“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан, таниулж буй. Энэ удаа төслийн баг Хан-Уул дүүргийн баялаг бүтээгч “Монгол нэхмэл” ХХК-г танилцуулж байна. Тус компани нь хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Ингээд “Монгол нэхмэл” ХХК-ийн захирал Р.Энхболдтой ярилцлаа.
- Хөнгөн аж үйлдвэрийн анхны суурийг тавьж байсан “Монгол нэхмэл” компанийн түүхийг эргэн сөхөхгүй юу?
- “Монгол нэхмэл”ХХК нь 1934 онд байгуулагдсан нэхмэлийн анхны үйлдвэр. Анх цэмбэний үйлдвэр нэрээр суурь нь тавигдаж 80 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олон уламжлалт түүхий эд болох хонины ноосоор төрөл бүрийн бэлэн хувцасыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Цаашид шинэ технологи нэвтрүүлж үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.
“Монгол нэхмэл”ХХК нь 1934 онд байгуулагдсан нэхмэлийн анхны үйлдвэр
- Үндсэн ямар чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа вэ?
- Мэдээж нэхмэлийн ууган үйлдвэрийн хувьд нэхмэл бүтээгдэхүүнийг гол чиглэлээ болгон ажилладаг. Мөн сүлжих үйлдвэрийг өргөжүүлсэн бөгөөд оёдлын цехийг ч шинээр байгууллаа.
Нэхмэлийн ууган үйлдвэрийн хувьд нэхмэл бүтээгдэхүүнийг гол чиглэлээ болгон ажилладаг
- Танай компани Монголынхоо баялгийг ашиглаж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ чиглэлээр үйлдвэрлэлээ эхлэхэд зах зээл нь хэр нээлттэй байсан бэ?
- Социализмийн үед төлөвлөгөөт эдийн засгаар явж байсан учир бүтээгдэхүүнээ борлуулалтын бэлэн зах зээл рүү нийлүүлдэг байв. Хуучин жилдээ нэг сая 200 мянган метр даавуугаар олон төрлийн нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Тухайн үед социалист орнууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ утгаараа тодорхой хэмжээний зах зээл байсан гэж хэлж болно. Ийнхүү зах зээлд шилжсэнээс хойш нэхмэлийн салбар уналтад орсон. Харин одоо сэргэж эхэллээ. Тэр тусмаа иргэд малын гаралтай түүхий эдээр буюу органик бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхолтой болжээ. Тиймээс дэлхийн чиг хандлага ч тэр зүгт чиглэж байна.
- Монголчууд дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх тал дээр хойрго ханддаг бол гаднынхан худалдаж авах дуртай байдгийн шалтгаан юу юм бол?
- Мэдээж энэ бол тодорхой шалтгаануудтай. Миний ойлгож байгаагаар зах зээлийн шилжилтийн үед ихэнх үйлдвэрүүд уналтад орсон. Тэр үеэс иргэд бүтээгдэхүүнийг голонгүй байдалтай хүлээж авч байгаа нь ажиглагдсан. Харин үйлдвэрүүд сэргээд бүтээгдэхүүний чанар сайжраад ирэхээр асуудал өөрөөр яригдах ёстой. Монгол Улсад үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг гаднын иргэд сонирхох нь гарцаагүй. Гэхдээ монголчууд сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өргөнөөр хэрэглэдэг болсон.
Монголчууд сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өргөнөөр хэрэглэдэг болсон
- Компанийнхаа ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
- Компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж байна. Энэ нь ганц манай компаниар хязгаарлагдахгүй. Нийт малын гаралтай түүхий эдээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нийт хөнгөн үйлдвэрийн ирээдүй өөдрөг байгаа. Учир нь хэрэглэгчид химийн найрлагатай түүхий эдээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх болсон. Тиймээс малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг дэлхий нийт хүсэж байна.
Хэрэглэгчид химийн найрлагатай түүхий эдээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх болсон
- Нэхмэлийн салбарт өрсөлдөгч их. Зах зээлд эзлэх хувийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
- Манай компани нь өмнө нь зөвхөн хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо технологио сайжруулан сарлагийн хөөврийг ноолуурын хэмжээнд боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн тэмээний ноосоор сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоогоор манай компани зах зээлээ бүрэн эзлээгүй байгаа ч цаашид зорилгодоо хүрч бүтээгдэхүүнээ экспортлох чиг барьж ажиллаж байна.
Зах зээлээ бүрэн эзлээгүй байгаа ч цаашид зорилгодоо хүрч бүтээгдэхүүнээ экспортлох чиг барьж ажиллаж байна
- Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
- Баярлалаа танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.