Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК” ХХК-ийн хийт бетоны үйлдвэртэй танилцлаа. Барилга, байгууламжын түүхий эд болох хийт бетоныг эх орондоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг жишгээр тус үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэж байна.
Хийт буюу евро блокийн талаар “МАК” хийт, бетоны үйлдвэрийн дарга Д.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-Блокны олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Танай үйлдвэрийн ялгарах гол онцлог нь юу вэ?
-Манай үйлдвэр Герман технологи буюу европ стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Манай үйлдвэрийн давуу тал нь бүрэн автомат учраас хүний оролцоо бага, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар европ стандартад нийцсэн байдаг.
-Хийт бетон буюу евро блокийн онцлогийн талаар дурдвал?
-Өндөр хэмийн даралтат уурын сав буюу Автоклаваар боловсруулсан хийт бетон нь 1924 онд Швед улсад бий болж, Европт төдийгүй дэлхийн олон оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг барилгын материал болон тархсан. Манай компани ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж Евро Стандартын шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. “Евроблок” нь хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой, хүн болон байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм.
-Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас барилгын дулаан хадгалалт чухал. Дулаан хадгалах чадвар сайн гэлээ шүү дээ?
-Хүйтэн сэрүүн уур амьсгалтай учраас барилгын дулаан хадгалалт чухал. Манай үйлдвэрлэж буй блок энгийн тоосгоноос 3-5 дахин дулаан учир халаалт, хөргөлтийн зардлыг хэмнэнэ. “Евроблок”-ийн 40 см-ын зузаантай хана нэмэлт дулаалгын материал хэрэглэхгүйгээр дулаан хадгалах үзүүлэлтийг бүрэн хангаж чадна.
-Бетоны найрлагад ямар төрлийн элементүүд ордог вэ?
-Хийт бетоны найрлагад кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог.
Хийт бетоны түүхий эд кварцын агууламжтай элс, гөлтгөнө
-Бүтээгдэхүүнээ ямар газруудад нийлүүлж байна вэ?
-Хийт бетоныг сургууль, цэцэрлэг, орон сууцанд ашиглах бүрэн боломжтой. Бид бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Дорнод, Сэлэнгэ, Архангай зэрэг аймгуудад нийлүүлж байна.
-Евро блокийг эко бүтээгдэхүүн гэж нэрлээд байгаа. Энэ ямар учиртай вэ?
- Учир нь евро блокийн найрлагад химийн ямар нэгэн хортой нэгдэл агуулаагүй. Тийм учраас хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
Блок бол барилга, орон сууцны хамгийн гол дүүргэгч материал юм. Блок чанартай бол, дулаан, дуу чимээ гээд олон асуудлыг шийдвэрлэж болохыг "МАК" ХХК-ийн инженерүүд хэлж байсан юм. Евро блок материалын орц найрлага, технологийн шугам, дамжлага нь бүрэн автоматчилагдсан учраас хүнээс хамааралтай аливаа хүчин зүйлийг арилгаж чаджээ. Евроблок нь угсрахад хялбар, өөгүй тэгш хэмжээсийг барих боломжийг бүрдүүлж 1,5 мм-ээс нарийвчлалтай зүсэлтийг хийдэг. Гаднын дуу чимээг тусгаарлахын тулд сүвэрхэг мөн вакуумжсан хийт бөмбөлөгийг блокийн найрлаганд оруулж өгчээ.
Барилгын салбар эрчимтэйгээр хөгжиж байгаа энэ үед баялаг бүтээгчид материалаа эх орондоо үйлдвэрлэхийг хичээн ажиллаж байна. Энэ байгууллагуудын төлөөл бол "МАК" ХХК-ийн хийт бетоны үйлдвэрийн хамт олон. “Хесс ААС Системс” системийг эх орондоо нэвтрүүлснээр дэлхийн стандартад нийцсэн техник, технологийн дагуу үйлдвэрсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байна гэсэн үг. “Хесс ААС Системс” нь 30 жилийн өмнөөс хийт бетоны зах зээлд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний болон түүний нийлүүлэх чиглэлээр дагнан ажиллаж ирсэн ба зах зээлдээ тэргүүлэгч нь юм. Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 40 гаруй улсад үйлдвэрийн шугамыг угсарч суурилуулж өгсөн. Автоклавт хийт бетон болон сликат тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн “Ноу-Хау” эзэмшин тоног төхөөрөмжөө байршуулсан үйлдвэрүүдэд түүнийгээ шилжүүлдэг. Тус компанийн нийлүүлдэг тоног төхөөрөмж нь Европын EN баталгаат хяналтын стандартыг хангасан байдаг.