Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий ширмэл бүтээлд "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлан Генниссийн дээд амжилтад бүртгүүлэх их ажил өрнөж монголын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчид нэгдэн учиг шингээсэн билээ. Тэгвэл "Монголын Нууц Товчоо"-г 108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэл бүтээл дуусч олон түмэндээ танилцуулах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 2017.03.12-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Хэнтий аймгийн Чингисийн талбайд болсон ба Аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд , ИТХ -ын гишүүд сум сумдын үйлчид оролцсон төдийгүй Хэнтий аймагт чуулж буй Монголын соёлын өвийн төвийн нийт хамт олон, 21 аймгийн төлөөлөгчид, баялаг бүтээгчид, мөн Өвөрмонголын Үзэмчин хошууны үйлчид, ОХУ-ын Буриад улс, Тува улсаас бүтээлд үйл урлан, учиг шингээж оролцсон хөдөлмөрчид оролцон түүхэн бүтээлээ Геннист бүртгүүлэхээр хүлээлгэн өгч, ёслол төгөлдөр нээлтээ хийн ард түмнийхээ мэлмий сонорыг мялаалаа.
Түүхэн бүтээлийг урлахад нэг сая 900 мянган метр тэмээний ноосон утас орж, 24 ханатай гэрийг бүрэн тойруулан хөшигжүүлэхэд бэлэн болсон байна.
21 аймгийн 5000 гаруй үйлчин, Ойрад, Буриад, Урианхай, Торгууд, Үзэмчин зэрэг 24 бага ястан учиг шингээж, нийт ард түмний хандив тусламжаар жил гаруй хугацаанд урлаж дууссан тул ийнхүү иргэддээ танилцуулж байгаа билээ.
Уг ёслолын ажиллагааны үеэр энэхүү дэлхийд ганцхан, хосгүй бүтээлийг урлахад дэмжлэг үзүүлсэн Хэнтий аймгийн ЗДТГ, ИТХ болон бусад 3 аймаг, 13 сум, 12 үйлчин бүсгүйчүүдийг шагнаж урамшууллаа.
Тус бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэх бэлтгэл ажил хангагдсан бөгөөд ирэх 7 дугаар сард “дэлхийн хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.
Ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Бид энэхүү түүхэн бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлснийхээ дараа
Хэнтий аймгийнхаа нутагт 24 ханатай гэр барин байрлуулж, ирсэн зочдын нүдийг баясгаж эх түүхээрээ бахархан, омогших болно.
Үүний тулд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Чингис брэнд” хөтөлбөртэй уялдуулан энэхүү бүтээлээ Хэнтий аймагтаа байрлуулах газрын асуудлыг шийдэж өгнө” гэдгээ мэдэгдсэн юм.
Өнө эртнээс уламжлагдан ирсэн өв соёлоо хадгалан хамгаалж, сурталчилж, үр хойчдоо өвлүүлж, дэлхийд ганцхан Монголынх гэж тамгалуулах 108 метр эсгий ширмэл бүтээл ийнхүү дууслаа. Мөн энэ үеэр "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-ноос тус бүтээлийг эхний байдлаар Гиннесийн дээд амжилтанд бүртгэж авахаар болсон тухай сайхан мэдээг ард түмэндээ хүргэсэнээр энэхүү бүтээл сайхан үйл амжилтаар дараагийн замдаа гарлаа.
Энэ хугацаанд та бид Монгол улсын хөгжил дэвшилд баялаг бүтээгчдийн үүрэг оролцоо их гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлж баялаг бүтээгчдээ дэмжсэн эрх зүйн орчинг бий болгож чадлаа. Бие биентэйгээ хамтран ажиллаж, шинийг эрж хайж, илүү чанартай, хүртээмжтэй, ашигтай үйл ажиллаагааны төлөө чармайн хөдөлмөрлөcөн та бүхний мөр нь цагаан, зам нь дардан байх болтугай.