“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдаад багахан хугацааг үдээд байгаа хэдий ч монголчууд тэр дундаа жижиг дунд, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдэд танигдаж, тэдэн рүү чиглэсэн олон ч үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус холбооны хоёрдугаар бага хурал амжилттай зохион байгуулагдаж хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэж, холбооны удирдах зөвлөлийн зарим гишүүдийг шинээр томилж, ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ.
Холбооны анхдугаар их хурлыг өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулж байсан. Харин энэ удааг II бага хурлаа зохион байгуулж өнгөрсөн таван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан юм. Төсөл хэрэгжиж эхэлсэн энэ хэдхэн сарын хугацаанд гэхэд нэлээдгүй ахиц дэвшил гарсан нь үйлдвэрлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэж чадах ийм төрлийн байгууллага ус агаар мэт хэрэгтэй байсныг илтгэж байлаа. Бага хурлыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн олон байгууллага ирсэн байсан нь мөн л тус холбооны үйл ажиллагаа хэрхэн эрчимжиж, нийгэм олон нийтэд танигдаж цаасан дээр буухаасаа илүү ард иргэдийн, үйлдвэрлэл эрхлэгчдийн амьдралд тусгалаа өгсөн төсөл болсоныг илтгэж байв.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад богино хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар ажил цөөнгүй хийлээ. Хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдээ олон нийтэд таниулж чадсан. Өнөөдрийн бага хурлаар мэдээж цаашид хийх олон ажлуудаа төлөвлөж байгаа байх?
-Манай ББДХ 6 дугаар сарын 27-нд Төрийн ордонд анхдугаар их хурлаа хийж Бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, бодлогын баримт бичгээ баталснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Түүнээс хойших энэ хугацаанд 21 аймаг, 80 гаруй суманд ажиллалаа. Ажиллаж байх хугацаанд баялаг бүтээгч болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа маш их асуудал байна. Нэгдүгээрт борлуулалт, хоёрдугаарт санжүүжилт, гуравдугаарт боловсон хүчин, дөрөвдүгээрт ажлын байр, тавдугаарт мэдээлэл гэх мэтчилэн асуудлууд ар араасаа урсаж байна. Тиймээс энэ тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд манай холбоо ажиллаж байна. Өнөөдөр холбооны хоёрдугаар их хуралд эх орны өнцөг булан бүрээс үйлдвэрлэл эрхэлж байгаа бага хурлын төлөөлөгчид маань хүрэлцэн ирж 2016, 2017 цаашлаад ойрын таван жилд ямар бодлогын ажлуудыг хийхээ ярилцаж байна. Манай отгон холбоо маань өнөөдөр эх орон даяар үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдийн төлөөлөл, гишүүд дэмжигчид нийлсэн 20 мянга гаруй гишүүнтэй болоод байна. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хүндрэл бий болоод байгаа цаг үед үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, энэ чухал салбарыг төр ч бодлогоор дэмжиж, монголчууд бид ч дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчид маань ч гэсэн стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, импортыг орлохуйц бараа бүтээгдэхүүнийг дэмжих зорилготойгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ажиллаж байна.
Холбооны хоёрдугаар их хуралд эх орны өнцөг булан бүрээс үйлдвэрлэл эрхэлж байгаа бага хурлын төлөөлөгчид маань хүрэлцэн ирлээ
-Өнөөдөр Баялаг бүтээгчид маань нэгдээд нэг том холбоо болчихлоо. Энэ холбоог ашиглаад томоохон ажил хийхэд төр засгийн зүгээс ямар анхаарал дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Бид анхдугаар их хурлаа хийж уриалга, зөвлөмжийг гаргасан. Тэр уриалга, зөвлөмжөө төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Мөн Аж үйлдвэрийн яамтай болсон. Бодлогын яамтай болсноороо эрх зүйн хувьд шийдвэрүүд гарч эхэлж байна. Мөн төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Мөн Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авах барааны жагсаалтыг шинэчлэн баталсан гэх мэт баялаг бүтээгчдийн талаар эрх зүйн шийдвэр гараад эхэлсэн. Баялаг бүтээгчдийг маань бодитоор дэмжих дэмжлэг, энэ гарч байгаа шийдвэрүүд хөрсөн дээрээ хэр бууж байна вэ гэдэгт манай холбоо бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа. Ер нь орон нутаг нийслэлийн баялаг бүтээгчдэд төрөөс гарч байгаа шийдвэрүүдийг богино хугацаанд хүргэх, хамтран ажиллах, тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг төрд хүргэж , төрийн бус байгууллагаараа дамжуулан шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Бага хурлын үеэр удирдах зөвлөлийн гишүүдийг сэлгэн томилсон юм.
ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн О.Мөнх-Эрдэнэ
-Гишүүдийн олонхийн саналаар ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо нь үндэсний хэмжээний том холбоо юм. Тэгэхээр надад итгэл хүлээлгэж энэхүү холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосонд баяртай байна. Сонгуулийн үйл ажиллагаа ил тод нээлттэй сайхан болж өнгөрлөө. Мэдээж удирдах зөвлөлд орж ажиллана гэдэг нь надад маш том үүрэг хариуцлага ноогдож байгаа гэдгийг ойлгож байна. Тэр дундаа би “Малчдын холбоо”-ны тэргүүний хувиар малчдынхаа дуу хоолой болж тэднийхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно гэдгээ хэлье.
ББДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Уранчимэг
-Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баяртай байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж байхад төслийн нэгдүгээр шатыг бие даан хариуцаж байсан. Одоо ингээд энэ хамт олонтойгоо эргээд ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Миний хамгийн эхний хариуцаж байгаа ажил бол Баялаг бүтээгчдийн нэгдсэн цэнгүүн ирэх сард болохоор төлөвлөгдөөд, ажлаа эхлүүлээд байна. Тиймээс нийт баялаг бүтээгч хамт олноо энэ цэнгүүндээ идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.
Баялаг бүтээгч хамт олноо цэнгүүндээ идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна
-Өвөрхангай аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийн дарга Г.Оюунчимэг
-Өмнөх бага хурлаас энэ удаагийн бага хурал юугаараа онцлог байна вэ. Холбооны ажлын үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо яг л баялгийг бүтээж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж буй нь бидэнд эцэг эхтэй болсон мэт санагдаж байна. Бид дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх зав зайгүй хөдөлмөрлөдөг учраас биднийг дэмжих ийм байгууллага гарч ирээд бүхнээ илэрхийлэх боломж ,нөхцөлийг маань бүрдүүлээд өгөхөөр үнэхээр сайхан байна.
-Сая хурлаар танилцуулж байсан шиг тус төсөлд хамрагдаад үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчид танай аймагт ч гэсэн байгаа байх?
-Байлгүй яахав. Нэвтрүүлэгт оролцож, сурталчилгаа явсанаар орлого, гүйлгээ нь нэмэгдсэн. Ингээд орлого маань нэмэгдэхээр бид хэрэгцээтэй тоног төхөөрөмжөө нэмж авах, шинэчлэх боломж гарч ирсэн. Тэр хэмжээгээр борлуулалт ч гэсэн нэмэгдсээр байна. Улс эх орон маань эдийн засгийн жаахан хүнд нөхцөлд байгаа энэ үед бидний борлуулалт нэмэгдэнэ гэдэг чинь эргээд бидний аж амьдрал, улсын татварт ч гэсэн хүч нэмэр болж байгаа шүү дээ.
Биднийг дэмжих ийм байгууллага гарч ирээд бүхнээ илэрхийлэх боломж ,нөхцлийг маань бүрдүүлээд өгөхөөр үнэхээр сайхан байна
-Сурталчилгаа явагдсанаар иргэд ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ сонгох нь нэмэгдсэн биз?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол нь л тэр болоод байгаа юм. Жишээ нь нэг дэлгүүрт ороод хятадын юм авдаг байсан бол энэнээс илүү чанартай ийм бүтээгдэхүүн байна, манайд үйлдвэрлэдэг юм байна гээд зорьж ирээд авдаг болсон.
ББДХ-ны Удирдах холбооны гишүүн Ц.Бумцэнд
-Өнөөдрийн бага хурлын сэтгэгдлээсээ хуваалцаач. Бага хурал маань ямар үр дүнтэй төгсөх бол?
-Баярлалаа. Өнөөдөр ББДХ-ны хоёрдугаар бага хуралд оролцож байна. Хоёрдугаар бага хурлаараа дүрмэндээ өөрчлөлт оруулах, удирдах зөвлөлийн гишүүн нөхөн сонгох, ирэх жилийн төлөвлөгөөгөө ярилцах гээд хэдэ хэдэн асуудлуудыг шийдвэрлэнэ.
-Холбооны удирдах зөвлөл ойрын таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулна гэж байсан. Хамгийн ойрын ажил юу байна вэ?
-Маш олон ажил төлөвлөж байна. Бодлого боловсруулж Засгийн газарт оруулах, түүнийгээ дэмжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад төрийн байгууллагууд яаж оролцох талаар санамж бичиг гаргах, гарын үсэг зурах, бүтээгдэхүүнийхээ чанарыг хэрхэн сайжруулах, зээл тусламжинд яаж хамрагдах талаар сургалт зохион байгуулах, гишүүдээ нэмж элсүүлэх, холбооныхоо санжүүжилтийг шийдвэрлэх гээд асуудлууд нэн тэргүүнд тавигдаж байна.
Зөвхөн гишүүдийнхээ хандиваар л үйл ажиллагаагаа явуулж байна.
-Завхан аймгийн салбар хорооны дарга Н.Тэгштөр
-Төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээд танай аймаг суманд гарсан өөрчлөлт юу байна. Бага хуралдаа ямар санал санаачилгатай ирсэн бэ?
-Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр манай Завхан аймагт тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүн айлчлаад салбар хороо байгуулагдсан. Тэр үед би өөрийн санал санаачилгаар салбар хорооны даргаар томилогдсон. Манай аймгийн хувьд 24 сумтай. Тэдгээр сумдууддаа төлөөлөгч, тэргүүлэгч гишүүдээ сонгох үйл ажиллагаа явагдаж байна. Мөн Завхан аймгийн хэмжээнд баялаг бүтээж байгаа иргэдийн судалгааг сум сумаар нь гаргах ажиллаагаа явуулж байна.
-Бага хуралд хэлэлцэж байгаа асуудалд ямарсанал санаачлагаа оруулж байна?
-Хамгийн гол нь салбар хороодынхоо үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл хомс, хийж байгаа ажлаа хүмүүст хүргэж чадахгүй байгаа баялаг бүтээгчдийгээ судалгаагаар маш сайн гаргаж, зорилтот бүлэг болгон дэмжих бодолтой байна.
Баялаг бүтээж байгаа иргэдийн судалгааг сум сумаар нь гаргах ажиллаагаа явуулж байна
Ирэх онд хийх ажлуудын талаар гишүүд санал хүсэлтээ илэрхийлсэнийг хүргэж байна.
-Говь-сүмбэр аймгийн салбар хорооны дарга Д.Отгонбаяр
-Орон даяар салбар хороодынхоо дэргэд сүлжээ дэлгүүрүүд байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг байвал зүгээр санагдсан. Хоёрдугаарт орон нутгийн байгууллагууд төрийн байгууллагатай хамтран, гэрээ хэлцэл хийгээд үзэх хэрэгтэй. Мөн Монголд хамгийн түрүүнд үйлдвэрлэж болохуйц бараа бүтээгдэхүүний технологи судалгааг хийж, гишүүддээ санал болговол зүгээр гэж бодож байна. Энэ ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэх холбооны дэргэдэх сантай болох санал байна. Мөн Монгол оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх төсөл боловсруулж, иргэдийн сэтгэлгээнд суутал мэдээллийн хэрэгслээр цацах боломж байгаа болов уу.
Орон даяар салбар хороодынхоо дэргэд сүлжээ дэлгүүрүүд байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг байя
-Ховд аймгийн салбар хорооны дарга н.Эрдэнэчимэг
-Гурван талтад орсон үйлдвэрчний холбооны төлөөллүүд зарим аймгуудын Засаг даргын зөвлөл болон жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөллүүдэд орчихсон явж байдаг. Тиймээс бид олуулаа байгаа учраас гурван талтад орох нь зүйтэй гэж бодож байна. Хоёрдугаарт бид баялаг бүтээгчдийг дэмжье гэсэн уриатай байгаа. Гэхдээ одоо илүү их хандлагыг дээшлүүлэх, үйлдвэрлэгчдийн цөсийг нь хөөргөсөн “Брэнд” уриатай болвол яасан юм бэ гэж бодож байна. Гуравдугаарт бүсийн татварын хөнгөлөлт дээр анхаарч чадвал хол хязгаар нутагт бизнес эрхэлж байгаа хүмүүст ихээхэн дэмжлэг болж үйлдвэрлэлд нь үр дүнгээ өгөх юм шиг санагдаж байна.
“Брэнд” уриатай болвол яасан юм бэ гэж бодож байна
-“Далай оч” ХХК-ийн захирал В.Алтангэрэл
-2016 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал хэлмээр байна. Бид 2016 онд хамгийн түрүүнд холбооны татварыг татан төвлөрүүлснээр тус ондоо хийгдэх хоёр дахь ажил эхлэх боломж нээгдэх юм. Харин хоёр дахь санал бол аймаг салбар хорооны байртай болох хүсэлт байна. Тиймээс эхний ээлжинд аймаг сумдын Засаг даргын байранд нэг өрөө гаргаж өгөх санал хүсэлтийг холбогох газар нь мэдэгдэх ёстой гэж бодож байна.
Хамгийн түрүүнд холбооны татварыг татан төвлөрүүлснээр тус ондоо хийгдэх хоёр дахь ажил эхлэх боломж нээгдэх юм
-“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал, ББДХ-ны ТУЗ-ийн гишүүн Б.Батдэлгэр
-Хүмүүс ер нь өөрт ашигтай гэсэн рүүгээ хошуурч, сумандаа ашигтай ажиллаж байсан үйлдвэрлэгчдээ хаагаад дахин ижил бизнес рүү хөл тавьчихдаг. Тэгэхээр аймаг сумдын салбар хороодын дарга нар каластрын системийг сайн ашиглах хэрэгтэй юм. Тиймээс энэ системээр явж бие биенийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тусалдаг байгаасай гэж хүсэж байна. Нэг жишээ дурдахад Солонгосын “Хьюндай” компани 4000 гаруй жижиг үйлдвэрлэгчдээс техник хэрэгслээ татаж, нэг машинаа гаргадаг байгаа юм. Тэгэхээр бид нэгнээ дэмжсэн энэ систэм рүү шилжих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тиймээс бидний 2016 онд хэрэгжүүлэх эхний ажил энэ байгаасай гэж хүсэж байна.