхэгийг хийдэг. Харин энэ жилийн хувьд борлуулалт тун тааруу байна.
“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Жинхэнэ цаг үеэ олсон төсөл ажил гэж бодож байна. Цаашдаа илүү удаан үргэлжилж баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчдээ сайн дэмжин ажиллаарай гэж хүсэн ерөөе.
Утас: 9971-7799
Баян-Өндөр сумын мянгат малчин Б.Эрдэнэбаатар: Манай малын удмын сан сайн
Сумынхаа Хар ам хэмээх газар өвөлжиж буй мянгат малчин Б.Эрдэнэбаатарынхаар зочиллоо. 2013 онд мянгат малчин болсон тэрбээр арав гаруй жил мал маллаж байгаа бөгөөд Дорнодоос мах, сүүний чиглэлийн бяруу авчиржээ. Мөн сумын төвдөө тэжээлийн үйлдвэртэй аж.
Сайхан намаржиж байна уу. Хэчнээн жил мал малласан бэ?
Сайхан. Монголын ард түмэн минь тарган тавтай намаржиж байна уу. Намайг Б.Эрдэнэбаатар гэдэг. Мал маллаад өдгөө арав гаруй жил болж байна.
Өдгөө малын тоо толгой хэд хүрч байна. Хэдэн төрлийн мал өсгөж байна вэ?
Тэмээнээс бусад буюу дөрвөн төрлийн мал өсгөж үржүүлж байна. Өдгөө мянга гаруй тооны малтай болсон байна.
Өвөлжөөндөө саяхан буусан гэсэн шүү дээ. Энэ жилийн хувьд малын тарга тэрвээрэг хэр байна вэ. Ер нь өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангасан бэ?
Энэ жилийн хувьд харьцангуй гайгүй байна. манайх сумандаа жижигхэн тэжээлийн цехтэй. Үүгээрээ бас нутгийнхаа малчин иргэдэд борлуулж байна. өвөлжилтийн бэлтгэлээ ч сайн базаасан байгаа.
Мах, сүүний чиглэлээр бяруу оруулж ирсэн гэл үү?
Тийм. Дорнодын Цагаан овоо, Хэнтий аймгийн Дадалаас сүү, махны чиглэлийн үхэр оруулж ирсэн. Үүнийхээ үр шимийг ирэх хавраас хүртээд эхлэх байх. Ер нь манай малын удмын сан сайн. Хонь бол Сүхбаатар, Дорнодын үзэмчин, барга чиглэлийн хоньнууд бий.
Ер нь сум орон нутагтаа мал маллаад амьдрахын сайхан зүйл нь юундаа байдаг вэ?
Мэдээж мал маллаад, өсгөөд, үржүүлээд түүнийхээ үр шимийг хүртэж явна гэдэг сайхан зүйл шүү дээ. Үүнээс л амар амгаланг мэдэрч, мөн бидний өдий зэрэгтээ яваа маань ч хэдэн малын буян шүү дээ.
Залуу малчид маш ховордсон гэж яриад байгаа шүү дээ. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Манай сумын хувьд гэхэд залуу малчид цөөрлөө гэх зүйл тийм ч их байхгүй шүү. Тэр дундаа сүүлийн үед залуу мянгат малчид их төрж байна. энэ ч утгаараа сайн залуу малчид олон бий шүү.
Эх орон даяар явагдаж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл танд ямар санагддаг вэ?
Жинхэнэ нүдээ олсон гэдэг чинь л энэ байхдаа гэж боддог. Тэр дундаа малчин биднийг сурвалжлаад жинэхэн баялаг бүтээж буй таван хошуу малаа сурталчилж байгаад маш баяртай байна.
Утас: 9895-5859
Өрхийн талх нарийн боов үйлдвэрлэгч Т.Зууннаст: Чаддаг зүйлээ хийх нь илүү их орлого оруулдаг
Сумынхаа иргэдийг шинэхэн талх, нарийн боовоор хангаж буй Т.Зууннаст бүтээгдэхүүнийхээ нэрийг “Өглөөний амт” хэмээн нэрлэжээ. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч бүтээгдэхүүний амт чанараараа хэдийнэ олонд танигдсан тэрбээр нэр төрлөө илүү олшруулж пицца хийхээр зэхэж буй.
