Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт "ТАСО" ХХК-ийн хамт олныг тах бүхэнд танилцуулж байна. Уг компани импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготойгоор 2012 онд байгуулагджээ.
БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай нутагшуулж олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пум, дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай зэргийг үйлдвэрлэх технологийг бүрэн эзэмшиж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна.
"Тасо" ХХК-ийн захирал Т.Отгонбаяр
-Танай компани хэзээ байгуулагдсан бэ?
-Манай компани 2012 онд барилгын бүрэн цутгамал хийцэд олон удаа ашигладаг хэв хашмалыг үйлдвэрлэж эхэлсэн. Анх импортоор оруулж ирээд түрээслэх үйл ажиллагааг явуулж байгаад угсарч үйлдвэрлэх болсон. 2013-2014 оны хооронд техник технологийн шинэчлэлийг хийж эх орондоо нутагшуулж чадсан.
-Барилгын хэв хашмалыг эх орондоо үйлдвэрлэх санааг хаанаас олж авсан бэ?
-2011 онд Тэрэлжэд явж байгаад хоёр баригдаж байгаа барилгыг анзаарсан. Нэг нь хар панеер, нөгөө нь хэв хашмалаар баригдаж байсан. Хэв хашмалаар баригдсан барилга илүү хурдан хугацаанд баригдаж дууссаныг өөрийн нүдээр харсан. Барилгыг илүү түргэн хугацаанд барих боломжийг бүрдүүлж байгаа хэв хашмалыг эх орондоо үйлдвэрлэхээр зориг шулуудан 2012 онд ажлын гараагаа эхэлж байлаа.
-Манай улсад хэв хашмалын анхны үйлдвэрийг байгуулаад гурван жил болсон гэлээ. Энэ бол барилгын салбарт томоохон дэвшил байж чадсан болов уу?
-Манай хамт олны зориглож хийсэн ажил Монгол улсын барилгын салбарт шинэ үүд хаалгыг нээж өгч чадсан гэж хувьдаа боддог. Бүрэн цутгамал хийцийн технологи манай улсад нутагшиж чадсан. Олон залуус Солонгос улсад ажиллаж шинэ технологийг сураад ирсэн. Технологийг нь сураад ирсэн хүмүүст дутагдаж байсан зүйл нь үндэсний хэмжээний үйлдвэр. 100 хувь импортоор орж ирдэг байсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэнэ гэдэг нь олон сайн талтай.
-Хэв хашмалыг импортоор оруулж ирээд түрээслэдэг компаниуд байдаг. Дотооддоо үйлдвэрлэхэд зах зээлийн байдал ямар түвшинд байна вэ?
-Монгол улс 2008 оноос хойш хэв хашмал олноор импортолж оруулж ирсэн. Одоо ч тэр хэв хашмалыг барилгын компаниуд ашиглаад явж байгаа. Харин хэв хашмалыг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээр импортын бүтээгдэхүүний тоо буурч эхэлсэн. Дотоодын зах зээлийг ихэнхи хувийг манай үйлдвэр нийлүүлж байгаа.
-Түүхий эд, материалыг хаанаас оруулж ирдэг вэ?
-Түүхий эд, материалыг импортоор оруулж ирдэг. Учир нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд татаж чадсангүй. Суурь орцоо өөд татаж чадаагүй учраас эдийн засаг сэргэж чадахгүй байна. Төрийн удирдлагууд буруу бодлого барьж ажилласан учраас манай улс суурь бүтээгдэхүүний гаднаас импортолдог. Булан, лист төмрөө эх орноосоо авах боломжтой хэдий ч үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого дутагдаад байна.
-Үндэсний үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй гэлээ. Үүнийг хөгжүүлэх ямар гарц байгаа вэ?
-Хамгаалалтын бодлогоор үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй орнууд зөвхөн энэ бодлогыг баримталж ирсэн байдаг. Үндэсний үйлдвэрлэл гэдэг сэтгэлгээг хүмүүсийн тархинд суулгахын тулд төрийн бодлого, зохицуулалт хамгийн чухал.
-2015 оноос эдийн засгийн хямрал бий болсон гэж яриад байгаа. Энэ үзэгдэл танай компанид нөлөөлж байна уу?
-Манай үйлдвэр 2013-2014 оны хооронд техник, технологийн шинэчлэл хийж тодорхой хэмжээнд ашигтай ажилласан. Харин энэ жилийн хувьд гадаад хүчин зүйлсээс шалтгаалан эдийн засаг суларсан. Борлуулалт 2014 онтой харьцуулахад буурсан. Хямралыг бололцоо болгох тактикыг боловсруулахын төлөө ажиллах нь чухал.
Тасо хэв хашмалын үйлдвэр үндсэн дөрвөн дамжлагаас бүрддэг байна. Төмрийн бэлдэц, гагнуур, будаг, угсрах дамжлагатай. Дотор болон гадна булан, барилгын болон захиалгын хэв хашмал, холбоос төмрийг үйлдвэрлэж байна. Өдөртөө том хэмжээгээр 400-500, бага хэмжээгээр 700-800 ширхэг хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэв хашмалыг стандартын дагуу зургаан төрлийн хэмжээгээр үйлдвэрлэдэг ба ботор буланг захиалгын дагуу хүссэн хэмжээгээр хийж өгдөг.
"Дельта Эврист" ХХК-ийн захирал н.Баярбат
Манай компани барилгын угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Бидний хувьд хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн нь барилгын хэв хашмал байдаг. Урьд нь хэв хашмалыг Солонгос улсаас импортоор авдаг байсан бол 2012 оноос эх орондоо чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа “Тасо” компанийн бүтээгдэхүнийг ашиглах болсон. Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэснээр цаг хугацаа, зардал мөнгө гээд олон зүйлийг хэмнэх сайн талтай.
Хэв хашмал чанаргүй бол барилга чанарт нөлөөлж цүлхийж, задардаг. Харин энэ бүх эрсдэлийг үгүй болгож чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаа нь “Тасо” ХХК-ийн хамт олон юм.