Дархан-Уул аймгийн Баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөн энэ сарын 5-ны өдөр боллоо. Уулзалт зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Г.Батбаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Ганболд болон 50 гаруй баялаг бүтээгч оролцлоо.
Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчдийн анхны уулзалт зөвлөгөөн өнгөрөгч оны наймдугаар сард болсон. Анхны уулзалт зөвлөгөөнөөр салбар зөвлөлөө байгуулж, олон ажил хэрэгч саналыг гаргасан хэлэлцсэн. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын зүгээс аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлогын талаархи бүх мэдээллийг өгч, баялаг бүтээгчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат
Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчдийн хоёр дах удаагийн уулзалт зөвлөгөөн болж байна. Анхны уулзалт зөвлөгөөнөөс олон ажил хэрэгч саналууд гарч, тэдгээрийг шийдвэрлэн ажиллаж байгаа. Энэ удаагийн уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Төрийн худалдан авалт болон зарим ажлыг хувийн хэвшилтэй хамтран хийвэл орон нутгийн хөгжилд хэрэгтэй. Баялаг бүтээгчдэд тулгамдаж буй асуудлыг орон нутгийн удирдлагын зүгээс хуулийн дагуу шийдвэрлэхэд анхаарч ажиллана.
Энэ удаагийн уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна.
Дархан-Уул аймгийн Аж үйлдвэрийн паркын ТУЗ-ын дарга Н.Мөнхдаш
Дарханы үйлдвэр технологийн паркад хамрагдаж байгаа 89 аж ахуй, нэгж байна. Тухайн байгууллагуудын санал бодлыг сонсож, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах зорилт тавиад ажиллаж байна. Бидний зүгээс хөдөө аж ахуйн салбарыг түлхүү дэмжиж ажиллана. Удахгүй хөдөө аж ахуйн салбарын тал дээр бизнесийн санал, санаачлагыг танилцуулна. Төрийн зүгээс үйлдвэр технологийн парктай холбоотой хэд хэдэн чухал хууль гарсан. Эдгээр хуулиудыг ашиглаж чадвал үйлдвэр эрхлэгчид хөрөнгө оруулалтын баталгааг Засгийн газрын зүгээс гаргах боломжтой.
Төрийн зүгээс үйлдвэр технологийн парктай холбоотой хэд хэдэн чухал хууль гарсан.
"Дархан савхи" ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг
"Дархан савхи" ХХК үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн худалдан авалт буурсан. Тийм учраас үйлдвэрлэгч бидний үйл ажиллагаа доголдоход хүрч байгаа юм. Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнөөр бид тулгамдаад байгаа борлуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг ярилцах нь чухал. Үүнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо нөлөөлнө. Зөвхөн дотооддоо бус гадны орны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй.
Баялаг бүтээгчдийн зүгээс аймаг орон нутгийн удирдлагуудаас Сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт, хэмжээг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын худалдан авалтыг нэмэгдүүлэх, газрын асуудал шийдэх зэрэг асуудалд хариулт авсан юм. Дархан-Уул аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийн удахгүй нээгдэх Алтанбулагийн чөлөөт бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцох боломжтой болсоныг дуулгасан юм. Үйлдвэрлэгчид цаашид хамтран бүлэг болж ажиллах, каластрын системийг орон нутагт хөгжүүлэх аргыг судлах зэрэг олон ажлуудыг хөндөж ярилцлаа.