Сум орон нутгийнхаа иргэдийг ямар бүтээгдэхүүнүүдээр хангаад байна вэ?
Миний бие 2015 оны хоёрдугаар сараас эхлээд талх, нарийн боов хийж, мөн үүнийхээ хажуугаар жижигхэн цайны газар ажиллуулах бодолтой явж байна.
Гэрээрээ хийдэг юм байна шүү дээ?
Тийм. Хуучин түрээсийн байрандаа хийдэг байсан ч одоо хүйтэрхээр уг байр маань маш хүйтэн болчихдог юм. Тиймээс гэрээрээ талх, нарийн боовоо хийж байна. Тэгээд хийсэн бүтээгдэхүүнээ сумынхаа дэлгүүрт тавьж борлуулдаг. Мөн удахгүй дулаахан түрээсийн байрандаа орчихбол түүндээ цайны газар ажиллуулах бодолтой байна.
Сумын иргэд хэр ам сайтай худалдан авч байна?
Хийгээд удаагүй байгаа ч гэсэн манай бүтээгдэхүүнийг мэддэг болсон үйлчлүүлэгч олон бий шүү. Жишээ нь үзэмтэй талх, чихэртэй, чихэргүй талх, кекс, бялуу, боорцог гээд л бүхий л бүтээгдэхүүн маань олон хүний танил, дуртай хүнсний бүтээгдэхүүний нэг нь болоод байгаа шүү.
Удахгүй шинэ жил болох гэж байна. энэ үеэр бялууны захиалга их болно биз?
Тэгэлгүй яах вэ. Захиалгын дагуу л бялуугаа хийнэ дээ. Мөн үүний хажуугаар пицца хийх бодолтой байна.
Ер нь аливаа байгууллагт ажилласнаас өөрийн хийж чадах зүйлээрээ ингээд ажиллах нь илүү үр өгөөжтэй байна уу?
Хэрвээ бүтээгдэхүүнээрээ хүмүүсээ татаад, танигдаад сайн борлуулж чадах юм бол ажил хийснээс илүү сайн орлого олох боломжтой. Хоёр, гурав хоногийн дотор л ажлын цалингийн хэмжээний мөнгийг олдог.
Ойрын хугацаанд биелүүлчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байгаа болов уу?
Олон байгаа шүү. Эхний ээлжинд тоног төхөөрөмжтэй, дараагийн ээлжинд өөрийн гэсэн байртай болчихбол ажлын бүтээмж илүү өндөр болж өгөх болов уу гэж бодож байна.
Утас: 8988-4411
Өрхийн үйлдвэрлэгч Ч.Хоролсүрэн: Сүүн цагаан идээг ард түмэндээ түгээж байгаадаа баяртай байдаг
2001 оноос аймаг, сум цаашлаад Улаанбаатар хотоос захиалгын дагуу бүхий л төрлийн цагаан идээг үйлдвэрлэж буй ээж, охин хоёрыг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө онцолж байна.
Нийт хэдэн хүн, ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?
Баян-Өндөр сумын гуравдугаар багийн иргэн Хоролсүрэн гэж хүн байна. Манай ээж цагаан идээ хийдэг. Харин түүнийг нь би өвлөж, ээждээ тус дэм болох үүднээс хамтдаа цагаан идээ хийж борлуулж байна. 2001 оноос эхэлж хийсэн.
Цагаан идээгээ хийх материалаа хаанаас авч байна вэ?
Аймаг, сумынхаа малчдаас авдаг. Мөн өөрсдийнхөө малын ашиг шимийг нь хүртэж байна даа.
Өнөөдөр хэчнээн төрлийн ямар сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулж байна вэ?
Ааруул, ээзгий, шар тос, тогооны өрөм, аарц, сүү, айраг зэрэг бүхий л төрлийн цагаан идээг хийж байна даа. Ааруул л гэхэд хатуу, зөөлөн, чихэртэй, чихэргүй гээд олон янз бий.