Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баялаг бүтээгчдийг алдаршуудж байна.
Бат-Өлзий сумынхан онош тодруулах гэж нийслэл явах шаардлагагүй болжээ
Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн баг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын баялаг бүтээгч иргэдтэй уулзаж, ур ухаанаа шингээн хийж буй бүтээгдэхүүнийг нь олны хүртээл болгон алдаршуулж байна.
Бат-Өлзий сум уугуул 7000 гаруй иргэнтэй. Дэд бүтэц сайтай учир ойролцоох сумынхан суурьших нь бий. Төслийн хамт олны эхний уулзсан баялаг бүтээгчид бол тус сумын эрүүл мэндийн төвийнхөн юм. Эрхэм баялаг эрүүл мэнд гэдэг учир иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнийг үл ялган хичээн ажиллаж буй хамт олонд ярих зүйл олон аж.
Тус төв нь 3D эхотой болсноор онош нь тодрохгүй байсан олон иргэнийг шуурхай үзэн, хол газар явах шаардлагагүй болсон юм байна. Гуч гаруй эмч, сувилагч, асрагчтай эмнэлэг төрөх өрөө, эмийн бус аргаар эмчлэх ахмадын өрөөтэй аж. Эрүүл мэндийн төвийг Г.Золжаргал эмч удирддаг. Их дээд сургууль төгссөн залуус хөдөө тэр дундаа сумыг зорих нь бараг үгүй. Харин Г.Золжаргал эмч “хүний нутагт” ажиллаж амьдрах болсон болон ажлынхаа талаараа ийн ярилаа.
“Бат-Өлзий сум 1937 онд байгуулагдсан түүхтэй. 2012 онд шинэ эмнэлэгтэй болсон учир хуучин эмнэлгээ Ахмад настны амьдралын чанарыг сайжруулах төв болгон шинэчилсэн. Мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдээ хүлээн авдаг. Аймгаас энэ жилийг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан.
Тиймээс сумынхаа 5554 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай 836 иргэний оношийг тодруулсан. Судалгаанаас харахад бөөр шээсний зам, цусны даралт ихсэх , хоол боловсруулах эрхтний өвчлөл их байна. Манай сумын уугуул н.Сосорбарам гэдэг хүний үр хүүхэд хөөцөлдсөнөөр 3D эхотой болгож өгсөн. Би Баян-Өлгий аймгийн уугуул иргэн. Гэр бүлийн хүн маань Бат-Өлзий сумын уугуул. Бид сургуулиа төгсөөд энэ суманд ажиллахаар шийдэн ирсэн” гэв.
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж буй хамт олон хийж бүтээхийн төлөө хичээн долоо хоногийн пүрэв гариг бүр сургалт зохион байгуулж, нөөц бололцоогоо дайчлан мэдлэг чадвараа дээшлүүлэн ажиллаж байна.
Л.Янжиндулам: Чанартай бүтээгдэхүүн хийдэг болохоор гүйлгээ сайн байдаг
Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн баг Бат-Өлзий сумын “Хаан хүнс” бүлийг онцолж байна. Хэрчсэн гурил, бууз банш хийдэг бүсгүйчүүд үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажилладагт тус бүлийнхэн сум орон нутгийнхаа удирдлагад талархаж буйгаа хэлсэн.
Тус бүлийн ахлагч Л.Янжиндуламтай ярилцлаа.
-Хөдөө орон нутагт бууз, банш хийгээд хэр зэрэг борлогддог вэ?
-Манай бүл 2013 оноос халамжийн чиглэлээр сургалтанд хамрагдаад одоо хүртэл тасралтгүй ажиллаж байна. Хөдөө орон нутгаас ирсэн шинэ махаар чанартай бүтээгдэхүүн хийдэг болохоор сумын иргэд дуртай худалдан авдаг.
-Танай бүтээгдэхүүний төрөл зүйл хэд хэд байдаг бололтой?
-Тиймээ, хаан, зочин, залуус гэх мэт бууз, хатан баншаас гадна хэрчсэн гурилаа өргөн, нарийн гэсэн хоёр төрлөөр хийдэг.
