Монгол орны дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм баялаг бүтээгчдээ олон нийтэд танилцуулж, орон даяар сурталчилж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг Өвөрхангай аймагт ажиллалаа. Бидний томилолт Арвайхээр хотоос эхэлсэн юм.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын жижиг дунд бизнес эрхлэгчид ихэвчлэн “Сум хөгжүүлэх сан” буюу “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих” сангаас зээл авч багавтар цех нээж үйл ажиллагаа явуулж буйн зэрэгцээ тус тусдаа бие даах бус, өрх айлаараа нийлж хоршоо байгуулсан нь их ажиглагдаж байлаа.
Зээл авч багавтар цех нээж үйл ажиллагаа явуулж буйн зэрэгцээ тус тусдаа бие даах бус, өрх айлаараа нийлж хоршоо байгуулсан нь их ажиглагдаж байлаа
Тус аймагт 2008 оноос жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд жижиг дунд бизнес эрхлэгч 1098 байгаагаас 80 гаруй хувийг нь хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид эзэлж байна. Аймгийн удирдлагууд өнгөрсөн жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан нь ихээхэн үр дүнгээ өгч, ажилгүй иргэдийн тоо 30 гаруй хувиар буурчээ.
Ажилгүй иргэдийн тоо 30 гаруй хувиар буурчээ
Арвайхээр сумын баялаг бүтээгчид энэхүү төсөлд чин сэтгэлээсээ оролцож, жинхэнэ цаг үеэ мэдэрсэн ажил эхлүүлж, жижиг дунд үйлдвэрлэгчдээ үнэгүй сурталчилж өгч байгаад нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр баярлаж, талархсанаа илэрхийлснийг энд дурьдах нь зүйн хэрэг болов уу.
Ингээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын брэнд, нүүр царай болсон жижиг дунд үйлдвэрлэгчдийг алдаршуулан танилцуулж байна.
Эрүүл мэнддээ анхаарах болсон монголчууд сүүлийн үед артешок хэмээх ургамлын ид шидийг гайхан магтах болсон. Тэгвэл Арвайхээр сумын “Арцат цагаан” хоршоо” энэ ургамлыг тариалж, хүнсэнд шууд хэрэглэх боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэхүү ургамалд хаях зүйл огт байдаггүй бөгөөд үндсийг нь хүртэл бэлдмэл болгон ашигладаг аж.
Ундны усны аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хурцаар яригдах болсон өнөө үед цэвэр усны үйлдвэрүүд ч шил шилээ даран бий болсоор байна. Тэгвэл дээрх асуудалд анхаарч ажилладаг “Далай гүүр” ХХК Орхон голынхоо гүний худгаас гарган авсан байгалийн цэвэр усыг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Жижиг зах зээлээс болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй “Өндөр сант хайрхан” ХХК явган хүний замын хавтан өдөрт 1400-г үйлдвэрлэж байна. Хэрэв захиалга тогтмол орж ирж, бүрэн чадлаараа ажиллавал өдөрт 5000 ширхэг хавтан үйлдвэрлэх боломжтой хэмээн үйлдвэрийн удирдлага ярьж байсан юм.
Хүний биеийн онцлогт нь тааруулж хүссэн хэмжээ, хэв загвараар нь хувцсыг урладаг оёдлын цех бол “Ур хур”. Төрөл бүрийн загварын үндэсний дээл, жинсэн өмд, хөнжил хийдэг тус оёдлын цехийн захирал Ц.Ганаа үйл урласаар 31 жилийг ардаа орхижээ. Өдгөө гэр бүлийнхээ гишүүдийг цехдээ ажиллуулахаас гадна залуучуудыг сурган авч ажлын байраар хангадаг гэнэ.
Монголын хүнсний ууган үйлдвэр “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрээр зочилсон юм. Тус үйлдвэр Өвөрхангай аймгийн 29 сум, зэргэлдээ орших гурван аймгийн 20 гаруй сумыг хүнсний бүтээгдэхүүнээр хангадгаас гадна аймгийнхаа долоон цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт 25-38 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байна.
Харин дараагийн баялаг бүтээгч болох “Өв санаа” ХХК нь 10 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэдэг бөгөөд бялууны борлуулалтаараа аймагтаа тэргүүлдэг юм. Мөн тус хамт олон аймагтаа анх удаа талхыг зүсэж борлуулж байгаа ажээ.