-Суманд жижиг дунд үйлдвэр эрхэлж байхад ямар бэрхшээл байна вэ. Ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст санхүү болон ажлын байр дутмаг байдаг. Гэхдээ манай сумын удирдлага дэмждэг. Зээлээ авсан иргэд маань зөв зүйлээ хийж, шантралгүй зүтгэх хэрэгтэй. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шүү дээ. Хийх зүйлээ зөв сонгоод, чанартай хийж чадвал хаана ч борлогдож, эргээд худалдан авагч нэмэгдэг.
Тус хамт олон өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, ажлын байраар хангадаг давуу талтай аж. Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг дэмжиж, иргэндээ хүрсэн төсөл хэрэгжүүлж буй хамт олонд талархал илэрхийллээ.
О.Батсүрэн: Бид балаа Японд борлуулах зорилготой
Бат-Өлзий сумын баялаг бүтээгч хэсэг бүсгүйчүүд “Зөгийг үүр лүү нь оруулаад балыг нь аваад буцаагаад гаргадаг хүмүүсдээ” хэмээн хошигносоор биднийг угтсан юм. Бүл болон ажилладаг бүсгүйчүүдийн бэлтгэсэн бал бүхэн өөр өөр өнгөтэй. Сар сарын бал цэцгээсээ хамаарч өөр байдгийг тэд онцлоод хэрхэн ажилладаг тухайгаа сонирхууллаа.
“Бид 2013 онд 10 өрхийн 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж байсан. Манай хамт олонд бахархах зүйл олон бий. Манай бүл сумынхаа хамгийн анхны зөгийн аж ахуй эрхэлсэн хүмүүс. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас манай бүлийг дэмжин тусалсан. Нэг өрх хоёр бүл зөгийтэй байснаа хоёр жилийн дотор дөрвөн бүл болгон үржүүлсэн. Манай сумын иргэд ихэнхийг нь худалдан авчихдаг болохоор одоогоор зэргэлдээх аймаг, сумдад балаа борлуулах шаардлагагүй байна. Харин цаашдаа олон зөгийтэй болоод Монголд бус Японд зарж борлуулах зорилготой. Манай бүлийнхэн ашиг харахаасаа илүү Бат-Өлзий суманд зөгийг хэрхэн үржүүлэх, яаж нутагшуулах талаар энэ хугацаанд анхаарч ажилласан. Орхоны цэцэгт хөндийн балыг манай зөгий цуглуулж байгаа учир хүний эрүүл мэндэд үзүүлэх үйлчилгээ нь сайн байдаг юм” гэв.
Тэдний яриа, хийж буй ажлаас харахад бие биенээ ойлгосон, мэдэрсэн нь илт. Ажилч хичээнгүй эмэгтэйчүүд маань ойрын таван жилдээ зөгийнийхөө бүлийг нэмж, тус тусдаа аж ахуйтай болох төлөвлөгөөтэй юм билээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Шинийг сэдэн санаачилж, ажил хэрэг болгож буй бүсгүйчүүдэд улам их амжилт хүсье.
Ч.Ганбүргэд: Ажил хийвэл ам тосдоно гэдэг аргагүй үнэн үг шүү
Бат-Өлзий сумынхан чадах бүхнээ хийдэг ажил хичээнгүй хүмүүс гэдгийг тус суманд хэд хэд очихдоо мэдэрсэн. Тэдний нэг бол “Шидэт жимс” өрхийн үйлдвэрийг эрхэлж буй Ч.Ганбүргэд юм. Чацаргана тарьсан хүн хэдэн жилдээ үр жимсийг нь авах нь үгүй. Жил бүр тууштай арчилж, хамгаалснаар дөрвөн жилийн дараа жимсээ өгдөг. Нялх чацарганы бут тарьсан тэр цаг үеэ дурсахдаа “Хүн гэдэг бүтээсэн зүйлийнхээ эцсийг үзэх гэж их хичээдэг юм билээ. Нялх бут тариад хөлдчих вий, гэмтчих вий хэмээн их хайрлаж хамгаалдаг байсан. Эцэст нь үр шимийг нь хүртэх хамгийн сайхан” гэв.
“Манай сум хөрс сайтай болохоор ямар ч зүйл тарьсан үр өгөөжөө өгдөг хангай даа. Би дөрвөн жилийн өмнө нэг га газарт 1000 гаруй чацарганы болон бусад мод тарьсан. Дөрвөн жил уйгагүй ажилласны ачаар энэ жил үр жимсээ авсан. Энэ жил нэг тонн орчим чацаргана хураасан. Энэ их талбайн жимсийг би ганцаараа хураах боломжгүй болохоор нутгийнхаа хүмүүсийг хөлсөөр ажиллуулсан. Өөртөө бөгөөд бусдад өгөөжтэй ажил хийж буйдаа баяртай байна. Би цахилгаанчин мэргэжилтэй ч сонирхлоороо жимс тарьсан. Цаашдаа эмийн ургамал тарих бодолтой байна. Хүмүүс эмийн бус эмчилгээг илүүд үздэг болсон болохоор нэг кг-ийг нь 4000 төгрөгөөр зарахад өдөртөө дууссан. Экологийн цэвэр бүтээгдэхүүн учир иргэд маань ам сайтай, авах дуртай байдаг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг аргагүй үнэн үг шүү” гэв.
Жимсчин гэр бүлийнхэн маань Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олонд талархал илэрхийлээд амжилт хүслээ.
Р. Дариймаа: “Баярлалаа” гэх үг надад урам хайрладаг
Одоогоос найман жилийн өмнө хөдөө орон нутгаар ажлаар явж байхдаа суманд үсчин хайгаад ололгүй буцаж билээ. Харин одоо өөр болж. Зөвхөн үсчин бус гоо сайхан ч олноороо байх болжээ. Бат-Өлзий сумынхаа иргэдийг гоо сайханд анхаарч, хүн бүрт сэтгэл гарган үйлчилдэг үсчин Р.Дариймааг бид төсөлдөө онцоллоо.
Тус сумын уугуул иргэн Р. Дариймаагийн ажил өглөө эрх эхэлдэг ч орой эрт тарна гэж үгүй. Хөдөөнөөс сумын төв орж ажлаа амжуулаад үсээ засуулах гэсэн малчид хэзээ ч ирж болзошгүй. Тухайн нөхцөл байдлаа сайн ойлгож мэдэрсэн үсчин маань тэр цаг үед бэлэн байх үүргээ сайн биелүүлдэг нэгэн аж.
“Би 2005 оноос хойш үсчнээр ажиллаж байна. Одоо 10 жил боллоо. Манай суманд халуун ус байдаггүй байсан. Халуун ус ажиллуулах тендер зарлаж, бид уулзаж ажиллуулах эрхээ авсан. Усанд орсон хүмүүсийн ихэнх нь үсээ засуулдаг. Шинэ жил, цагаан сар, наадам хичээлийн шинэ жил эхлэх үеэр ачаалал маш их байдаг. Ялангуяа цагаан сарын өмнөх өдрүүдэд үүр цайтал ажилладаг. Би ганцаараа ажиллаад хүн бүрт хүрсэн үйлчилгээ үзүүлэх амаргүй. Тиймээс аймаг, сумын залуу үсчид манайд дадлага хийгээд өөрийн гэсэн ажлын байртай болсон тохиолдол цөөнгүй бий. Сумандаа сайхан амьдрах боломж их. Аав, ээжийнхээ төрсөн нутагт ажиллаж амьдарч, нутгийнхаа иргэдийн төлөө сэтгэлээ зориулж яваадаа би баяртай байдаг” гэв.
Үсчин Р. Дариймаа үнээ нэмэхийг чухалчилдаггүй. Гагцхүү чанартай үйлчилгээ үзүүлж, нутгийн зон олноо баярлуулахыг хичээдэг учир хүн бүхэн түүгээр үйлчлүүлэх дуртай байдаг юм билээ.